Мэргэжлийн хяналтынхан эхний шийдвэрээ няцаав
-Иргэдийг 16.5 сая төгрөгөөр хуураад өнгөрөх вий-
Дархан-Уул аймагт нэгдүгээр сарын 21-ний оройн 21.21 цагийн үед шинэ хорооллын XIV байрны хоёрдугаар орцны долоон давхрын айлд “Дашваанжил” компанийн таван кг-ын баллонтой газ дэлбэрч дарханчуудыг “шоконд” оруулсан билээ.
Тухайн үед Улаанбаатар хотоос мэргэжлийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг ирж газар дээр нь дүн шинжилгээ хийгээд буцсан. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчид өөрсдийн ажлын урьдчилсан дүгнэлтийг хэвлэл мэдээллээр орон даяар танилцуулахдаа тус байрны хоёрдугаар орцонд хүн амьдрах ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдсэн.
Гэтэл тус дэлбэрсэн барилга дээр ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Оношлогоо судалгааны “Ре-Kонстракшн” төв болон МХЕГ, Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтарч ажиллаж хэмжилт хийсэн бололтой. Эдгээр байгууллагууд сар гаруй хугацаанд шинжилж шалган үзээд Дархан-Уул аймгийн Засаг даргад МХЕГ-ын байцаагч эцсийн дүгнэлтээ хүргүүлжээ. Тус дүгнэлтээр Шинэ хорооллын XIV байрны хоёрдугаар орцонд хүн амьдарч болно гэсэн байх юм. Энэ дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат тус байрны 6-9 давхарт бэхэлгээ хийж, сэргээн босгох боллоо гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Барилгын зураг төслийг мэргэжлийн гурван байгууллагаар хийлгэх болсон гэв. Албан ч байсан, албан бус ч байсан дүгнэлт гэдэг цаасан дээр “болно, болохгүй” гээд үзэгний үзүүрээр шийдэх зүйл. Яг л Хонгор сум хордсон, хордоогүй гэдэгтэй адил.
Цагаан сарын үеэр ОХУ-ын Тувад газар хөдөлсөн. Үүний дараа хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар 1.5 баллын чичиргээ мэдэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхаарах биз ээ. Ахин газар хаана хэзээ хөдлөхийг хэн ч тааж мэдэхгүй. Зураг, төсөл, бэхлэлт, засвар гэж цаг алдан сунжрах хооронд энэ барилга газар хөдлөлтийн чичиргээнд нураад унах вий дээ.
Сар шинийн өмнөхөн дэлбэрэлтэд өртсөн 32 өрх тус бүрт 500 мянган төгрөг нийт 16.5 сая төгрөгийн хандив өгч, түр зуур иргэдийн амыг мөнгөөр хаасан юм биш биз. Гэхдээ 500 мянга гэдэг нөхөн олговор болж чадахгүй “далайд дусал” төдий адил мөнгө. Тус байрны 32 өрхийн 100 гаруй иргэд бий. Мөн тэдний сэтгэл санааны хохирлыг нөхөж барахгүй. Нэг давхрын аж ахуйн нэгж байгууллагад өдөр тутам орох ёстой орлогыг хэн хэзээ нөхөн барагдуулах вэ. Хохироод өнгөрөх үү. Асуудал одоо эхэлж өрнөх бололтой шүү.
Зураг төсөл, бэхэлгээ, сэргээн босгох засвар дуусаад айлууд байрандаа орлоо гэж бодъё. Тэд хэзээ байр маань нураад унах бол айдас дунд амьдарсаар байх болно. Дэлбэрсэн энэ байрыг ямар ч банк барьцаалж зээл олгохгүй нь тодорхой. Байраа зарж, солих эрх нь бараг л бүрэн хаагдсан байх. Тэнэг хүн л шинэ хорооллын XIV байрны хоёрдугаар орцонд байр худалдан авах болов уу. Дэлбэрэлтэд өртөөгүй XIII байранд өрөө хөлслөн сууж байсан гадаадын иргэн байр хөлслөх гэрээгээ цуцалж байлаа. Аюулын бүсээс холдож амь нас, эрүүл мэндээ сахин хамгаалж байгаа нь тэр. Монголчууд бид аюулаас айдаггүй хүмүүс гэж үү. Ниргэсэн хойно нь хашгарахгүй юмсан. “Хүүхдийг чихрээр хуурдаг”- тай адил, иргэдэд 500 мянган төгрөг өгч хулхидаад өнгөрчих бололтой байна.
Мэргэжлийн байгууллагуудаар зураг төсөл хийлгэх хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргаж цаашид сэргээн босгох ажлын хөрөнгийг улсын онцгой комиссоос гаргуулахаар төлөвлөжээ. Дэлбэрэлтэд өртсөн айлууд хэзээ энэ дэлбэрсэн байрандаа орох нь тодорхойгүй гэсэн мэдээллийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат хэллээ.
Дэлбэрэлт болсны дараа “Дашваанжил” компанийн хий түгээх бүх станцуудыг хааснаас болж газын хийгээр ажилладаг 100 гаруй жижиг тэрэгний жолооч хохирход хүрчээ. Эдгээр жолооч нар лизингийн зээлээр машин авсан байна. Хийн түлш байхгүйгээс тэд өдрийн орлогогүй болж, зээлийн алданг төлөх өрөнд өртжээ. Энэ байдлыг арилгахаар “Юнигаз”-ын зөөврийн түгээгүүр ажиллуулж чирэгдэл үүсгэж байна. Дархан-Уул аймагт “Дашваанжил” компани 2009 оноос хойш албан ёсны зөвшөөрөлгүй хий түгээж байсан гэдгийг хоёр хоногийн өмнө аймгийн мэргэжлийн эрх мэдэл бүхий хүмүүс мэдэгдэв.
“Дашваанжил” компанийн хийн нөөцийн агуулах хоёрдугаар сарын 29-ний өдөр ашиглалтад орох байсан боловч мэргэжлийн комиссынхон хүлээн авахаас татгалзан хойшлууллаа. Хийн газ гэдэг аюултай, аймшигтай зүйл мэтээр иргэдийн сэтгэл зүйд айдас суулгах нь буруу болов уу.
Дэлхийн нийтээрээ шатдаг хий ашиглан утаанаасаа салж байгаа. Харин хийг хэрхэн зөв ашиглах, аюулгүй ажиллагааны талаарх сурталчилгааг манай улс л хийхгүй юм. Бид утаагүй түлш, хий, газ ашиглаж байгаль орчноо хамгаалах ёстой. Хий, газ аюултай гэж иргэдээ айдаст автуулан дэлхийн хөгжил дэвшлээс хойш ухарч болохгүйг аймгийн дарга нар ухаарахгүй байгаа бололтой.
Н.Отгонбаатар
URL:













