Хууль гэж гууль “урладаг” түшээдийн балаг
Эрхэм гишүүд орой бүр зурагтаар, өглөө бүр сонин дээр малтийж байдаг дүрээ харж чадахгүй зовж байгаа бололтой юм. Зарим нь үүнээс болоод залилан маягийн зүйл ч хийхдээ тулж буй гэнэ. Өчигдөр Төрийн ордны В танхимд Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэл ам дагуулсан Дэгийн хуультай холбоотой мэдээлэл хийнэ гэсэн зар түгжээ. Хаалттай хуралдах заалт оруулсан хуулиа нэг тийш болготол Байнгын хороо, чуулганы хуралдааныг сурвалжлахгүй хэмээн гүрийсэн сэтгүүлчид ялалтын уухай дуулдаж магадгүй гэсэндээ 12 цаг гэхэд л бөөнөөрөө хэлсэн газарт нь очиж хүлээсэн гэнэ. Хоёр цаг шахам чилийтэл бас гөлийтэл хүлээлгэсний эцэст эрхэм Лүндээ морилж. Гэтэл юун Дэгийн хууль, дөнгөж тарсан намын бүлгийнхээ хурлыг ярьж сэтгүүлчдийг молигодсон юм байх. Хууртсан сэтгүүлчид ч тэгсхийгээд хурлыг нь хаяад гарчээ. Гар өргөн батлаад, нийтээр дагасугай, сахитугай хэмээн үүрэгддэг эрхэм гишүүд чухам ямархуу үр дагавартай хууль үйлдвэрлэж суудгаа огт ойлгодоггүйг энэ удаагийн Дэгийн тухай хууль нь түмэн олонд илчлээд өглөө.
Хуулийн төсөл дотор Байнгын хорооны хуралдаан хаалттай болох тухай заалт байсныг мэдээгүй хэмээхийн хамт сурвалжлагчдыг мэргэжлийн ур чадвар, ажилласан жилээр нь ялгаварлахыг хуульчилж орхисныг хуулийг албан ёсоор баталгаажуулж эцсийн гарын үсэг зурдаг эрхэм спикер ч анзаараагүй гэвэл яах билээ. Тэгээд ч энэ бол цорын ганц тохиолдол ч биш. Юу үйлдвэрлэж, ямар “хүүхэд” төрүүлснээ өөрсдөө ч мэдэхгүй “нярайлж” суудаг эрхэм гишүүдийн ачаар Монголын хууль гурав хоног гэдэг хэлц улирч хуульгүй төр, төргүй Монгол гэдгээр солигдож магадгүй болов.
Монголын хөрсөнд амьдрах, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх боломжтойн оронд харь хэлнээс чадан ядан буулгасан харь гаригийн шахуу хууль нэртэй худлаа баримт гаргахдаа тэд угаасаа богино настайг нь тун ч сайн мэдэж байдаг. Хэнд хэдийд хэрэг болов гэдгээс л үндсэндээ хуулийн хувь заяа шийдэгддэг.
Хэдэн жилийн өмнө дөө, Казиногийн хууль гэгчийг санаачлаад жил хүрэхгүйн дараа өнөөхөө хүчингүй болгохдоо хэдэн гишүүнээ аавынд аваачаад цоожилж орхисон. Бас Баяр наадмын ч бил үү, ердөө хоёрхон өдөрт хамаатай инээдмийн хууль гаргаад түүнд нь Ерөнхийлөгч нь хориг тавиад баахан жүжиглэснийг хүмүүс мартаагүй байх. Хэдхэн хүнд цол гуншин өгөх тухайг л хуульчилсан иймэрхүү хууль, гууль нь ойлгогдохгүй “бүтээгдэхүүн” Монголын парламентын түүхэнд чамгүй олон бий.
Зарим бараанд ногдуулах гэнэтийн ашгийн татварын тухай гэж бас нэг хууль байв. Шинэ оны анхны өдрөөс хүчингүй болсон энэ хуулийг батлахдаа Лондонгийн металлын биржийн ханшаар тооцно хэмээн хадуурч том онигоо тарьж байснаа эрхэм гишүүд мартаагүй л байлтай.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталсан. Сайндаа ч биш байгаль хамгаалах төрийн бус байгууллагынхны шахалтаар тэдэнд нэр олох гэсэн ганц нэг гишүүн өөрөө ч сайн ойлгохгүй зүйлээ цаасан дээр буулгаад УИХ-д өргөн барьчихсан гэдэг юм. Онигоо л байж болмоор энэ үйлдлийг нь үнэн гэж ойлгохоос аргагүй. Чуулган завсарлах цагт тулгаад энэ хуулийг батлахгүй бол өлсөж цангана хэмээн Төрийн ордны гадна майхан сав бариад ирсэн байгаль хамгаалагчдын шантаажинд автаад л хийчихсэн хууль. Судалгаа нотолгоо ч үгүй уг хуулийн хэрэгжиж эхлэх ёстой хугацаа хэдийнэ жил илүүгийн өмнө өнгөрсөн. Гэтэл өнөөх хууль нь өдгөө Засгийн газрыг нь ганхуулахад хүргэж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах олон шалтгаан үндэслэлийн нэг нь энэ хууль. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудын лицензийг хүчингүй болгохоос аргагүй.
Уг нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн компанийн тусгай зөвшөөрөл нөхөн төлбөр бүрэн барагдаж дууссан тохиолдолд цуцлагддаг. Тэгэхээр дээрх хуулиар эрх нь хөндөгдсөн хайгуулын лицензтэй 900, ашиглалтын лицензтэй 200 гаруй компанийн нөхөн төлбөрийг бүрэн хийсний дараа тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь үүсэх учиртай. Нөхөн төлбөр одоогийн тооцоолж буйгаар 300 гаруй тэрбум төгрөг. Гэтэл энэ мөнгө ёстой нөгөө залуусын ярьдгаар Щвейцарийн банкинд л байдаг байх. Ийм хэмжээний хөрөнгө цүл пал хийтэл гаргаад тараачих бэл лав ойрын хэдэн жилдээ бүрдэхгүй гэсэн. Ингэхээр хууль хэрэгжүүлэх гээд суудлаараа дэнчин тавьсан Д.Зоригтын буруу гэж харахад хэцүү. Гол буруутан нь огцруулна гэж бичиг сачиг барьж гүйлдээд буй гишүүд өөрсдөө юм биш үү. Өнөөх л хууль гэж гууль урлаж суудаг эрхэм түшээдийн гурилддагийн балгаар хэсэг хүн шүүхэд дуудагдаад буй. Усны эх дээр алт олборлож байгаа компанийнханд сануулга өгөх зорилгоор буудсан нь эдүгээ эрүүгийн том хэрэг болоод байгаа билээ. Энэ мэтээр парламентад суудал бөглөн нойрсох эрхэм түшээдийн “урласан” хуулийн балаг дуусахгүй нь.
Н.Сарангэрэл
URL:




