Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйг хичээх Өмнөд Солонгос
Дональд Трамп, Ким Жон Ун нар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахгүй ч гэлээ ядаж үйлдвэрлэлийг нь царцаах тохиролцоонд хүрч чадвал Өмнөд Солонгос үүнийг хүлээн зөвшөөрнө гэж Ли Жэ Мён мэдэгдэв. Хойд Солонгос улс 2022 онд цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгээ зарлаж, зэвсгээ хэзээ ч орхихгүй гэж амласан билээ.
Ли Жэ Мён “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Хойд Солонгос жилд 15-20 цөмийн зэвсэг нэмж үйлдвэрлэж байгаа. Түр зуур гал намжаах зорилгоор үйлдвэрлэлийг нь царцаавал цөмийн зэвсгээс ангижрах боломжит, бодит хувилбар болох байх. Бид цөмийн зэвсгээс ангижрах урт хугацааны зорилтоо орхиогүй цагт Хойд Солонгос цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтаа зогсоох нь тодорхой ашиг тустай гэдэгт би итгэж байна. Бид эцсийн зорилгодоо хүрэх үр дүнгүй оролдлого хийсээр байх уу, эсвэл илүү бодитой зорилго тавьж, заримд нь хүрэх үү гэдэг л байна” гэсэн юм.
Ли Жэ Мён өнгөрсөн зургадугаар сард албан тушаалаа хүлээж авсан. Үүнээс хойш тэрбээр Хойд Солонгостой энх тайван харилцаа тогтоож, Юн Сук Ёлын үед үүссэн хурцадмал байдлыг намжаахыг хичээсээр байна. Энэ хүрээнд тэрбээр 2019 онд тасалдсан АНУ, Хойд Солонгос хоорондын цөмийн хэлэлцээрийг эргэн сэргээхийг Дональд Трампаас хүсч буй.
Гэвч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Ням гаригт /2025.09.21/ үг хэлэхдээ “Трамптай хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа ч АНУ Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижруулах хүсэлтээ цуцалсан тохиолдолд л болно” гэсэн юм.
Трамп, Ким Жон Ун нарын итгэлцэл харьцангуй өндөр түвшинд байгаа мэт ойлгогдож байгаа тул хэлэлцээр эргэн сэргэх магадлалтай гэж Ли Жэ Мён үзэж байна. Хэлэлцээр эргэн сэргэж гэмээнэ Өмнөд Солонгост ашигтай байгаад зогсохгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах боломжтой.
Өмнөд Солонгос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байгаа боловч ачир дээрээ хамгаалагдаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь Хятад, Орос улсууд Умардын цөмийн хөтөлбөрт цаашид хориг арга хэмжээ авах оролдлогыг олон жилийн турш хаасаар ирсэн. Ли Жэ Мён энэ талаар хэлэхдээ “НҮБ үнэхээр амар амгалан дэлхийг бий болгох тал дээр хүчгүйдэж буй нь тодорхой байгаа. Гэхдээ өөр олон чухал үүргийг гүйцэтгэдэг гэдэгт нь итгэлтэй байна. Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх нь тийм ч бодит алхам биш” гэжээ.
Хятад улс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрт тусалж байгаа эсэхийг Ли Жэ Мёноос асуухад “Үүнийг мэдэх боломжгүй” гэж хариулсан юм.
Гэхдээ Бээжингийн цэргийн парадын үеэр Хятад, ОХУ, Хойд Солонгос улсууд нягт харилцаатай байсан нь Өмнөдийг маш хүнд байдалд оруулсан гэдгийг тэр нуугаагүй. “Тэд ийм ойр дотно байхыг харах нь бидний хувьд хүсээд байх зүйл биш. Бид АНУ, Японтой нягт хамтран ажиллах замаар хариу арга хэмжээ авах болно” гэж Ли хэлжээ.
Бээжингийн цэргийн парадын үеэр Хятад улс Умардын цөмийн зэвсэг болон цөмийн зэвсгээс ангижрах талаар олон нийтэд мэдэгдэл хийгээгүй билээ.
Түүх харвал, Өмнөд Солонгос нь цэргийн холбоотон АНУ болон худалдааны түнш Хятад хоёрын хооронд алтан дунджийг баримталсаар ирсэн улс. Гэвч энэ нарийн олсыг даган алхахад улам л төвөгтэй болж буй бололтой. Ли Жэ Мён саяхны нэгэн ярилцлагадаа шинээр бий болж буй дэлхийн дэг журамд АНУ-ын талд зогсоно гэж хэлсэн боловч ачир дээрээ өөрсдөдөө дайсан хураахаас зайлсхийж байгаа нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл, зүүний үзэл баримтлалтай, хатуу үзэлтэй сөрөг хүчний удирдагч гэдгээрээ танигдсан байсан Ли өдгөө өөрийгөө төв үзэлтэн гэж танилцуулж байна. Өдөр өдрөөр өөрчлөгдөж буй ертөнцөд тэрбээр Өмнөд Солонгосын байр суурийг овсгоотойгоор маневрлахыг оролдож байна. Тиймдээ ч хэлэх үг, илэрхийлэх байр сууриа болгоомжтойгоор сонгож байна.
Одоогийн нөхцөл байдлаа тэрбээр “Дэлхий хоёр хуаранд хуваагдаж, Өмнөд Солонгос яг хил дээр нь байрлаж байна” гэж зүйрлэсэн юм. Мөн Хятад, Оросын хажууд үнэхээр найдваргүй байрлалд байгаагаа ч онцолжээ.
Хойд Солонгос улс Украин дахь дайнд цэрэг илгээж, Оростой түншлэлээ гүнзгийрүүлсэн. Тэгвэл Ли Жэ Мён Оростой ч харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжилж байна. “Оросын Украин дахь түрэмгийллийг буруушааж, дайныг аль болох хурдан дуусгамаар байгаа нь ойлгомжтой. Гэхдээ улс орнуудын харилцаа гэдэг тийм амар зүйл биш. Бид аль болох хамтран ажиллах арга замыг хайж, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлздэг” гэж тэр хэлэв.
Түүнчлэн Трампын худалдааны дайнд АНУ-ын олон ч найз нөхөр, дайсан өртсөн тул Вашингтонд хэт найдахын аюулыг бүгд ойлгож авсан. Ли Өмнөд Солонгосын татварыг 15 хувь хүртэл бууруулж чадсан бөгөөд саяхан Цагаан ордонд хийсэн айлчлалынхаа үеэр Трампын сэтгэлийг ч татаад амжсан юм.
Эргэн сануулахад, Зууван танхимаас “амьд мэнд” гарч, хамгийн аюулгүй мултарч чадсан хүнээр Ли Жэ Мён тодорсон билээ.
Гэвч түүнээс хойш талууд хэлэлцээрийн нөхцлөө тохирч чадаагүй хэвээр байгаа тул худалдааны яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Энэ үетэй давхцан АНУ-ын цагаачлалын албаныхан Жоржиа муж дахь “Hyundai”-ийн үйлдвэрт баривчилгаа явуулж, Өмнөд Солонгосын олон зуун ажилтныг нутаг буцаав. Ли Жэ Мён иргэдийнхээ өмнөөс дургүйцлээ илэрхийлсэн боловч энэ явдлыг ашиглаад Вашингтонтой харилцаагаа сайжруулахыг хичээж магадгүй.
Эцэст нь дурдахад, Ли Жэ Мёны хувьд өдгөө хамгийн чухал зүйл бол хоёр Солонгосын итгэлцлийг сэргээх явдал. Хойд солонгосчууд түүний сүүлийн үеийн хүчин чармайлтуудыг няцааж, хий хоосон мөрөөдөгч, төөрөлдсөн нэгэн гэж нэрлээд буй. Гэсэн ч Ли Жэ Мён гэнэн тэнэг биш. Солонгосын хойгт энх тайвныг тогтоох хамгийн дөт гүүр бол Дональд Трамп гэдгийг тэр мэднэ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
URL:





