“Харигаа” ХХК ухсан нүхэндээ унаж нас барсан талийгаачийн хэргйг нууцлахын учир юу вэ?

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх “Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлах “Харигаа” ХХК-ийн ус цэвэршүүлэх байгууламжийн устай нүхэнд 58 настай эрэгтэй П унаж амь насаа алджээ. Тус хэрэг энэ сарын 3-нд буюу өнгөрсөн баасан гаригийн 10:55 цагийн орчим гарсан байна. Гэвч юуны учир холбогдох байгууллагууд энэ хэргийг нуун дарагдуулаад байгаа нь сонирхол татна.

“Харигаа” ХХК нь аль зунаас хог хамах механик төхөөрөмж байрлуулахаар нүх ухсан ч өнөөг хүртэл битүүлээгүйгээс дээрх золгүй явдал болжээ. Тус компанийн ухсан нүхэн дэх хөрсний усанд унаж амиа алдсан талийгаач П нь “Cop” ХХК-ийн ээлжийн манаачаар ажилладаг байсан гэнэ. Харин “Cop” ХХК нь Арьс ширний үйлдвэрийн хашаан дахь “Харигаа” ХХК-тай зэргэлдээ байрладгийг уншигчид мэдэх бизээ.

Энэ талаар сурвалжлахаар хэргийн газар очиход талийгаач П-гийн унаж, амь насаа алдсан нүхийг бөглөсөн байв. Энэ талаар “Харигаа” ХХК-ийн инженер Н.Эрхэмээгээс тодруулахад “Талийгаач нийслэлийн онцгой хориотой бүсэд байрладаг нүх рүү унасан” хэмээн гараараа заав. Тэгснээ болсон золгүй явдлын талаар тоосон ч шинжгүй ярьж байна.

Түүний хэлж буйгаар амиа алдсан “Cop” ХХК-ийн манаач П нь “Харигаа” ХХК-ийн хашаанд ямар нэгэн санаатайгаар орсон болж таарах нь. Түүгээр ч барахгүй “Хүн унаад үхчихээр гүн нүх биш. Гүн нь нэг метрийн урттай. Бага зэрэг хөрсний устай байсан юм” гээд хээвнэгхэн ярив. “Үхсэн хүн үг хэлэх биш дээ” гэсэн шиг хамаг буруугаа талийгаачид тохох нь тэр.

Харин талийгаачийн ажилладаг байсан “Cop” ХХК-ийн удирдлагууд “Харигаа”-гийн ус цэвэршүүлэх байгууламжийн нүх нь бүрэн ашиглалтад оролгүй удсан. Дээр нь ямар ч хамгаалалтын бүсгүй. Нэг ёсондоо задгай байсан учир хүн унахаар нүх байсан” гэв. Тэгээд ч тухайн нүх нь таван метрийн гүнтэй, хөрсний их хэмжээний устай байсан хэмээн “Харигаа” ХХК-ийн инженер Н.Эрхэмээгийн хэлснииг үгүйсгэлээ.

Үүний дараа бид талийгаач П-гийн ар гэрийнхэнтэй очиж уулзах гэсэн боловч “Cop” ХХК-ийн удирдлагууд зөвшөөрсөнгүй. Тэгээд ч “Харигаа” ХХК-иас энэ талаарх мэдээллийг нууцлахыг үүрэгдсэн гэж байв.

Талийгаач П нь Төв аймгийн Зуунмод сумын харьяат аж. Тэрээр “Cop” ХХК-ийн манаачаар ажиллаад ердөө гурван cap болжээ. Түүнийг алга болсныг “Cop” ХХК- ийн ажилчид золгүй явдал тохиолдсоныг маргааш буюу өнгөрсөн бямба гаригийн өглөө олж мэджээ. Хамт ажиллагсад нь нэлээд хайсаны үр дүнд ” Харигаа” ХХК-ийн ухсан нүхэнд унаж, амиа алдсан хойно нь олсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “Харигаа” ХХК ийн ойр орчимд ухаж орхисон, хүн унаж гэмтэх нь бүү хэл амиа алдахаар нүх олонтой аж. Тэр хэрээр байгаль орчныг ихээр бохирдуулдаг байна. Ер нь манайд ус цэвэршүүлэх ганцхан байгууламж байдаг нь “Харигаа” ХХК гэдгийг уншигчид мэдэх байх. Гэтэл тус байгууллагатай холбоотой таагүй мэдээлэл цаг үргэлж сонсогдох болсон нь нууц биш.

Бохир усны шугам нь хагарах, бөглөрөх зэргээс үүдэлтэйгээр байсхийгээд л бохир ус нь халиад урсчихдаг байна. Уг үйлдвэрээс гарч байгаа бохир ус нь химийн элдэв хорт бодисыг ихээр агуулсан байдаг тул хүний эрүүл мэндэд халтай нь хэн хүнд ойлгомжтой.

Хөрс, усыг бохирдуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай асуудал хэдэн жил яригдсан ч өнөөг хүртэл хэрэгжээгүй хэвээр л байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт арьс ширний нэлээд олон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн бохир усыг “Харигаа” ус цэвэрлэх байгууламж цэвэрлэж хоргүйжүүлдэг аж.

Дулааны улирал эхлэхээр “Харигаа” ус цэвэрлэх байгууламж орчмын газар шавар, шавхай ихтэй, хэсэг хэсэгтээ хөрс нь ногоон будаг шиг өнгөтэй, үнэр танар гэж нөхцөлгүй муухай болдог байна. Ямартай ч ” Харигаа” ХХК дээрх зөрчлүүдээс гадна хүний алтан аминд хүрлээ. Түүгээр барахгүй талийгаачийг буруутгаж, үл тоомсорлосон байдал гаргах нь нэг л сэжигтэй.

Тийм ч учраас дээрх болсон явдлыг нууцалж, хариуцлагаас мултрах гэсэн биз ээ.

Н.Алтанцэцэг, Ө.Бота
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих