Д.Сандаг-Очир: Гэмт этгээд буугаа төмөр замын гарцны ойролцоо нуусныг олсон

-ОНЦ НОЦТОЙ ХЭРГИЙГ ТӨЛӨВЛӨН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙГ ТОГТООСОН-

Налайх дүүрэгт байрлах “ХААН” банкны салбарт галт зэвсэгтэй этгээд нэвтэрч, хоёр иргэнийг буудсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генералД.Сандаг- Очироос тодрууллаа.

-”ХААН” банкинд буудуулсан иргэдийн нэг нь нас барлаа. Хэргийн талаар тодруулах гэсэн юм?

-Онц хүнд гэмт хэрэг гарсны улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсч байна. Хохирогчийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд Цагдаагийн байгууллагын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Хэргийн улмаас хохирсон иргэдэд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлсэн боловч харамсалтай нь хохирогч Б өнгөрсөн баасан гаригийн 18.00 цагийн орчим нас барсан.

-Цагдаагийн байгууллагад хэргийн талаарх мэдээлэл хэдэн цагт ирсэн бэ. Гэмт этгээдийг хэр хугацааны дараа саатуулсан юм бол?

-Налайх дүүргийн “ХААН” банкны салбар дотор хоёр хүнийг буудсан хэрэг гарлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 03-ны 11.15 цагт ирсэн.

Дуудлага ирүүлсэн даруй Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг албаны бэлэн байдалд шилжүүлж, хэргийн газарт ажлын хэсэг шуурхай очиж шалгахад, 44 настай иргэн Б-гийн хэвлийн тус газар, иргэн А-гийн гарыг нь буудаж гэмтэл учруулсан байсан. Мөн гэмт этгээд хэргийн газраас зугатаасан байв. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Онц, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсгийг хэргийн газарт томилон ажиллууллаа.

-Гэмт этгээдийг Улаанбаатар орох замд саатуулсан гэж сонссон. Сэжигтэн яагаад ийм хэрэг үйлдэх болсон юм бол?

-Гэмт этгээд машинаар Нийслэл хот руу зугтаасныг цагдаагийн холбогдох алба, газар, нэгжүүдэд мэдээлж, хаалт тавьсан. Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт орших “Ургах наран” хорооллын орчимд 11.50 цагт баривчлан саатуулсан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай, эрэгтэй Б гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна.

-Гэмт этгээд энэ хэргийг ямар зорилгоор үйлдсэн, буу хаанаас авсан юм бол?

-Гэмт хэргийн сэжигтэн этгээд шунахайн сэдэлтээр урьдаас төлөвлөн бэлтгэж, зохион байгу-лалттай үйлдсэн байж болзошгүйг мөрдөн байцаалтаар тогтоогоод байна. Сэжигтэн Б нь Дархан-Уул аймгийн харьяат Улаанбаатар хотод түр оршин суух Э гэгчтэй хамт Чех улсад үйлдвэрлэсэн 7.64 мм-ийн карбин бууг бусдаас худалдан авчээ. Улмаар бууныхаа хэлбэр дүрсийг өөрчилсөн байна. Б гэмт хэргийг үйлдэхдээ Интернет ашиглаж, машин хөлслөхөөр жолоочтой нь тохирч, гэмт хэрэг үйлдэх газраа у рдаас төлөвлөсөн байсныг тогтоосон.

Гэмт этгээдийг барихад ажлын хэсэг маш шуурхай ажилласан. Сэжигтэн Б нь оргон зугтах замдаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буугаа Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт орших төмөр замын нүхэн гарцны ойролцоо хунгар цасанд нуусан байсныг үзлэгээр илрүүлж, эд мөрийн баримтаар хурааж авсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бууныхаа хэлбэр дүрсийг өөрчлөн зарим эд ангийг нь Чингэлтэй дүүргийн нутагт орших нийтийн бие засах газрын орчим нуусныг илрүүлж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай, Сонор сэрэмжтэй ажиллаж, гэмт этгээдийг дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас өмнө гэмт үйлдлийг нь таслан зогсоож, аюулгүй болгон богино хугацаанд эрсдэл гаргалгүй баривчилж ажиллалаа.

Энэ байдлаас үзэхэд аливаа гэмт халдлагаас урьдчилан сэргийлж банк, санхүүгийн байгууллагууд болон бэлэн мөнгө ихээр хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагууд сонор сэрэмж, харуул хамгаалалт, зохион байгуулалт, хариуцлагаа дээшлүүлж, теле камер, дохиоллын нэгдсэн системд хамрагдах шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Мөн “Галт зэвсгийн тухай” хуулийг боловсронгуй болгох, галт зэвсэг эзэмших зөвшөөрөл олгох хуулийн шаардлагыг өндөрсгөх хэрэгтэй байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Өмнөх мэдээллийн ЭНДЭЭС үзнэ үү.

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих