Д.Дэлгэрсайхан: Ханшийг хүчээр барих нь эдийн засгийг эмзэг болгодог
Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол банк валютын ханшаас болж шатахууны үнэ нэмэгдээгүй гэсэн мэдэгдэл гаргасан ч импортлогчид үнээ дорвитой буулгасангүй. Энэ тал дээр Төв банкны үгийг сонсохыг хүссэн хүмүүс олон байгаа байх?
-Нэгэнт тодорхой болсон асуудал шүү дээ. Импортоор оруулж ирдэг барааны борлуулалтын үнэд барааны хилийн үнэ, импортын татвар, валютын ханш, уг барааг хэрэглэгчдэд хүргэх зардал, борлуулагчийн ашиг гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдгийг бүгд мэднэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ бүгдийг судлаад ханшийн сулралт нь шатахууны үнийн өсөлтийн гол шалтгаан болоогүй байна гэдгийг тогтоосон байгаа. Тиймээс ханш эргээд чангарлаа гээд хилээр оруулж ирж байгаа үнэ өндөр хэвээр, ногдуулдаг татвар хэвээр байхад үнэ дорвитой буухгүй болов уу. Одоо Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, улсын нөөцийн агуулах шинээр барих, шаардлагатай тохиолдолд татварын онцгой арга хэмжээ авах зэрэг боломжийг судалж эхлээд байгаа мэдээлэл байна.
-Шатахуун импортлогчдын заримынх нь хувьд валюттай харилцах мэдлэг, мэдээлэл, идэвхтэй хандлага дутагддаг гэсэн үг мэргэжлийн зарим хүний амнаас унаж байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Мэдлэг дутагддаг гэдэг тал дээр санал нийлэхгүй. Өнөөдөр мянга мянган шилдэг, боловсролтой залуус хувийн хэвшилд ажиллаж байна. Харин ханшийн эрсдлээ бууруулах талаар идэвх, санаачилга сул байгаа тал ажиглагддаг. Монголбанкны хувьд санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглаж, ханшийн эрсдлээ бууруулах боломж, нөхцөлийг хоёр жилийн өмнөөс бүрдүүлсэн. Гагцхүү иргэд, аж ахуйн нэгжүүд энэ үүсмэл хэрэгслүүдийг идэвхтэй ашиглаж сурах хэрэгтэй байна. Бид энэ чиглэлээр удаа дараа сургалт, семинар зохион байгуулж ирсэн. Хамгийн сүүлд гэхэд л шатахуун импортлогч нарт зориулаад “Ханшийн эрсдэлээс хамгаалах своп, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах нь” сэдэвт дөрөв дэх удаагийн сургалтыг энэ даваа гаригт зохион байгуулсан.
-Ер нь ханш яагаад сулраад байна?
-Тэгэхээр сүүлийн хоёр жилийг аваад үзье. 2010 оны хувьд эдийн засаг хямралаас хурдан сэргэж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэн валют их хэмжээгээр орж ирсэн. Нөгөө талаас уул уурхайн төслүүдийн ажил эхний шатандаа, хүмүүсийн хэрэглээ ч харьцангуй бага байснаас ам.долларын эрэлт бага байсан. Иймд учраас ханш 13 хувиар чангарсан. Өнгөрсөн жилийн хувьд эдийн засаг 17 хувиар хурдацтай өссөн, уул уурхайн төслүүдийн ажил жигдэрч, Засгийн газар, иргэдийн хэрэглээ ч хурдацтай тэлсэн. Ийм нөхцөлд орох урсгал нь хэвээр байсан ч гарах урсгал ихтэй байснаас ам.доллар эрэлт нэмэгдэн ханш 11 хувиар суларсан. Тэгэхээр бид орлогоо яаж зарцуулна, ханш тэгж л тогтоно гэсэн үг. Монголбанкнаас, зөвхөн Монголбанкаас ч биш олон улсын байгууллагуудын зүгээс гадаад эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа энэ нөхцөлд төсвийн хэт тэлэлт нь макро эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгож болзошгүй байна, төсвийн алдагдлаа багасгаач гэсэн саналыг УИХ, Засгийн газарт байнга хэлж ирсэн. Харамсалтай нь төсөв данхар, бэлэн мөнгө тараасан хэвээр л байна. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, ийм эрсдэл байна шүү гэж хэлж байхад зарим улстөрчид, олон нийтийн байгууллагууд өөрсдийн асуудал биш мэт чимээгүй л байсан. Харин болзошгүй эрсдэл нь бодит байдал болоод ирэхээр буруутныг бусдаас хайдаг хэвээр л байна.
-Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод ханш суларлаа ч гэсэн Монголбанк ямар нэгэн арга хэмжээ авч байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав, яг энэ бодлогоо УИХ-аар батлуулаад хэрэгжүүлдэг. Монголбанкны зүгээс нэгдүгээрт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь зах зээлийн суурь хүчин зүйлстэйгээ нийцтэй уян хатан тогтож байх, хоёрдугаарт, богино хугацаанд эрэлт, нийлүүлэлт хэт их зөрүүтэй, зах зээл түүнийг хурдан зохицуулж чадахгүй эсвэл хүлээлтийн эрс өөрчлөлтөөс ханш огцом хэлбэлзэх үед интервенц хийх гэсэн маш тодорхой бодлогыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, ханшийн эдийн засгийн нөхцөлийнхөө дагуу сулрах, чангарах процессийг огцом явагдах үед зөөлрүүлдэг гэсэн үг. Энэ зорилгоор сүүлийн гурван сарын хугацаанд нийт 300 гаруй сая ам.долларыг захад нийлүүлж, ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлсэн.
-Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа. Тэгэхээр ханшийг доош нь буулгаж болохгүй юу?
-Ханшийг хүчээр чангаруулах, тогтсон түвшинд барих нь ханшийн хямралд хүргэдэг гадна, дотнын гашуун туршлага бий. Та бүхэн санаж байвал 2008 онд бид яг энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж оролдоод эцэст нь ханш 34 хувиар огцом суларсан түүх бий. Зарим хүмүүс хэлдэг, та нар хангалттай нөөцтэй гэж. Эдийн засаг хурдацтай өсч байгаа, гадаад зээлийн хэмжээ эрс нэмэгдсэн, гадаад нөхцөл тодорхойгүй энэ нөхцөл одоогийн 2.4 тэрбум ам.доллар нь ханшийг тодорхой түвшинд барихад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Харин ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэхэд хангалттай нөөц гэж хэлж болно. Тиймээс бидний бодлого онолын хувьд, бодит нөхцөл байдлын хувьд ч оновчтой гэж хэлж болно. Иргэдийн амьжиргааг хамгаалахын хувьд, Монголбанкнаас мөнгөний бодлогоороо дамжуулан инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж худалдан авах чадварыг нь хадгалдаг, Засгийн газраас төсвийн бодлогоороо дамжуулан амьжиргаа түвшин доогуур иргэдэд чиглэсэн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, худалдан авах чадварыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр ханшийн уян хатан бодлого нь инфляцийг нам түвшинд байлгах нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас бид иргэдийн амьжиргааг хамгаалж л байна гэсэн үг.
-Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооноос ханшийг өмнөх түвшинд хүргэх арга хэмжээг авах саналыг Монголбанкинд хүргүүлнэ гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ талаар таны бодол ямар байна?
-Эдийн засагчийн хувьд энэхүү санал нь зарчмын хувьд хүлээн авах боломжгүй, эдийн засагт ихээхэн хохиролтой бодлогын хувилбар. Яагаад гэвэл нэгдүгээрт хүчээр ханшийг чангаруулах, барих нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, эдийн засгийг маш эмзэг болгодог, хоёрдугаарт энэ бодлогыг хэрэгжүүлэхэд валютын нөөц хүрэлцэхгүй, гуравдугаарт эдгээр нь дотоод, гадаад эрсдэлтэй нийлээд эдийн засгийн хямралд хөтөлдөг, энэ талаар бидний 2009 онд даван туулсан гашуун туршлага ч байна.
Ц.БААСАНСҮРЭН
URL:













