Цагдаа нарт авлига өгсөн гэх хятадуудыг эрэн сурвалжилж байна
АВЛИГА ӨГӨХӨД ЗУУЧИЛСАН ЭМЭГТЭЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ-
Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын цагдаагийн алба хаагчдыг өнгөрсөн баасан гаригт саатуулан, цагдан хорьсон талаар манай сонин мэдээлсэн. Тэднийг бусдаас онц их хэмжээний авлига авсан хэрэгт шалгаж байгаа юм. Тодруулбал, хууль бусаар самар боловсруулж байсан иргэдийн үйл ажиллагааг далдлахыг амлаж, авлига авсан хэрэгт холбогдож байгаа. Цагдаа нарын хувьд авлига авснаас болж ажлаасаа халагдан, эрүүгийн хэргийн сэжигтэн болчихоод байна. Харин хууль бусаар самар боловсруулж байсан гэх иргэдийн ард зөвшөөрөлгүйгээр самрын бизнес эрхэлдэг бүлэглэл, сүлжээ байгаа эсэхийг хуулийнхан шалгаж байгаа аж. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаад цагдаа нар холбогдсон учраас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу шилжүүлсэн байна.
БАЙРАА ТҮРЭЭСЛҮҮЛЖ БАЙСАН ЭМЭГТЭЙ ЗУУЧИЛЖЭЭ
Энхээ гэгч нь иргэдээс самар авч, бусдад зардаг ченж аж. Самар түүгчидтэй утсаар холбогдон хотын захаас самрыг нь худалдаж авдаг байжээ. Ингэхдээ нэг кг цайруулсан самрыг 1000 төгрөгөөр тооцож бөөнддөг байж. Энхээ худалдаж авсан самраа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, түрээсийн байранд хадгалж байгаад хятадуудад бөөнддөг байсан байна. Түүнээс самар авдаг хоёр хятад нь хууль бусаар үйлдвэрлэл эрхэлдэг аж. Энэ тухай нэгэн эмэгтэй Нийгмийн хэв журмыг хамгаалах газрын ахлагчид мэдээлэл өгчээ. Мэдээлэл авсан ахлагч, хөдөлгөөнт эргүүлийн гурван цагдаатай самраа хадгалж байсан газарт нь очиж шалгалт хийжээ. Тухайн үед байшинд 20 орчим тонн самар байсан аж. Энхээ цагдаа нартай тохиролцохоор ярилцсан ч амжилтгүй болсон байна. Харин Энхээд байраа түрээслүүлж байсан эмэгтэй нь Энхээ болон цагдаа нарын хооронд зуучилж, мөнгө өгч, хэргийг нь нууцлуулахаар болжээ.
Зуучлагч эмэгтэй дөрвөн цагдаад 40 сая төгрөг өгөөд, хууль бусаар үйлдвэрлэл эрхэлдэг хятадуудтай холбож өгөхөө амлажээ. Цагдаа нар ч хууль бусаар самар боловсруулж, хилээр гаргадаг хоёр хятад иргэнээс их хэмжээний мөнгө авахаар болсон гэх мэдээлэл байна. Цагдаа нарыг авлига авсан гэх мэдээллийг хятад хүн хуулийн байгууллагад өгчээ.
Одоогоор авлига авсан гэх дөрвөн цагдаа, тэдэнд зуучилсан эмэгтэйг цагдан хорьсон аж. Цагдаа нарыг хээл хахууль авсан, эмэгтэйг хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Мөн ченж Энхээг гадуур байцааж байгаа бололтой. Харин Энхээгээс самар авдаг, хууль бусаар үйлдвэрлэл эрхэлдэг байж мэдэх хоёр хятадыг эрэн сурвалжилж байгаа аж. Сэжигтэн мэдүүлэхдээ “Хоёр, гурван жил самрын ченж хийж байна. Надаас худалдаж авдаг хүмүүсийн хэрэг илрэх учраас авлига өгсөн” гэсэн гэнэ.
“ТОМООХОН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН СЭЖҮҮР АТГАСАН ГЭСЭН”
Дээрх хоёр хятад ченжүүдээс авсан самраа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нууцаар боловсруулдаг гэх мэдээлэл бий. Энэ талаар тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Томоохон гэмт хэргийн бүлэглэлийн сэжүүр атгасан гэсэн. Тиймээс биднийг ямар ч мэдээлэл гаргахгүй байх үүргийг цагдаагийн байгууллага өгсөн. Одоохондоо сэжигтнүүдийг баривчлаагүй учраас үйлдвэрлэл эрхэлдэг байсан газрыг олон нийтэд дэлгэх ямар ч боломж байхгүй” гэсэн юм. Өөр эх сурвалж “Самрын бизнес хятадуудад их ашигтай. Ченжүүдээс нэг кг самрыг 1500 төгрөгөөр аваад хил гаргаж доод тал нь 20 ам.доллараар зардаг. Тиймээс энэ төрлийн бизнес хууль бусаар эрхэлдэг хоёр ч бүлэглэл байгаа. Тэдний нэгийг цагдаа нар шалгаж байгаа бололтой юм билээ” гэсэн юм.
“ЦАГДАА НАРААС БИДЭНД МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭЭГҮЙ”
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас хууль бусаар самрын бизнес эрхэлсэн гэх дээрх хятадуудын талаар асуухад “Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Цагдаагаас нэр бүхий хятад иргэд ямар шугамаар Монголд ирсэн, яаж ажиллаж, амьдарч байгааг тогтоох хүсэлт ирүүлбэл шалгана. Одоогоор ямар ч цагдаагийн байгууллагаас ямар ч мэдээлэл ирүүлээгүй. Тиймээс хөндлөнгөөс нь оролцох боломжгүй” гэсэн юм.
Дээрх хятадууд Монгол Улсад хоёр жил гаруй хугацаанд үйлдвэрлэл эрхэлж иржээ. Эрэн сурвалжлагдаж байгаа гэх хэргийг ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж мэдэхээр байна. Энэ нь манай улсад гадаадын иргэд хэрхэн ажиллаж, хараа хяналтгүй. Дураараа дургидгийг харуулж байгаа юм. Хятад иргэд Монголын хууль тогтоомжийг хоёр жил гаруй хугацаанд зөрчиж, эцэст нь цагдаа нартай хуйвалдаж байна. Нэг кг самраас л гэхэд 25 мянган төгрөгийн ашгийг өлхөн гаргачихдаг тэд саад хийсэн хэнийг ч болов мөнгөөр цохих нь тодорхой. Харин тэдэнд ингэж дураараа аашлах боломжийг өгсөн байгууллагуудтай хариуцлага тооцох нь зүй болов уу.
Эрүүгийн хуульд хориглосон үйлдвэрлэл явуулбал 5-10 жил хорьж, эд хөрөнгийг нь хураах тухай заасан байдаг. Мөн хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хилээр нэвтрүүлсэн бол 2-5 жил хорих хуулийн заалт бий. Ченж Энхээгээс самар худалдаж авдаг байсан гэх хоёр хятад иргэн дээрх зүйл ангиар шалгагдахаас гадна авлига өгсөн хэрэгт унах юм.
URL:




