Нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоожээ
Энэ жил махны үнэ “тэнгэрт хадсан”. Өнгөрсөн жилүүдэд 6000 төгрөгөөс давж байгаагүй үхрийн мах огцом өсч 9000 төгрөгт хүрсэн юм.
Өнөө жил нөөцийн махыг хангалттай хэмжээгээр (12000 тонн) бэлтгэсэн гэж албаны хүмүүс хэлж байгаа боловч өнөөдрийн байдлаар 4600 тонныг нь борлуулж дууссан байна. Харин энэ сард 2350 тонн мах борлуулах хуваарьтай боловч нөөцийн махны үнэ нэмэгдэх учраас нийлүүлэлтийг зогсоосон аж. Иймээс нөөцөлсөн мах наадам хүргэхгүй гэдэг нь тодорхой болж нэмж 15000 тонн мах бэлтгэх Засгийн газрын тогтоол гарчээ.
Өчигдрийн байдлаар нөөцийн мах борлуулдаг хоёр гурван цэгүүдээр явж үзэхэд нөөцийн мах байхгүй байлаа. Харин “Баянзүрх” худалдааны төвөөр өдрийн 12 цагийн үед ороход үхрийн мах нэг килограмм нь 8000 төгрөгийн үнэтэй байв. Хонины мах 7000, адууны мах 5900, тэмээний мах 5300 төгрөгөөр тус тус зарагдаж байв. Харин ямааны мах гараагүй байв. Нэгэн ченжээс асуухад “Ямааны мах ховор байна, хэрэв орж ирвэл 6200 төгрөгөөр зарагдаж байгаа” гэлээ.
Нөөцийн махны талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Лхачинбалаас тодруулахад “Одоохондоо үнийн талаар ярилцаагүй байгаа болохоор нийлүүлэлтийг зогсоосон. Хэзээ ярих нь тодорхойгүй байна. Бид махаа cap хагасын турш хямд үнээр борлуулсан. Үүнээс цаашаа энэ үнээр борлуулах боломжгүй. Ирэх долоо хоногийн эхээр махны үнийн талаар ярилцах болов уу” гэсэн юм.
Ц.Цэцэгжаргал
URL:




