Сон Ил Хо: Нууц хэлэлцээр хийх талаар ярьсан зүйл бидэнд байхгүй
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Японы асуудал хариуцсан Элчин сайд Сон Ил Хо, Японы Такүшёки их сургуулийн профессор Манабэ Садаки нар энэ сарын 17-18-нд Их тэнгэр цогцолборт уулзаж, нууц хэлэлцээр хийсэн гэх дуулиан тарьсан мэдээлэл шинэ долоо хоногийн ажлын эхний өдрийг угтлаа. Мэдээлэл гарсан даруй Пхеньянаас ирээд удаагүй байгаа ноён Сон Ил Хо өчигдөр “Чингис” зочид буудалд мэдээлэл хийлээ. Японоос хулгайлагдан өдгөө ч БНАСАУ-д ажиллаж, амьдардаг иргэдийн асуудлаар ярилцан, нууц хэлэлцээр хийнэ гэх мэдээлэл сарын өмнөөс Японы хэвлэлд удаа дараа гарсан учир “NHK” телевиз болон томоохон хэд хэдэн сонины төлөөлөгчид эл хэвлэлийн бага хуралд ирсэн байв.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Та Японы Такүшёкү их сургуулийн профессор Манабэ Садакитай уулзсан гэсэн. Та бүхнийг нууц хэлэлцээр хийсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Ямар асуудлаар ярилцсан юм бэ?
-Уулзсан нь үнэн. Гэхдээ ноён Манабэ Садаки бид хоёр албан ажлаар уулзаагүй. Бид олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг учир эртний танилын журмаар л уулзсан. Тэр хүн Японы Засгийн газар болоод эрх бүхий байгууллагын төлөөлөгч биш учир ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй.
-Манабэ Садаки танай улсад хулгайлагдсан иргэдийг хамгаалах Нийгэмлэгийн тэргүүн байсан юм билээ. Танилууд уулзахын төлөө Монгол Улсыг сонгож, албан ёсоор хүсэлт тавих шаардлага байсан юм уу?
-Бид тэнд таараад л уулзсан.
-Энэ удаагийн уулзалтад оролцох Японы парламентын гишүүн Накай Хирошид албан томилолт өгөөгүй юм билээ. Хэрвээ тэр хүн ирсэн бол та бүхэн ямар асуудлаар ярилцах байсан бэ?
-Япон, Монголын хэвлэлүүдээр шуугиад байгаа нууцаар хэлэлцээр хийх талаар тохирсон зүйл бай гааг үй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Японы сэтгүүлчид ташаа мэдээлэл гаргасан байна. Би дөнгөж сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, олон жилийн найрсаг хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлаар ярилцсан гэв. Тэд Ерөнхийлөгчийн Тамгын газарт уулзах боломж олгон байр гаргаж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч Их тэнгэрт уулзахыг зөвшөөрсөн юм байна. “NHK” телевизийн сэтгүүлчид “Хулгайлагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах нь манай улсад анхаарал татсан асуудлын нэг байдаг. Та бүхэн бидэнтэй адил мэдээлэлтэй байгаа юм байна. Юун тухай уулзалт зохион байгуулж, ямар нууц хэлэлцээр хийсэн, эсэхийг мэдэхээр бид ирсэн. Хангалттай мэдээлэл олж авч чадсангүй” гэж ярьж байв.
Х.ОЮУНСҮРЭН
URL:




