Монголын төр олигархиудын болон гаднын луйварчдын компанид ч Тавантолгойгоос хувь хүртээх нь
Тун удахгүй Монголын асар том үүц задрах гэж байгаа. Тавантолгойн нүүрсний орд уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын төлөвлөгөөнд 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж, түүний 10 хувийг иргэддээ тараах юм гэсэн.
Мөн 10 хувийг Монгол улсад бүртгэлтэй 46 гаруй мянган аж ахуйн нэгжид хувааж өгөхөө бас зарласан. Гэвч үүнийг бас бодож үзэх асуудал гэж үзэхээс арга алга. Тавантолгойн уурхайн хувьцааг бүх компанид тараах нь учир дутагдалтай санагдаж байгаа юм.
Тухайлбал, Тавантолгойн дөрөвхөн хувь нэрээр “Ухаа худаг” хэмээх хамгийн их нөөцтэй хэсгийг нь авч үлдсэн “Энержи Ресурс” нэрийн дор нэгдсэн олигархиудын компанид бас хувьцаа өгнө гэдэг буруу байлтай.
Мөн жижиг Тавантолгой гэгдэх орон нутгийн компанийн 49 хувийг эзэмшин ТУЗ-ийг эзэрхийлж суугаа Д.Бат-Эрдэнийн “Ажнай” компанид ч хувьцаа өгмөөргүй санагдана. Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой томоохон орд, уурхайнуудыг эзэмшиж буй зарим компанид ч хувьцаанаас олгох ёсгүй мэт.
Мөн манай орд уурхайг эзэмшдэг Монголд бүртгэлтэй гадаадын компани ч Тавантолгойн уурхайн хувьцааг эзэмших эрхтэй гэвэл үүнийг эсэргүүцэхэд ч багадна.
Тухайлбал Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз”-ын охин компани Оюутолгой ХХК-д бас Тавантолгойн хувьцаанаас өгөх үү гэдэг асуудлыг тавьж Засгийн газраас хариуг нь авмаар санагдана. Энэ мэтээр олон жишээ дурьдаж болно.
Ер нь олигархиуд эсвэл гадаадынхан Тавантолгойн хувьцааг тэр бирж дээрээс нь мөнгөөрөө худалдаж авах нь зүйд нийцэх бус уу.
URL:













