Малчдын “буянаар” 400 сая ам.доллар Хятад руу урсчээ
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малын гаралтай түүхий эдэд оногдуулах экспортын татварын хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна.
Хоёр жилийн өмнө малчдын орлогыг нэмэгдүүлэх нэрээр экспортын татварыг тэглэсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болсон. Энэ татварыг тэглэснээр улсын төсөвт орох ёстой татварын хэмжээ 400 орчим тэрбум төгрөгөөр буурч, малчдад хэдэн төгрөг илүү очсон. Гэхдээ энэ мөнгө угтаа малчдад биш Хятадын импортын татварыг нэмэгдүүлж орхисон юм.
Нэг кг түүхий ноолуурт 4000 төгрөгийн татвар ногдуулж байсныг эргээд сэргээвэл мэдээж малчдад таалагдахгүй. Малчид олсон орлого, ашгаасаа улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй хэрнээ цас орохоор зуд боллоо, нар гарахаар ган боллоо гэдэг. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлж хууль гаргаад байвал улс орны эдийн засаг, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар уналтанд орж магадгүй байна.
2006 онд дөрвөн мянган тонн ноолуур бэлдсэн бол 2009 онд 6.4 мянган тонныг бэлджээ. Гэхдээ 1.4-1.8 тонныг нь л анхан шатны боловсруулалт хийж, үлдсэн нь түүхийгээрээ урд хилээр гарчээ. Гэтэл дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд хүлээсэн үүргээр малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргасан тохиолдолд анхан шатны боловсруулалт хийх ёстой. Гэтэл малчдын “балгаар” экспортын татвар тэглэгдсэн.
Улсын төсөвт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн л орлого оруулна. Харин одоо гадаад зах зээлийн байдлыг харвал жилд дэлхийн хэмжээнд 20-30 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн борлуулагдаж байгаагийн 15 сая ширхэгийг БНХАУ нийлүүлдэг. Энэ бүтээгдэхүүний түүхий эдийн 40 хувийг манай улс бэлтгэн нийлүүлдэг аж. Эндээс их хэмжээний валют хаашаа урсаж байгаа нь харагдаж байна.
Өнгөрсөн жилийн байдлаар Японы зах зээл дээр жилдээ 10.5 сая ширхэг ноолууран хувцас борлуулагдсаны 2.5 сая ширхэгийг Хятад улс экспортолж, манай улс 10 мянган ширхэгийг л борлуулжээ. Яг ийм байдал сүүлийн арваад жил үргэлжилсэн байна. Хэдийгээр 400 сая ам.долларын орлого оруулах экспортын татварыг уйлагнаж байгаад тэглүүлж чадсан малчид ноолуурын гарцыг нэмэгдүүлж байгаа ч чанарт анхаарахгүй байгаа.
Хаврын хаварт малчдын ганц сонирхдог сэдэв бол ноолуурын үнэ ханш байдаг. Тэгвэл ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Г.Бадарчийн мэдээлж буйгаар энэ хавар ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхээс буурахгүй гэнэ.
Мэдээллийн эх сурвалж BTV
URL:













