Нэгийгээ явуулж чадахгүй байж юун хоёр сонгууль зэрэг вэ
Сүүлийн хэдэн өдрүүдэд хаана юу болж байгааг нэг л ойлгохоо болилоо. Он гарснаас хойш улстөрд элдэв хардлага сэрдлэгэ, хов жив, танай манай гэсэн талцал эцэстээ хүрлээ.
Асуудлууд ч ар араасаа ундарч, үүнийг шийдвэрлэхийн төлөө нэг нь зүтгэж байхад эсрэгээрээ цөөнх нь гэдийж байх юм. Үүнийгээ сөрөг хүчний байр суурь хэмээж, асуудлыг мушгиж суух болоогүй л баймаар. Аргагүй сонгууль дөхжээ. Сонгууль болох цаг хугацаа ойртох тусам “түүх мартагдах амархан” юм гэдэг үг үнэнд нийцэж байх шиг.
Мартагдсан түүхийг эргэн санавал, анх 2008 онд тухайн үеийн сонгуулиас хойш бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд юу ч хийгээгүй Засгийн газар нийгэмд эмх замбараагүй, эмгэнэлт байдал бий болсны эцэст хамтарсан нэртэй байгуулагдсан. Энэ үйл явдлыг шинэ Засгийн газар байгуулагдлаа гэж хэвлэл мэдээллээр бичиж, ярьж байсан. Харин хамтын түүх удаан үргэлжилсэнгүй.
АН хамтарсан Засгийн газраас гарах тухай шийдвэрээ cap гаруйн өмнө гэнэт мэдэгдсэн нь олны гайхшрап, эгдүүцлийг хүргэсэн. Тэд түүхэн шийдвэр гаргалаа хэмээн бардаж, ҮЗХ-гоо хуралдуулан хэдэн сайд нараараа өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хийсэн гэх зүйлийг нь “онигоо” болгон яриулж байсан. Тэдний санаачилж хийе, бүтээе гэсэн зүйлийг олонхи дэмжээгүй, шахаж хавчсан гэх маягийн үг зарим нэг сайдын амнаас унасан. Үнэхээр хийе гэсэн сэтгэл байсан бол хариуцлагаас ингэж зугтмааргүй юм.
Зүгээр л сонгууль дөхсөн учраас хар амиа хоохойлох эцсийн найдлага нь энэ байж. Үүнийг ойлгохгүй гээд яах билээ. Харин гар барьж, тэврэлдэж байсан танил эрхмүүд өдгөө аль хэдийнэ нэг нэг рүүгээ нуруугаа харуулан сууцгааж, хийе бүтээе гэсэн нэгнийхээ замд нь чөдөр, тушаа болоод байж болох уу.
Маргаантай олон асуудлыг шийдэх бус цаг хугацааг нь гацаанд оруулдгаа болимоор юм. Арай гэж хэрэлдэж, хэлэлцэж байж оны өмнөхөн баталсан Сонгуулийн хуулийн үргэлжлэл болон яригдаж байгаа асуудал бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах тухай саналын зөрүүтэй асуудал юм.
Хуулиараа бол хоёр сонгууль нэг дор явагдахаар байгаа. Гэхдээ эрүүл хүний саруул ухаанаар яаж ч тунгаасан энэ хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломж лав л энэ удаагийн парламентад байхгүй. Учир нь УИХ болон орон нутгийн сонгуульд дунджаар 16 мянган хүн нэр дэвшихээр байгаа юм. Сонгуулийн дүн гарахад үүний 50 хувь ялагдал хүлээнэ.
Гэтэл ялагдсан нам, нэр дэвшигчдийн олонхи нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй хатуухан сургамж бий. Аймаг сумын иргэдийн хуралд 1500 баг, 329 сумаас нэр дэвшинэ. Ингэхээр нийслэлийг оруулахгүйгээр тооцвол 4500 сонгуулийн хэсгийн хороо ажиллахаар байна. Гэтэл Улаанбаатар 151 хороотой. Нэг хороо 2-3 хэсэг болно гэхээр бас 400 орчим хэсэгтэй болно. Улсын хэмжээнд сонгуулийн 5000 орчим хэсгийн хороо ажиллахаар тооцоологдож байгаа юм.
Нэг хэсгийн хороонд 10 хүн ажиллана гэвэл нийт 50 мянган хүн сонгуулийн хэсгийн хороодод ажиллах тооцоотой. Нэр дэвшигчдийг нэмбэл нэлээд өндөр тоо гарна. Манай улс сонгуулийн насны сая хүрэхгүй хүнтэй, түүнээс лав 50 мянга нь хэсгийн хороодод ажиллаж, бас нэг хэсэг нь сонгуульд нэрээ дэвшүүлэхээр манаргах нь. Хоёр сонгууль зэрэг явахаар энэ мэт бантан хутгасан ажил зөндөө болно.
Санал өгч байгаа хүнээсээ нэр дэвшиж байгаа болон сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа хүнийх нь тоо давж мэдэхээр харагдаж байгаа юм. Хамгийн гол нь шинээр баталсан хуулиараа сонгуульдах гэж байдаг. Тэгээд шинэ техник, технологи хэрэглэнэ гэж байгаа. Нэлээд будилаан үүсэх таамаглал хаа хаанаа төрж байгаа болов уу.
Дээр нь орон нутгийн сонгуулийг зургадугаар сард хийхээр тухайн орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй. Энэ мэт энгийн зүйлүүдээс эхлээд бүтэхгүй гэдэг нь харагдана. Хоёр сонгууль зэрэг явахаар жинхэнэ бантан хутгасан хэрэг болно. Нэгийгээ дангаар нь өгч чаддаггүй байж юун хоёр сонгууль зэрэг явуулах вэ.
Тэгээд түүнийгээ тайлбарлахаараа мөнгө төгрөг, цаг хугацаа хэмнэнэ гэхээс өөр хэлэх үггүй. Хэрэв нэг өдөр боллоо гэж бодоход гарах үр дүнгийн талаар бодохгүй байгаа нь хачирхалтай. Өмнөх сонгуулийн жилийн долдугаар сарын 1 болсон шиг асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх юм бэ.
Өнөөгийн улстөрийн нөхцөл байдлаас харахад АН л биш. Учир нь хариуцлагаас зугтдаг хүмүүс ард түмний өмнө хариуцлага хүлээнэ гэвэл үлгэрийн далай болох биз. Тэд өөрсдөө хариуцлага хүлээхгүй болохоороо үүний цаана учрах эрсдлийг нь ойшоохгүй байгаа хэрэг. Чухам хоёр сонгууль явуулбал бидэнд ашигтай нь юу вэ гэсэн асуултад хэн ч хариулж чадахгүй гацаж байгаа юм.
Ц.Жаргал
Эх сурвалж: “Unen.mn”
URL:













