Урт дайн дуусах нь ээ

88276925_191501525596724_2373639540427456512_nКатарын Доха хотод болсон хэлэлцээрийн дүнд АНУ болон “Талибан” бүлэглэлийнхэн зөвшилцөлд хүрч, 14 сарын хугацаанд Америк Афганистанаас цэргээ гаргахаар тохиролцлоо. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ Афганистан руу цэргээ оруулсан бөгөөд Нэгдсэн улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хэдэн мянган хүний амь, хэдэн тэрбум ам.доллар зарлагадсан дайн ийнхүү найрамдлын  хэлэлцээрээр дуусгавар болох эхлэлийг тавьж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АМЛАЛТ

Катарын нийслэл Доха хотод АНУ-ын тусгай элч Залмай Халилзад, “Талибан”-ы гол төлөөлөгч Мулла Абдул Гани Барадар нар найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд  энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Батлан хамгаалахын сайд Марк Эспер, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар оролцов. Афганистанд энхийг сахиулж байгаа цэргийн алба хаагчдыг 14 сарын хугацаанд гаргах, цэргийн бусад ажиллагаанд Афганистаны газар нутгийг түшиц болгон ашиглахгүй байх, АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлсэн алан хядах болон хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэхгүй байх, “Исламын улс”, “Аль-Каида” болон бусад бүлэглэлтэй хамтран ажиллахгүй байх,  барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх зэрэг болзолт нөхцөлүүдийг хоёр тал хэлэлцээрт тусгажээ. “Талибан” бүлэглэл дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, хэлэлцээрийн дагуу биелүүлсэн тохиолдолд энэ бүхэн ажил хэрэг болох агаад дээрх нөхцөлийг биелүүлээгүй  бол хэлэлцээрийг хүчингүй болгох юм.
Хэлэлцээрийн дараа Афганистан Улсад өнгөрсөн сарын 22-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай “Хүчирхийллийн түвшинг бууруулах дэглэм” үйлчилжээ. Энэ хугацаанд “Талибан” хэлэлцээрийн болзлуудыг биелүүлж чадах эсэх, зэвсэгт хүчнээ хяналтдаа байлгаж чадах, үгүйг шалгах зорилготой дэглэм аж.
Афганистанд явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мөрийн хөтөлбөрийн амлалт бөгөөд ийн зөвшилцөлд хүрснээр хэдэн сая афган иргэн амар тайван амьдрах, Афганистанд үүсээд буй улстөрийн төвөгтэй нөхцөл байдлыг энхийн замаар шийдэх зэрэг нөхцөл үүснэ. Нөгөөтэйгүүр, Дональд  Трампын энэ шийдвэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс террорист хэмээн зарласан “Талибан” бүлэглэлийн үйл ажиллагааг “хүлээн зөвшөөрсөн” хэрэг болно гэж ажиглагчид сануулж буй.

АДАРМААТАЙ ХЭЛЭЛЦЭЭР

АНУ, “Талибан”-ы хэлэлцээр хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж буй бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд айлчилсан билээ. Ерөнхийлөгч  анхны айлчлалаараа Афганистаны Төрийн тэргүүн Ашраф Ганитай уулзаж, “Талибан”-тай найрамдлын хэлэлцээр байгуулах боломжийн талаар хэлэлцсэн. Үүний дараа талибууд АНУ-ын тусгай элч Залмай Халилзадад гал зогсоох, харилцан зөвшилцөлд хүрэх хэлэлцээрийн талаарх болзол, нөхцөлүүдийг дамжуулжээ.
2018 онд АНУ “Талибан” бүлэглэлтэй хэлэлцээр хийж эхэлсэн бөгөөд талибууд америк цэргүүдийг гаргах, өөр улсад явуулж буй үйл ажиллагаанд Афганистаны газар нутгийг түшиц болгон ашиглахыг зогсоох зэрэг болзлыг тавьсан юм. 2019 онд хэдэн сарын турш үргэлжилсэн найман удаагийн  хэлэлцээрийн хамгийн сүүлчийнх нь Дохад болсон уулзалт аж.
Энхийн хэлэлцээрт хүрч чадаагүй удсаны шалтгаан нь талибууд Кабултай шууд хэлэлцээр хийхээс татгалзсаар ирсэнд байгаа юм. Афганистаны  эрх баригчид болоод “Талибан” хоорондоо зөвшилцөж чадахгүйгээс гадна бүлэглэл дотроо хагаралтай байсан нь хэлэлцээр урагшлахад “чөдөр” болж байв. 2013, 2015 онд ч хоёр талын хэлэлцээр тухайн үеийн нөхцөл байдлаас болон мухардалд орж байлаа.

УРТ ДАЙНЫ ХОХИРОЛ

2009 оноос Афганистанд энхийг сахиулж буй НҮБ-ын мэдэгдэж буйгаар, сүүлийн арван жилд тус улсад энгийн 35 мянган иргэн цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөн, халдлагын улмаас амиа алдаж, 65 мянган хүн шархадсан байна. АНУ цэргээ оруулснаас хойш буюу сүүлийн 19 жилийн хугацаанд 2300 цэргээ алдаж, 20 мянга гаруй алба хаагч шархадсан гэж мэдэгдсэн. 2014 оноос хойш Афганистаныг удирдаж буй Ашраф Гани сүүлийн зургаан жилд тус улсын цэргийн 45 мянган алба хаагч амь эрсэдсэн гэж үзэж буй.

Эх сурвалж:https://www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих