2019 онд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд
Дональд Трамп БНАСАУ-д хөл тавьсан анхны Ерөнхийлөгч болов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар энэ оны хоёрдугаар сарын 26, 27-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёр дахь удаагаа уулзсан ч уулзалт дорвитой үр дүнд хүрээгүй. Үүний дараа Трамп Японы Осака хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа БНСУ-д айлчлах үеэрээ Кимтэй уулзахаар болсон юм.

Ингээд тохиролцсон ёсоор хоёр удирдагч 2019 оны зургадугаар сарын 30-нд цэрэггүй бүс буюу Панмүнжом тосгонд уулзав. Энэхүү уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Учир нь, Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тус улсад хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм.
Бээжин, Жанчхүүг холбосон төмөр зам ашиглалтад орлоо
Бээжин хот болон 2022 оны өвлийн олимпын наадмыг хамтран зохион байгуулах Жанчхүү хотыг холбосон өндөр хурдны төмөр замыг энэ оны наймдугаар сараас туршиж эхэлсэн. Ингэснээр зорчигчид 180 орчим км зайтай орших хоёр хотын хооронд ердөө 50 минут зорчих боломжтой болж байгаа юм. Жанчхүү хот нь 2022 оны өвлийн олимпын наадмын цанын тэмцээнийг зохион байгуулах билээ.
Дэлхийн улс орнууд “Boeing”-оос татгалзав
Этиоп Улсын иргэний агаарын тээврийн компанийн “Boeing 737 Max 8” загварын онгоц өнгөрсөн гуравдугаар сард осолдож, онгоцонд явсан 157 хүн амиа алдсан харамсалтай осол гарсан. “Boeing 737 Max” загварын онгоц 2018 оны оны аравдугаар сард Индонезид мөн осолдсон.

Тус ослоор 189 зорчигч болоод нисэх багийн гишүүд бүгдээрээ амиа алдсан. Ийнхүү хагас жилийн хугацаанд тус загварын хоёр ч онгоц осолдсон явдал энэ загварын онгоцны аюулгүй байдлын асуудлыг сөхөхөд хүргэж, дэлхийн улс орнууд тус загварын онгоцыг нислэгт ашиглахаас татгалзаад байна.
Хойд хөрш хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль батлав
Хуурамч мэдээлэл түгээвэл мөнгөн торгууль ногдуулах хуулийг ОХУ-ын Төрийн Дума өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц, олон нийтийн дунд зөрчил бий болгохуйц хуурамч мэдээлэл түгээсэн, гэхдээ энэ мэдээлэл нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй байвал мэдээлэл түгээсэн иргэнийг 30-100 мянган рублиэр торгохын сацуу шаардлагатай бол зөрчил гаргасан эд зүйлсийг хураан авах юм. Харин ийм зөрчил гаргасан албан тушаалтныг 60-200 мянган рубль, хуулийн этгээдийг 200-500 мянган рублиэр торгохоор хуульд заажээ.
Ази тивд гахайн мялзан хүрээгээ тэллээ
Гахайн мялзан өвчин Зүүн Азид тархаж, гахайн аж ахуйд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Хамгийн анхны дэгдэлт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр Вьетнамын хилээс 10 километрийн зайд Камбожид гарч байсан юм. БНХАУ-ын Мал эмнэлгийн газрын мэдээлснээр, энэ онд тус улсын 28 мужид мялзан дэгдээд байгаа юм. Харин Вьетнамын 20 мужид 366 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Улмаар 46 мянга гаруй гахайг устгалд оруулсан байна. Гахайн мялзан дэгдсэний улмаас БНХАУ-ын гахайн махны үйлдвэрлэл энэ онд таван хувиар буурсан.
Парисын Дарь эхийн сүмд галд автав

Францын нийслэл Парис хотын гол билэг тэмдгийн нэг болох Парисын Дарь эхийн сүмд өнгөрсөн дөрөвдүгээр сард гал гарсан. Гал сөнөөгчид шуурхай ажилласны дүнд сүмд гарсан галыг унтраасан билээ. Хэдийгээр галыг цаг алдалгүй унтраасан ч сүмийг бүрэн сэргээхэд 10-12 жил шаардлагатай гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Японд шинэ эрин эхэлсэн
Японы эзэн хаан Акихито энэ онд хаан ширээнээсээ татгалзаж, угсаа залгамжлагч ханхүү Нарухито тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларснаар тус улсын хаанчлалын шинэ эрин үе эхэллээ. Шинэ эринийг “Рэйва” гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ нь “Дэг журам, найрамдал” гэсэн утгатай.
Хонконгийн эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлэв
Хонконгийн эрх баригчдын батлахаар завдаж байсан Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 2019 оны зургадугаар сарын 9-нөөс хойш үргэлжилж байна.
Хонконг нь дэлхийн 20 улстай сэжигтэн солилцох гэрээтэй. Харин БНХАУ-тай одоо хүртэл гэрээгүй байгаа юм. Хэрвээ Кэрри Ламын хуулийг баталбал Хонконгийн шүүх эрх мэдэл БНХАУ-ын гарт орно гэж хардсан нь иргэд гудамжинд гарах үндсэн шалтгаан болов.

Их Британи Европын холбоог орхих нь тодорхой боллоо
Их Британийн бүх нийтийн ээлжит бус сонгууль энэ оны арванхоёрдугаар сарын 13-нд болж, тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлдэг эх баригч Корсерватив нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Тус сонгуульд Консерватив нам Парламентын 650 суудалтай Нийтийн танхимд 364 суудал авсан юм. Энэ бол Консерватив намын хувьд 1987 оноос хойших хамгийн том ялалт. Ингэснээр “Ирэх оны нэгдүгээр сард багтаан Брекситийн асуудлыг Парламентын дэмжлэгтэйгээр зохицуулна” гэсэн уриатай сонгуульд өрсөлдсөн Консерватив намын бодлого хэрэгжих нь ойлгомжтой болж байна.
“Time” сэтгүүл “Оны хүн”-ээр Грета Тунбергийг нэрлэв
Америкийн “Time” сэтгүүл Шведийн залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грета Тунбергийг “Оны хүн”-ээр тодрууллаа. Тэрбээр “Оны хүн”-ийг тодруулж ирсэн 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болж байгаа юм.
Үндэсний шуудан
URL:




