Люксембург Улс галт тэрэг, трамвай, автобусны төлбөрөө албан ёсоор цуцаллаа

16591275944_7a32eb1cbf_bЛюксембург Улс өнгөрсөн бямба гарагаас галт тэрэг, трамвай, автобусны төлбөрийг албан ёсоор цуцаллаа. 602 мянган хүн амтай Люксембург Европын хамгийн жижиг улсын нэг боловч замын түгжрэлээр тивдээ тэргүүлдэг.Тус улсын Засгийн газраас  замын түгжрэлийн асуудлаа шийдэхийн тулд өнгөрсөн оноос нийтийн тээврийг үнэгүй болгохоос эхлээд олон аргыг туршилтын журмаар хэрэгжүүлж байсан юм. Люксембург Улс нийтийн тээврийн салбартаа жилд дунджаар 562 сая ам.доллар зарцуулдаг ч ердөө 46 сая ам.долларын тасалбар борлуулдаг байна. Олон нийттэй харилцах яамны хэвлэлийн төлөөлөгч  Дани Франкийн мэдээлж буйгаар, Засгийн газраас жилдээ  нийтийн тээврийн салбарт зарцуулж буй 562 сая ам.доллар дээр нэмээд  нэг жилд борлуулдаг тасалбарын нийт орлогыг нэмж гаргахад л болохоор байгаа тул  улсын төсөвт нь ямар ч дарамт үүсэхээргүй байгаа гэнэ.  Өнгөрсөн  оны статистик мэдээллээр, Люксембургт 1000 хүнд ноогдох машины тоо 662 байсан бөгөөд жолооч нар жилдээ 33 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байна. Жилдээ 33 цагийг түгжрэлд өнгөрөөнө гэдэг нь Европын хамгийн түгжрэлтэй хотуудаас даруй 10 гаруй цагаар илүү байгаа юм. Тухайлбал, Европ тивд түгжрэлээрээ дээгүүрт ордог Копенгаген, Хельсинки зэрэг хотод жолооч нар жилдээ 24 орчим цагийг түгжрэлд өнгөрөөдөг байна.   Люксембург  Улс нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр Европын орнуудыг тэргүүлдэг. Бельги, Франц, Герман Улсын нийслэл хотоос ердөө хагас цаг  машинаар яваад л Люксембургт ирэх боломжтой. Түүнчлэн тус улс нийтийн тээврээ үнэгүй болгосонтой холбоотойгоор ирэх арван жилийн хугацаанд төмөр зам, автобусны сүлжээг шинэчлэхэд зориулж, 3.9 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Люксембургээс гадна Эстони Улс нийтийн тээврээ өнгөрсөн оны долдугаар сараас үнэгүй болгосон.Таван жилийн өмнө Эстони Улсын нийслэл Таллин хотод нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болох эсэхээр олон нийтийн дунд санал асуулга явуулахад иргэдийн 75 хувь дэмжсэнээр анх туршиж эхэлжээ. Хотын оршин суугчид “ногоон карт”-д хоёр евро төлж бүртгүүлснээр нийтийн тээврийн хэрэгслээр  зорчдог байсан бол Эстоний өөр хотуудаас ирсэн хүмүүс, жуулчид зэрэг тухайн хотын байнгын оршин суугч биш хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр мөнгө төлж зорчдог байсан юм. Харин өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс  Эстоний иргэд долоон өдөр 24 цагийн турш нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих болсон. Хэдийгээр нийтийн тээврийг үнэгүй болгосноор хүмүүс нийтийн тээврийн хэрэгслийг ашиглах нь 14 хувиар нэмэгдсэн ч автомашины хэрэглээ ердөө таван хувиар буураад байгаа аж. Франц, Герман зэрэг улсын зарим хотууд ч мөн авто замын ачааллыг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгох аргыг туршиж байна.

Эх сурвалж: https://edition.cnn.com


URL:

Сэтгэгдэл бичих