Чонын анчин Ж.Энхбаяр ”хүний ангууч” болохыг санаархаж байна
Чоно бол ”эрийн сайн”-даа өөрийн хоолоо олж иддэг амьтан. Хуучин цагийн хашир анчид ангийн тодорхой цагт чонын авд мордон хээрээр хоноглож, хэцээр дэр хийж байж 1-2 чоно авладаг байж . Тиймээс ч ”чоно гэдэг амьтан ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” хэмээн ярьж, хангай дэлхийд гараад нэрийг нь хэлэхийг цээрлэн “боохой”, “том амт” гэх зэргээр нэрлэдэгсэн. Мөн Монголчууд бид ч өөрсдийгөө Бөртэ чонын удам хэмээн тотемичлэн шүтэж энэ амьтанд хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхэн уламжлалтай билээ.
Харин сүүлийн үеийн хууль тогтоогчид, хурган баячууд, хурдан буутнууд, хүчит машинтангууд ааг омго дарж ядан, алж талах хүслээ тогтоож дийлэхгүй болохоороо Монголчууд өвөг дээдсээсээ шүтэн дээдэлж ирсэн чоно хэмээх энэ амьтанруу аль чадахаараа дайран алж хядах болжээ. Тэдний зарим нь бүр байчихаад чоныг төрлөөр нь хоморголон устгах геноцит үйлдэх мэт 250 гаруй чоно алаад, тэрнийгээ олон нийтэд гайхуулах мэт аймгийнхаа төв талбайд нийтэд дэлгэн үзүүлсэн гэж байгаа. Миний мэдэхийн дэлхийн 2-р дайны үед Адольф Гитлер бөөнөөр хорих концлагерт ийм олон хүн алснаа тухайн үеийн хэвлэлийнхнээр зураг хөргийг нь авахуулан олон нийтэд дэлгэн үзүүлж, өөрийн сүр хүчээ гайхуулахыг зорьж байсан гэдэг.
Нэг талаас харахад, мэдээжийн хэрэг хотондоо чоно оруулж, хонио алдаж байгаа малчны хувьд хэцүү харамсмаар, чоныг устгамаар санагдах боловч залхуу, муу малчид л чононд малаа өгдөг гэдгийг хашир малчид хэлээд өгнө. Тийм байлаа гэхэд чоныг цөөлөх, үргээх зорилгоор цөөн тоотой агнаж болов боловч ийм олноор нь алж усгасан гэхэд нэг л итгэж өгөхгүй байгаа юм. Ийм үйл явдал Говь-Алтай аймагт болжээ. Чоно “авлах”, бишээ хоморголон устгах энэ үйл хэргийг өнөөгийн Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, одоогийн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нар санаачлан санхүүжүүлж хэрэгжүүлжээ. Эрхэм гишүүд чоно авлан, малчдын дунд өөрсдийн рейтингээ өсгөнө гэж тооцоолсон бололтой.
Ж.Энхбаяр гишүүн нэгэнтээ би энэ үйл хэрэгт оролцоогүй, гэхдээ дэмжсэн гэжээ. Өөрөөр хэлбэл чоно авлах үйл хэргийг санхүүжүүлж, нутгийн иргэдийн авласан чоно бүхэнд мөнгө олгох байдлаар дэмжсэн болж таараад байгаа юм. Энэ хүний аав бас “чонын анчин” байсан гэдэг. Жадамбаа генерал сайд байхдаа улсын нисдэг тэргээр чоно хөөж буудаж байгаад нисдэг тэргээ унагаж, сайдын суудлаасаа хөндийрч байсан гэдэг.
Чонын удам дамжсан анчин маань одоо харин хүний “анчин” болхоор шийдэв бололтой. Учир нь тэрээр Батлан хамгааалахын сайд болонгуутаа мэргэн буучдын бүтэл бүтэн ротыг бэлтгэх тушаал гаргажээ. Хэний эсрэг, хэнийг буудуулахаар, хэнийг бэлтгээд байна вэ?, ямартаа ч чоно авлуулахаар мэргэн буучдыг бэлтгүүлээгүй нь лавтай.
Эрхэм сайдаа бид чинь одоо XXI зуунд бид амьдарч байна шүү дээ, магадгүй та XX зууны дунд үед амьдарч байсан бол, дэлхийн 2-р дайны үед цэргийн сайд болсон бол хамгийн эхний хийх ёстой чухал ажил чинь энэ байж болох юм.
Батлан хамгаалах салбар бол иргэд рүүгээ хандсан биш, үндэсний аюулгүй байдалд чиглэсэн бодлого явуулдаг гэдгийг эрхэм сайд андахгүй л мэдэх учиртайсан. Тэгэхлээр сайд өөрөө ингэж ажиллаад байна уу, цаанаас нь сайдаар дамжуулж нам бодлогоо хэрэгжүүлэх гээд байна уу? гэсэн харыг иргэдэд төрүүлж байна.
URL:













