Сонгуулийн саналыг шударга тоолох “мэргэн” санаа
Өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох автомат машин ирж байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ машинаар дэлхийн олон оронд санал тоолдог ч үргэлж хэл ам дагуулдаг байх жишээтэй. Мунхаг миний бодлоор нөгөө сүрхий хакерууд нь сонгуулийн дүнд амархан нөлөөлөх боломжтой байх…
Санал тоолох автомат машины нэг бүрийн үнэ 3200 ам.доллар бөгөөд 2500 ширхэгийг авна. Мөн 1800 орчим хүнийг сургалтад хамруулж бэлтгэж буй юм билээ. Түүнчлэн гаднаас хүмүүс ирж машины аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Эндээс нэлээд их хөрөнгөөр сонгууль явуулж буй нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, 3200 үржих нь 2500 тэнцүү найман сая ам.доллар болно. Үүний дээр гаднаас ирж ажиллаж хүмүүсийн хөлс, 1800 хүний сургалтын зардал гээд багагүй мөнгө нэмэгдэж байгаа. Ийм их хөрөнгө зарцуулалгүй, маш шударгаар сонгууль явуулах арга байна.
Хортой цаасан дээр санал авах хэрэгтэй. Нөгөө банк бүрт байдаг хуулга шүү дээ.
Банкных шиг цагаан, шар, ягаан өнгөтэй, үүнээс өөр өнгөтэй байсан ч болно. Ямартай ч гурван өөр өнгөтэй, хортой цаасан дээр сонгогчид саналаа дугуйлна. Ингэснээр гурван цаасан дээр яг адилхан санал өгөгдөнө гэсэн үг. Үүний дараа гурван өөр хайрцагт саналын хуудсаа хийнэ.
Өөрөөр хэлбэл, цагаан цаасаа цагаан хайрцагт, шарыг шард нь, улааныг улаан хайрцагт хийх юм. Ингэснээр нэг хүний яг адилхан санал гурван өөр саванд орно. Үүний дараа хайрцаг тус бүрийн саналын хуудсыг өөр өөр хүмүүс тоолох хэрэгтэй. Тухайлбал, цагаан хайрцагтай саналын хуудсыг СЕХ, шар хайрцагтайг нь намын төлөөлөгчид, харин ягааныг нь төрийн бус байгууллагууд, эсвэл олон улсын ажиглагчид тоолсон ч болно шүү дээ. Мэдээж гурван хайрцагны саналын дүн тулах учиртай.
Дээрх арга нь хамгийн шударга бөгөөд бага зардлаар хийх боломжтой зүйл. Гэтэл дэлхийн аль ч улсад энэ аргыг хэрэглэхгүй байгаа нь их анхаарал татаж байна. Магадгүй ийм шударга аргаар сонгууль явуулахыг хүсэхгүй байгаа болоод албаар санахгүй байгаа биз. Тэгэхээр санал тоолох автомат машин мэтийн хог сонгуулийг шударга явуулахад ямар ч нөлөө үзүүлэхгүй юм. Өөрөөр хэлбэл санал тоолох автомат машин саналыг шударга тоолж чадахгүй.
Бид бодоод олчихоод байхад тодорхой хүмүүс санахгүй байгаа нь сонин байгаа биз. Энэ нь тэд сонгуулийг заавал булхайтай явуулах зорилготойн баталгаа гэж өөрийн эрхгүй хардахад хүргэж байна. Улс төр судлаачдын “Хэзээ ч, хаана ч шударга сонгууль болж байгаагүй” гэдэг үг үүгээр батлагдах мэт…
URL:




