Кувейт улсад суугаа элчин сайд К.Сайраан: Би Монголд биш Кувейтэд байна. Ганцхудагт биш ЭСЯ-ндаа, улсаа төлөөлөх ажлаа хийж байна
Кувейтэд суугаа Монголын элчин сайд К.Сайрааныг тагнуулын хэргээр Ганцхудагт хоригдож байгаа гэсэн нь ор үндэсгүй, илт ташаа мэдээ боллоо. Өчигдөр үдэш Улаанбаатарын цагаар 23.50 орчимд элчин сайд К.Сайраантай манай сурвалжлагч интернэтээр холбогдон, чаатаар тодруулга авсан байна.
Шууд эм эн: Сайн байна уу? Та одоо хаана байгаа вэ? Таныг тагнуулын хэргээр Ганцхудагт хоригдож байгаа гэсэн мэдээ гарчихсан байна.
Элчин сайд К.Сайраан: Би энд Кувейтэд ажлаа хийж байна. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын ажил хэвийн байна. Монгол Улсаа төлөөлж суугаа, дипломат онцгой эрхээ хэрэгжүүлж байгаа хүн шүү дээ. Ийм болчимгүй асуудалд юу ч гэж хариулахаа мэдэхгүй байна. Хаанаас шидсэн чулуу юм бол гэж гайхаж сууна. Хамгийн гол нь хувь хүний нэр төрийн ч асуудал биш боллоо. К.Сайрааных ч биш. Тусгаар улсын нэр төр. Монголын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг өөр орны тагнуул мэтээр гүтгэн гүжирдлээ. Монгол Улсын нэр хүнд гэж байгаа шүү дээ. Улс орныхоо нэрийн өмнөөс худал ташаа мэдээ гарсанд харамсаж байна. Харамсалтай.
Шууд эм эн: Хэн хаанаас ямар учраас ингэж мэдээлэх хэрэгтэй болсон юм бол? Анх сонинд гарахдаа гадаадын хэвлэлд мэдээлсэн гэж дурьдсан байсан.
Элчин сайд К.Сайраан: Орос хэлээр гарч байгаад хаагдсан сайт гэсэн. Тэнд ямар ч баримт нотолгоо байхгүй. Одоо тэр вэб ажилладаггүй, намайг гүтгэсэн мэдээ нь битгий хэл цахим хуудас нь гарч ирэхгүй байна. Буух эзэн, буцах мөргүй, хувь хүн хоорондын, дотоод улс төрийн өс хонзон авах, түр зуурын гүтгэлэг тараах хэрэгсэл юм байлгүй дээ. Ийм гэнэн худлаа асуудалд тайлбар өгөх хэцүү, ор тас орхичих бас хэцүү. Өнөөдөр миний бие Кувейт улсад суугаа элчин сайд. Улс орноо төлөөлж суугаа элч. Улс төрийн албан тушаал хашиж байгаа, УИХ-ын гишүүн байсан бол энэ бүхэнд хариулт өгөөд л, үзэж тараад л байж болно. Элчин сайдын статус нь өөр, улсаа төлөөлж байгаа хүн. Улс төлөөлж суугаа хүн хаа холоос илэрхий худлаа зүйлтэй ноцолдож, хэрүүл уруул хийх уг нь зохисгүй юм. Хувь хүний хувьд доромжлуулахаас айхгүй. Улс төрчийн хувьд нээлттэй байх ёстой. Элчин сайдын хувьд л ийм илэрхий худал зүйлтэй ноцолдож, үг дуугарах хэцүү. Тайлбар өгөөд байх ч зүйл биш юм л даа, уг нь.
Шууд эм эн: Гэхдээ л алс хол Кувейтэд ажлаа хийж байгаа хүнийг, тэр тусмаа манай улсын элчин сайдыг гадаадын тагнуулын хэргээр энд Ганцад сууж байна гээд мэдээ гарчихаар асуух л боллоо.
Элчин сайд К.Сайраан: Сонгууль дөхөж байна. Цуурлаа гүтгэлээ гэхэд улсын нэр төр л хэцүү байна. Үнэн худлыг нь холбогдох газрууд нь олж тогтоох учиртай. Би ч энд улс төлөөлж суух ёсгүй. Асуудал минийх биш, Монгол улсынх. Казахуудыг Монголоос нүүлгэх нууц төлөвлөгөө хийсэн, түүнийгээ араб хэлээр боловсруулж, өөр улсын Ерөнхийлөгчөөр батлуулсан гэж гүтгэлээ. Сүүлд нь шоронд сууж байгаа гэж хүртэл гүжирдлээ. Араб, мусульманы орнуудад намайг суулгахгүй гэсэн бодолтой хүн байж болно гэхэд улс орноо ингэж муучилж болохгүй. Ийм хэмжээнд гүтгэж гүжирдэж болохгүй шүү дээ.
Шууд эм эн: Төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвасан гэсэн мэдээлэл гараад байна шүү дээ. Бид асуух, хариултыг нь олох, мэдээлэл хайх эрхтэй, бас уншигчдад мэдээлэх үүрэгтэй ч гэж болно.
Элчин сайд К.Сайраан: Би зөвхөн элчин сайдын үүрэгт ажлаа өгсөний дараа л өөрийгөө чөлөөтэй өмөөрч, үг дуугарч, бүр дуугарсан шиг дуугарч чадна. Зарга хийгээд дэвэргээд байвал Монголд оруулах хөрөнгө мөнгө, гэрээ хэлцэл, ажил зорилгод нэмэр биш нэрмээс болно. Дипломат алба банктай харилцаж байгаатай адил эмзэг нарийн, нэр төр, итгэлцэл дээр суурилдаг ажил шүү дээ.
Шууд эм эн: Кувейтэд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал болсон, төсөл хөтөлбөр, тусламж зээлийн асуудал ямар хэмжээнд явж байгаа вэ?
Элчин сайд К.Сайраан: Өнгөрсөн он Монгол-Кувейтын харилцаанд өргөн ач холбогдолтой жил болж өнгөрсөн. 2011 оны эхэнд Ерөнхий сайд, 12 дугаар сард нь Монгол Улсын Ерөнхийлөгч айлчиллаа. Кувейтын сан Монголд эхний 100 сая долларын хөрөнго оруулалт хийх гэж байна. Энэ бүс нутгийн орнуудаас тав хүртэлх тэрбум долларын хөрөнгө босгож, Монголд оруулах боломж бүрдээд байна. Монголын талаас хөрөнгө оруулалт хүлээж авах салбар, асуудлаа сайн тодруулж тодорхойлохоос ихээхэн шалтгаална. Улаанбаатарт баригдах, анхаарал татсан парламентын ордны сонгон шалгаруулалт удахгүй эхэлнэ.
Шууд эм эн: Оны заагт Монгол улсад дипломат алба үүсгэн байгуулагдсаны 100 жил боллоо. Та гадаад харилцааны салбарт хэдэн жил ажиллаж байгаа, төрийн ямар алба хашиж байсан билээ?
Элчин сайд К.Сайраан: Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцсанаас хойш энэ салбарт 40 жил болж байна. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар мөн хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Монгол-Арабын улс орнуудын хооронд гүүр байх, гүүр барих ажилд хорин жил зүтгэж байна. Хорин жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудын нэг гэдгээрээ бахархдаг. Үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх эцэг хуулийг батлалцсан. Үндсэн хуулийн тэгш ойн тэмдэглэлт өдрүүдээр ч Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах оролдлого, гутаан доромжлох үг хэллэг гарсан юм билээ. Үндсэн эрх, эрх чөлөөнд халдах, улсын нэр төрийн эсрэг аливаа үйлдлийг хазаарлах ёстойг батлалцсан хуулийнхаа ойн үеэр улам их ойлголоо. Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө улам их ажиллаж хариулах, харуулах болно.
Шууд эм эн: Асуултанд хариулж, холбогдсонд баярлалаа.
Элчин сайд К.Сайраан: Дараа дэлгэрэнгүй ярилцъя. Боловсролтой ард түмэн юу бүтээж болдог тухай, Монголыг яаж тэргүүн баян хөгжилтэй орон болгох тухай ярилцъя гэж бодож байна. Баярлалаа.
Ярилцсан Д.Болд
URL:





