С.Жавхлан хэлсэндээ хүрч эх орны хишгийг тарааж эхэллээ
Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтынхоо ашгаа өөртөө биш долдугаар сарын нэгэнд амиа алдсан хөвгүүдийн ээжид зориулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ч тэр хэлсэндээ хүрч долоон ээжид тус бүр сая төгрөгийг алд цагаан хадагтайгаар гардуулав. Монгол дээл өмч, юүдэн духдуулан, ээтэн гутлаар гангарсан тэрбээр энэ удаа баян чинээлэгтээ биш гагцхүү сэтгэлийнхээ сайхнаар буян болох гэсэн юм хэмээн учирласан. Бас энэ мөнгө бол ганц С.Жавхлангийнх биш миний тоглолтыг зорьж ирсэн ээжүүдийн цагаан сэтгэлийн өргөл, хамгийн цагаан мөнгө гэж байлаа. Энэ үеэр тэрбээр “Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэг. Үнэнээ л хэлье. Надад нэг ширхэг ч уул уурхайн лиценз байхгүй. Гэтэл намайг улс төржлөө, дээл өмслөө гж сүүлийн хэдэн жил элдвээр хэллээ. Энэ бүхэн хэцүү байдаг юм байна. Яагаад ингэж бодол зориг, сэтгэлийн галыг маань мохоогоод байгааг ойлгохгүй байна. Би бусдын төлөө буян л хийх гэсэн юм” хэмээн шулуухан хэлсэн. Цаашид дуучин С.Жавхлан дахиад 21 аймагт тус бүр нэг ядарч зүдэрсэн, сэтгэлийн дэм хэрэгтэй ээжид туслана хэмээн амлав. Мөн хэвлэлийн хурлын үеэр “Би сонгуульд нэр дэвшихгүй”гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
INET.MN
URL:




