Монголын улс төрийн намууд / цуврал 2/- Ардчилсан Нам буюу “Хувьсгалч хөдөлгөөнөөс Пост Коммунист намын дагуул болсон нь ”

Монголын улс төрийн түүхэнд “Ардчилсан нам” гэсэн нэрээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан гурван нам байдаг. Эхнийх нь 1990-04-07-нд  Монголын улс төрийн хоёр дахь нам болон бүртгэгдсэн түүхт МоАН./ Анхны дарга нь Э.Бат-Үүл/ .
Хоёр дахь нь УИХ-ын 2000 оны сонгуулийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын бодлого, оролцоотойгоор МҮАН, МСДН-ын саналыг хуваах зорилгоор байгуулагдсан олон намуудын нэг болох бас нэгэн МоАН / Тухайн үед Баянгол дүүргийн засаг дарга байсан С.Эрдэнэ гэгч дарга нь байсан/ Харин гуравдахь нь бидний сайн мэдэх Ардчиллын гэгдэх бүхий л намууд 2000 оны 12 сарын 6-нд нэгдсэн байгуулагдсан Ардчилсан Нам/ АН/ юм.
Үндсэндээ Ардчилсан Нам гэдэгт МоАН /1990 онд байгуулагдсан/ , Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Чөлөөт хөдөлмөрийн Нам, Монголын Социал Демократ Нам, Нэгдсэн Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам, МоАН/ 2000 онд байгуулагдсан/гэх мэт нэгэнтээ оршиж асан  олон  намын түүх, гишүүд хамаарна.
АН   МҮАН-МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл нэрээрээ 1996-2000 онд  цор ганц удаа төрийн эрх барьж үзсэн.
Үүнээс хойш тус намын зарим фракциуд МАХН-тай хамтарч засаг барилцаж байсныг эс тооцвол өөрсдийнх нь гомдонгуй өгүүлдгээр  тувт л “лааз өшиглөсөн” .Хамтарч засаг барилцах ч гэж дээ,  МАХН  АН-д хэдэн сайдын суудал өгөөд  сонгуулиар иргэдийн шүүмжлэл, хэвлэлийнхний шидэх “ялгадас”-ны байн тал болгодог юм.  “Яг адилхан ш дээ, эд нар. Арай гайгүй нь л МАХН юм даа” гээд саналын хуудас дугуйлах иргэдийн хандлага үргэлж ах нарт ашигтай тусдаг.
Харин  ганц жил ч болохнээ сайдын суудал дээр суух нь Ардчиллын лидер гэгчдийн хувьд ихээхэн ашигтай. Барилгын сайдаар жил ч хүрэхгүй ажилласан Ц.Цолмон / АН-аасаа гарч, ҮШН-ыг байгуулсан/  бүтэн орон сууцны хувийн хороолол барьсан, 1996-2000 онд Хөдөө аж ахуйн сайдаар 6 хан сар ажилласнаас өөр өөдтэй алба хааж үзээгүй Н.Алтанхуяг Ху намын засагт Сангийн сайдаар ажиллаж байж л санхүүгийн чадвараа дээшлүүлсэн,  хэдхэн жилийн өмнө вэб сайт ажиллуулдаг байсан Л.Гансүх  С.Баяр, С.Батболдын кабинет дамнан сайд болоод 2 жил болоход л тэрбумтан болсон юм чинь ашигтай гэхээс ч өөр яахав.
Харин сайдын суудалд очиж чадаагүй хэд нь “Ардчиллын голомт” сахигч энэ тэр гэж өөрсдийгөө хөөргөн  нэрлэж, нөгөө хэдтэйгээ жаал үзэж байгаад “хоолонд орох хоёрдугаар ээлж” –ний нэрсээ гаргаад  МАХН-тай тохирчихдог юм.

Хөгийн л дөө. 2004  онд “Алтан Гадас”-ыг засгийн Газраас гаргана гэж жагсаал хийж, “АН-аа аврах хөдөлгөөн” гэгчийг байгуулж асан этгээдүүд М.Энхсайханг даган, намаасаа гарч, “Алтан гадас”ынхантай зөрөөд л засагт орж, АН-аа аврах хөдөлгөөний тэргүүн нь Хотын гаальд хэлтсийн дарга болох жишээтэй. Үүнтэй зэрэгцээд л хоёр жил гаруй сайдын суудалд ямбалсан “Алтангадас”-чууд нь тэднийг зөрүүлэн намаасаа хөөн,   намын дүрэм хатуу  энэ тэр гэж дөвчигнөнө.  Тэгээд л аль болох үнэ хүргэж, өөрсдийгөө МАХН-д  худалдах уралдаан зохионо. Уралдаанд хамгийн сүүлийн байдлаар ялагчид нь одоо Шадар сайд, Сангийн Сайдын алба хашаад л явж байна.
АН-д  “Алтан гадас”,  МҮДНЯК, “МоАХ”, “Ардчилсан хүчний холбоо”, “Нэг Ардчилал”, “Кроун”  гээд арав гаруй фракц бүлэглэл бий. Гэвч дарга, цэргээ солих хуйвалдаан зохиож, албан тушаалын наймаа хийхээс өөр ялгаа үгүй тэдний тухай өгүүлэх нь ач холбогдолгүй тул АН-д бодитой оршиж буй  гурван хэв шинжит дүрийг тодотгоё.
1.    “Алтан хараацай”
Ардчилсан хөдөлгөөний удирдагчид хийгээд удирдлагын бүтцэд ойр ажиллаж байсан улс төрчид. Бид  анх ардчиллыг буй болгоё гэж зорихдоо хэмээн яриагаа эхлэх дуртай байсан ч сүүлийн үед энэ нь эрс багассан. Хүссэн, эс хүссэн ч тэд бол  хувьсгалчид.
Хамгийн өндөр албан тушаалд ажиллаж буй нь өөрийн PR –ийн багийнхнаараа Wikipedia.com  дээр “Монголын Томас Жефферсон” хэмээн бичүүлсэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Д.Дорлигжав тэргүүтэй дээд зиндааны улс төрчдөөс гадна орон нутгийн түвшний “хараацай”-нууд олон бий.  1996 онд засаг дарга, яамдуудад газрын дарга болж үзсэнийг эс тооцвол “албан тушаалын бараа” хараагүй .Намын анхан шатны байгууллагуудын гүйцэтгэх ажилд зүтгэж байна. Архинд орсон нь ч цөөнгүй.
Тэд түүхэнд үлдэнэ. Гэхдээ “алтан хараацай”-нуудын хамгийн гол алдаа нь ардчилал бол бидний өмч, Монголчууд надад өртэй тул би дарга байх ёстой  хэмээн боддог явдал.
Гэтэл  залуу үеийнхэнд “Гадаад паспорттай болж, малыг хувьчилж, байрыг өгснөөр …” хэмээн эхэлдэг тэдний  сурталчилгаа  толгойдоо шатсан туг зүүгээд  МАХН Ардын хувьсгалыг хийж, сансарт хүн нисгэсэн хэмээн хашхирдаг У.Хүрэлсүхийн яриа шиг  хоосон сонсогддог болоод удаж байна.
2.    “Арын эгнээнийхэн”
МАН  дахь  хөрөнгөтнүүдээс ялгаатай нь “арын эгнээнийхэн”  анхнаасаа МоАХ, АН-ыг дэмжиж ирсэн байдаг. Жагсаалыг санхүүжүүлж , тав гурван төгрөгөөр туслаад гүйж явсан эрчүүд хэдийн томоохон бизнесмэнүүд болж, өдгөө улс төрийн тавцанд өөрсдөө гарч ирж байна.Ерөнхийдөө намын удирдлага эдэнд тун удахгүй шилжих нь гарцаагүй болж байгааг үйл явдлууд харуулж буй.
“Женко” Х.Баттулга хамгийн гол төлөөлөгч нь бөгөөд Х.Золжаргал, Д.Нямхүү гэхчилэн энэ нэрс үргэлжилнэ.

3.    “ Залуус”

Хувьсгалт хөдөлгөөн бус МАН-ын дагуул МАНАН болсон намын сүүлийн найдварын гол хэсэг нь  магад тус намын залуус. Гэхдээ залуус гэдэгт олон хэв шинж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй байх. Ерөнхийлөгчийг УИХ-д нэр дэвшихэд нь санхүүгээр тусалж, улс төрийн гараагаа эхэлсэн хуурамч дипломтой “экологич”,  МУИС-аас төрсөн хуульч, либертари үзэлтэй УИХ-ын гишүүн, пиарын салбарын пионер,  УИХ-ын гишүүн сумоч эр,  АНУ-руу сургуульд зуучилдаг компаний захирал, иргэний хөдөлгөөний Магнай, Батзандан гээд тэдний замнал, чиг баримжаа нь ч өөр өөр юм. Мэдээж хэн нь үеийнхнийгээ манлайлж, бүлэглэлийг удирдах вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаалах нь ойлгомжтой.

Ардчилсан намын түүх нь Монгол улсын Ардчилсан хувьсгалын түүхтэй салшгүй холбоотой. Ховдын талбай дээр жагсаал хийсэн сэхээтнүүд, Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн дээр нам, төрийн удирдагчдын нүүрэн дээр өөрсдийн байгуулсан залуус, анхны өлсгөлөн, өмч хувьчлал, гадаад паспорт гээд ардчилсан шинэ Монголын түүхийн олон сайхан хуудас энэ намтай холбоотой. Олон залуус ч үүнийх нь төлөө энэ намд талархалтай ханддаг.
Гэвч “Ардын хувьсгал” хийсэн  гээд МАН/ МАХН/-д, Ардчилсан хувьсгалын эцэг гээд  АН-д санал өгдөг, хатуу дэмжигчид одоо бараг байхгүй болж байна.  Энэ нь ч зөв хандлага юм. Иргэд хэзээ ч хэнд ч өр төлөх ёсгүй .
Нийгэмд буй хүлээлтийг яаралтай мэдэж, “дагуул нам”-ынхаа статусаас татгалзаж чадах эсэх ерөөс Монголд ямар улс төрийн тогтолцоо цаашид байх нь 2011 оны хавраас бараг тодорхой болох болов уу?
Намаа зарж, сайдын суудалд суугсдаа шахаж, шинэ залуус, нэр цэвэр ахмад сэхээтнүүдээр удирдуулж чадвал АН дахин “шинэ”, “залуу,” , “өөрчлөлт” гэсэн тодотголуудаа авч магад.
Эс чадвал Монголд “Нэгдсэн Орос нам” лугаа нэгэн МАНАН үүсч, АН  гэдэг нэр түүхийн хуудаснаас харагддаг болно.

М.Гал-Арив


URL:

Сэтгэгдэл бичих