Ээжийгээ дуудсаар байгаад буцсан залуу
Хүний амьдралын мөн чанарыг харагдаж байгаагаар нь, амь зууж яваа аар саархан өдрүүдээр нь, хамгийн гол нь харж байгаагаараа хэмжихийн аргагүй юм даа. АНУ, Техас мужийн, Хьюстон хотын жирийн иргэн Жорж Флойд хамаг залуу насаа ядуусын хороололд өнгөрөөсөн, амь зуулгынхаа төлөө зөвийг ч бурууг ч хийж сайн муу нэртэй явсан, хүний л эцэг, хань , ах. Хэнд ч анзаарагдахгүй эгэл жирийн амьдралтай энэ хар арьст залуугийн амьдрал, амжилт, аз жаргал нь биш, ҮХЭЛ нь их юм өгүүлж өнгөрлөө. Насаараа тийм ганган цамц ч цөөхнийг өмссөн байх, энэ амьдралынхаа сүүлчийн гүйлгээг хуурамч 20 доллараар хийсэн /үгүй ч бж мэднэ, цагдаа тэгж хардсан/ тэрээр буурайхан тарчигхан амьдралаас буцахдаа харин алтан шарил нь үнэт авсанд хэвтэж, амьдралдаа нэрийг нь ч цөөхөн сонссон дэлхийн олон орны нэрт улс төрчид, ерөнхийлөгчид, энх тайван хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эмгэнэл харууслын үгээр үдүүлж, улс орон даяар нь жагсаал цуглаан болж, “ихэмсэг цэвдэг” Нью-Иоркийн Хөрөнгийн бирж 46 секундын турш үйл ажиллагаагаа зогсоон эмгэнэл илэрхийлж, 10000 гаруй хүн ирж салах ёс гүйцэтгэлээ. Хөөрхий муу төрсөн дүү нь “Тэр энд төрсөн боловч дэлхий даяар түүнийг хэн байсныг дурсан санах болно. Тэр дэлхийг өөрчилнө” гэж хэллээ. Магадгүй. Тэр дэлхийг биш юм гэхэд хүн хүндээ хандах хандлагыг өөрчлөөсэй. Харин түүний ач охин нь “Америкийг агуу болгоно л гэж байна. Амeрик хэзээ агуу байсан юм бэ” гэж хэллээ. Энэ ямар аймшигтай үг вэ. Охин яагаад ингэж эрс чанга хэлэв? Жорж флойд дээрээс нь өвдөглөн суусан цагдаад амьсгалж чадахгүй бгаагаа хэлсэн сонсоогүй, амь гуйсан сонсоогүй, амьдралаас, орчлонгоос олдоогүй авралыг аль хичнээн жилийн өмнө бурхан болсон ээжээсээ эрж, Ээжээ дуудаж амь гуйсаар амьсгал хураасан. Юутай аймшигтай вэ. Цагдаа- иргэн, цагаан- хар арьстан гэдэг эмзэг өнцөг нь олон түмний зүрхэнд хүрч жагсаал цуглаан үй байгүй л юм болов. Улс орон, төр, жирийн иргэн, нөгөө л харилцаа. Яаж амьдарч байсан нь хэнд ч анзаарагдаагүй эгэл жирийн иргэн хүн. Харин яаж үхсэн нь их юм хэлээд буцлаа даа.
URL:









