Бусдын гарт амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн Солонгос руу явлаа

-ТАЛИЙГААЧ ГУРВАН ДҮҮДЭЭ ДЭМ БОЛОХООР СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол залууг дэлгүүрийн худалдагч хөнөөлөө. Талийгаач энэ сарын 16-ны орой ажлаа тараад дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад гарахдаа хаалгыг нь гүйцэд хаагаагүй аж. Тэгтэл дэлгүүрийн худалдагч Ха Му гэгч “Хүйтэн байхад хаалга онгорхой орхилоо” гээд урт модоор толгой руу нь цохисон байна. Талийгаач БНСУ-ын Кёнги аймгийн Пажу хотын Гвангтан дүүргийн Чангман хороонд амьдардаг байжээ. Ха Му гэгч нь 31 настай бөгөөд тус хороонд дэлгүүр ажиллуулдаг нэгэн аж. Солонгос эрд зодуулсан монгол залуу эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Хүний нутагт гэрээгээр ажил хийж явахдаа бусдын гарт амиа алдсан монгол залуугийн ар гэрийнхэн өчигдөр Солонгос руу ниссэн юм.

“ГУРВАН ДҮҮГИЙНХЭЭ ТҮШИГ НЬ БАЙЛАА”

Талийгаач Б.Ганхүлэг1985онд Говь-Алтай аймагт төржээ. Аймагтаа арван жилийн сургуулиа төгсөөд хотод суурьшсан байна. Тэрээр ээж, гурван дүүтэйгээ амьдарч байгаад Солонгост ажил хийхээр явжээ. Талийгаачийн дотнынх нь хүн “Гурван өнчин дүүгийнхээ түшиг тулгуур нь байсан юм. Ээж нь өндөр настай хүн бий. Талийгаач тав, зургаан жилийн өмнөөс Солонгост ажил хийж байгаа. Даруухан, хүн сайтай, бусадтай эвтэйхэн харьцчихдаг хүн байсан юм. Гурван дүүгээ бусдаас дутаахааргүй авч явсан” гэж ярьсан юм. Түүний ярьснаар талийгаач дэлгүүрийн худалдагчийг өдөөд, өмнөөс нь зодолдоод байх ёс суртахуунгүй нэгэн биш гэнэ. Хүний нутагт үйлдвэрт олон жил ажиллахдаа элдэв асуудалд орж байгаагүйг ойр дотнынхон нь ярьж байсан юм. Дүү нар нь оюутан аж. Нэг нь сургуулиа төгсөөд ахынхаа араас явахаар төлөвлөж байжээ.

Б.Ганхүлэг Солонгост найз бүсгүйтэй байжээ. Найз бүсгүй нь талийгаачтай хамт ажилладаг монгол бүсгүй аж. Хосууд энэ жил эх орондоо ирж хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Талийгаач валентины баяраар найз бүсгүйдээ зүрхэн хэлбэртэй шоколад, тэмдэглэлийн дэвтэр зэргийг өгсөн нь сүүлчийнх нь бэлэг байж. “Хүний нутагт хайрыгаа солонгос хүнд алуулна гэж бодсонгүй” гэж ярих бүсгүй болсон явдлыг одоо ч төсөөлж чадахгүй байгаа гэнэ.

Д.ГАНХУЯГ: СОЛОНГОСЫН ТАЛ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛСЭН

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас ар гэрийнхэнд нь хэрхэн тусалж байгаа талаар тодруулахад “Талийгаач өнгөрсөн пүрэв гаригийн үдэш бусдын гарт амиа алдсан. Маргааш нь тус улсын цагдаагийн байгууллагаас манай Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Бид тэр даруйд нь ар гэрийнхэнд нь энэ харамсалтай мэдээг дуулгасан. БНСУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Солонгос дахь манай улсын Элчин сайдын яаманд очиж гүн эмгэнэл илэрхийлсэн. Мөн бямба гаригт манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамныхан манай яаманд ирж эмгэнэл илэрхийллээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд виз яаралтай гаргаж өгсөн. Манай талаас хүн амины хэргийг хурдан шуурхай, үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Ер нь Солонгосын гал болсон явдалд гүн харамсч байгаагаа илэрхийлсэн” гэсэн юм. Хохирогч БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан учраас Солонгосын тал илүүтэй анхаарч байгаа бололтой.

Талийгаачийн ээж, хамаатных нь ах хоёр өчигдөр Солонгос руу явжээ. Тэднийг БНСУ дахь Элчин сайдын яамныхан хүлээн авсан байна.

ХА МУГААС ГАДНА ДЭЛГҮҮРТ БАЙСАН СОЛОНГОС ЗАЛУУГ ХОРЬЖЭЭ

Ха Му нь Кёнги аймгийн Пажу хотын Гвангтан дүүргийн Чангман хорооны жижигхэн дэлгүүрийн эзэн. Камерийн бичлэгийг шалгахад хэрэг гарах үед дэлгүүрт сэжигтэн, хохирогчоос гадна өөр нэг солонгос эр байсан аж. Тэр залууг хуулийнхан саатуулжээ. Дэлгүүрийн эзэнг тэр залуутай бүлэглэн хохирогчийг зодсон гэж хардаж байгаа аж.

Ц.ӨРНӨХ


URL:

Сэтгэгдэл бичих