Хятад, Энэтхэгийн дефолт Ази тивийг хямраана
- Ази тивийн зарим эдийн засгийн өсөлтийн эрч саарах хэрээр мөнгөний бодлого чангарах нь компаниудад хүнд тусдаг боллоо. Дефолт ихэссэн нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, эрсдэлтэй компаниудын зээл авах боломжийг үгүй хийнэ
- Шинэ онд Хятадад төрийн тусламж багасаж, Энэтхэгт өр зээл их хэмжээгээр өсөх төлөвтэй.
БНХАУ, Энэтхэгт компаниудын өр зээл их хэмжээгээр өссөнтэй уялдан ирэх жил дефолт Ази тивийг бүхэлд нь хамарч болзошгүй боллоо. Саяхан БНХАУ-ын таваарын арилжааны Tewoo Group бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй нь тус улсын төрийн өмчийн компаниудын сүүлийн 20 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй үзэгдэл боллоо. Tewoo Group-д Бээжин дэмжлэг үзүүлэлгүй зөнд нь орхисонтой уялдан хөрөнгө оруулагч нар ирэх жил БНХАУ-ын засгийн газар компаниудад цөөн туслах нь хэмээн таамаглаж байна. БНХАУ-д оншор бондын дефолт энэ 2019 онд үнэмлэхүй өссөнтэй уялдан ирэх жил байдал хүндрэх төлөвтэй. Ази тивийн зарим эдийн засгийн өсөлтийн эрч саарах хэрээр мөнгөний бодлого чангарах нь компаниудад хүнд тусдаг боллоо. Дефолт ихэссэн нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, эрсдэлтэй компаниудын зээл авах боломжийг үгүй хийнэ. Санхүүжилт татарч, төрийн өмчийн компаниуд дэмжлэг авах боломж багасан, орон нутгийн захиргаадын санхүүжүүлэх механизм эрсдэлтэй болж буйтай уялдан БНХАУ-ын оншор, оффшор зах зээлд ирэх онд дефолт ихэснэ хэмээн Triada Capital хедж сангийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Моника Сяо тайлбарлав. Тус улсын эдийн засгийн тулгуур болсоор өдий хүрсэн үл хөдлөх хөрөнгийн компаниудын нөхцөл ч хүндрэх төлөвтэй. Бусад компаниудыг худалдан авч өөртөө нэгтгэх давлагаа ч компаниудын тайлан тэнцэлд таагүй нөлөөлж байна. Хилийн чанадын хэд хэдэн компанийг өөртөө нэгтгэсэн Shandong Ruyi Technology Group Co бэлэн хувцас үйлдвэрлэгч Их Британийн Aquascutum компанийн өрийг төлөх дарамттай. БНХАУ-ын группийн мэдэлд очоод буй Сингапурт төвтэй MMI International Ltd ч дефолт боллоо. Энэтхэгт сүүдрийн банкны хямралтай уялдан компаниуд дотоодын валютын болон олон улсын бондын төлбөрөө хугацаанд нь төлж дийлэхээ болив. ArcelorMittal-ийг өөртөө нэгтгэсэн Essar Steel India Ltd дефолт болсон өрийг нь төлнө. Бусад компаниудын хувьд Энэтхэгийн дампуурлын хуулиар активыг нь зарахаар өрийг нь түр хойшлуулаад байна. “Энэтхэг улс компаниудынхаа их хэмжээний өрийг шийдвэрлэхээр чармайж байгаа ч болж бүтсэн юм одоог оор алга” хэмээн өрийн бүтцийг шинэчлэх судалгаа эрхэлдэг Linklaters-ын захирал Дэвид Кидд тайлбарлав. Зүүн өмнөд Азийн нефть, шатдаг хийн компаниудад газрын тосны үнийн уналт хүнд дарамт болсон хэвээр. Малайзид дефолт эрс ихэссэнтэй уялдан зарим компани зээлдүүлэгчтэйгээ өрийн бүтцээ шинэчлэх яриа хэлэлцээ өрнүүлж эхэлснийг Кидд нэмж дурдсан юм. “Хятадын эдийн засгийн удаашрал, ихэссээр байгаа дефолт нийт бүс нутагт цохилт болно” хэмээн тэрбээр өгүүллээ.
ЗГМ
URL:





