Түнтгэр багш
Манай сургууль 2000-аад сурагчтай. Бага ангийн хичээлийн эрхлэгч Түнтгэр гэж, хүүхэд бүрийг овог нэрээр нь дууддаг багш байх. Яагаад ч юм бэ, нэрийнхээ өмнө овгоо дуудуулахаар ямар ч сахилгагүй жаал нам болдог сон. Одооны сурагчид тийм дүрсгүй байгаа болов уу, бас дүрсгүй мөртлөө тийм даруулгатай байгаа болов уу?
Наймдугаар ангид нөгөө багш маань монгол хэл, уран зохиолын хичээл заахаар орж ирэв ээ. Гуравдугаар анги төгссөнөөс хойш Түнтгэр багштай бараг тааралдаагүй шиг. Бидний төрх ч танигдахааргүй хувирсан л байлтай. Гэтэл таван жилийн өмнөх шигээ л бүгдийг маань овог нэрээр дуудаастай.
Монгол хэлний хичээл дээр голчлон үгзүй, авиазүй, өгүүлбэрзүйн задаргаа хийдэг байлаа. Түнтгэр багш өгүүлбэр задлах их дуртай. Нүдний шилээ авч нэг гуяыг нь амандаа зуугаад, “За, энэ өгүүлбэрийг яаж задлах вэ хө?” гээд л байж болох бүх хувилбараар нь үзнэ дээ. Надад тэрхүү өгүүлбэрийн задаргаа математикийн бодлого шиг л санагддаг сан.
Өгүүлбэр задлахынхаа өмнө сайн уншиж, мөнөөх өгүүлбэрийг ямар зохиолоос авсан болохыг асууж, бид мэдэхгүй байвал өөрөө хариулна. Өгүүлбэр бүрийн утгыг шүүн давхар цэгнэж үзнэ.
-“Хөхөө өвлийн хүйтэн хөр цасны хайруу хүйтэн сэрүүн цагт хүний мөс танигдана”. Үгүй ээ мөн хачин өгүүлбэр оруулж дээ, энэ их сургуулийн багш нар энэ “Уралдаант шалгалтад бэлтгэх гарын авлага” гээч номондоо. Зөвхөн хүйтэн сэрүүн цагт хүний мөс танигдана ч гэж юу байх вэ дээ? Хүний мөс чанарыг хэдийд ч таньж болно. Халуун дулаан цагт хүний чанар нуугдчихдаг юм биш… гэхчлэн ярьж гарна даа.
Бас нэг удаа “Хүрэн царайтай говийн хүмүүс хүний ясаар сайн билээ” гэдэг өгүүлбэр таарахад:
-Хүний сайн муу байхад царайны өнгө ч уг нь хамаагүй л дээ. За, яахав, үүнийг та нар өөрсдөө л санаад авчихаарай. Одоо өгүүлбэрээ задалцгаая гэж билээ.
Энэ мэт яриа нь надад л лав маш их зүйл ойлгуулсан шүү. Уран зохиолын хичээлийг Түнтгэр багш шиг заадаг хүн байхгүй. Наймдугаар ангийн намар анхны хичээл дээр л сурах бичиг сөхөж баахан харснаа:
-Пээ, ямар сайхан хөтөлбөр вэ! Явуухуланг үзэх юм байна шүү дээ! Ямар азтай хүүхдүүд вэ, та нар! хэмээн дуу алдаад, нүдээ анин:
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан.
Мөнхийн рашаан уусан юм шиг
Танхил чамтай амьдрах сан…
Ямар вэ дээ? Ингэж л бичдэг яруу найрагч шүү дээ, Явуухулан гэдэг чинь! гэсэн сэн.
Наймдугаар ангийн жаалуудад тийм гоё хайрын шүлгийг багш хүн нүдээ аньж байгаад уншихаар өөрийн эрхгүй л яруу найраг, Явуухулан гэсэн содон үгсийн ховсод автчихдаг юм билээ. Тэгж сайхан догдлуулж аваад л,
-За, хичээлдээ орцгооё. Явуухулан үзэх гэж байгаа хүүхдүүд жаахан бэлтгэл хийхгүй бол болохгүй. Өнөөдрийн сэдэв бол Гэсэрийн тууж юм байна… гэх жишээтэй.
Түнтгэр багш уран зохиолын хичээл бүрийн өмнө “За, Явуухуланг үзэх гэж байгаа хүүхдүүд…” хэмээн яриагаа эхэлдэг тул Явуухулан гэдэг нь ид шидийн ойлголт болоод миний сэтгэлд суучихаж билээ. Тэгж тэгж хавар нь мөнөөх Явуухулан нь орлоо. “Тэхийн зогсоол” байл уу, “Дэлхий” найраглал ч байсан бил үү… Хичээлийн төгсгөлд:
-Манай хөтөлбөрөөр бол ийм л хэмжээнд үзэх юм. Гэхдээ та нар өөрсдөө заавал дэлгэрүүлж уншаарай гээд “Би хаана төрөө вэ?”-гээс “Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээх бадгийг нь уншаад, -Ийм л яруу найрагч даа. Ээ дээ, Явуухуланг уншилгүй нэг ч өдөр алдаж огт болохгүй шүү! гэж билээ.
Дараагийн хичээл эхлэхэд Түнтгэр багш сурах бичиг сөхсөнөө:
-За, Явуухуланг үзчихсэн хүүхдүүд ч шал өөр болчихсон доо. Өнөөдрийнх бас их сонирхолтой сэдэв юм… гэхэд нь бид үнэхээр л ямар нэгэн онцгой зүйлийг мэдрээд гарчихсан хүмүүс шигээр өөрсдийгөө төсөөлж суусан даа…
URL:




