Г.Занданшатар Засгаа унагаах нүүдлээ өөрөө хийчихлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж, “…Нүүрсний хулгайг илрүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байна” гэлээ. Түүний энэхүү мэдэгдэл МАН доторх уур амьсгал, өнгөрсөн Бага хурлын үр дүн, цаашлаад эрх баригч намын төр барьж буй хандлага зэрэг олон үр дүнг харж болох үйл явдал боллоо.
Тэгвэл одоо юу болох, ямар процессууд өрнөх вэ гэдэг тун сонирхолтой.
МАН-ын даргын сунгаа Бага хурлын өмнө нэр дэвшигчид заамдалцсаар эхэлсэн. Энэ чигээр хуралдаа орж, одоо ч үргэлжилж байгааг харлаа. Хамгийн гол ньюанс нь Г.Занданшатарын Засгийн газар урт насгүй болж байгаа бололтой. Үүнийг батлах хоёр үндэслэл байна.
Нэгд: Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэсэн заалттай. Энэ процесс өрнөөгүй, томилгоог шууд зарлаж байгаа нь Үндсэн хуулийн шууд зөрчил болох магадлалтай.
Хоёрт: МАН Бага хурлаараа намын даргаа сонгосон. Намын даргын сонгох үйл явц, шинэ журам батлах, тооллогын комиссыг ахлуулах зэрэг бүхий л процесс, субьектэд нэр дэвшигчид аль аль нь ашиг сонирхол, нөлөөгөө оруулж амжсан. Ерөнхий сайд Г.Занданшатар гэхэд саналын 3/2-ыг авч чадаагүй тохиолдолд… гээд шинэ журам батлах явцыг бүрэн дэмжиж, өөрсдийн хүмүүсээ оруулсан. Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан гэхэд өөрийнх нь хүн гэгддэг. Гэвч үр дүн өөр гарсан.
Үр дүн ямар байхаас үл хамаарч энэхүү шийдвэр бол намын бодлого болж таарна. Тэгвэл Г.Занданшатарын өнөөдрийн томилгоо буюу “Д.Амарбаясгалангийн “но”-г илрүүлэх үүрэг бүхий Б.Энхбаяр”-аар Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлуулна гэдэг Бага хурлынхаа гишүүдийн гар өргөж дэмжсэн шийдвэрийн эсрэг ажиллагааг эхлүүлж байна гэсэн үг. Тиймээс намын бодлогын эсрэг хийсэн үйлдлээр нь МАН хэзээ мөдгүй Бага хурлаа зарлаж, Ерөнхий сайдыг огцруулах санал гарах магадлалтай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Сонирхолтой нь, Бага хурлын шийдвэрийн дараа буюу Ерөнхийлөгч АНУ-аас ирсэн даруйд Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар нар очиж уулзсан бөгөөд уулзалт таагүй уур амьсгалтай өрнөсөн гэх мэдээлэл байна.
Ямартаа ч Бага хуралдаа заамдалцаж орцгоосон МАН-ын дарга нар дуусахдаа ч энэ чигээр, өнөөдөр ч өш хонзонгоо төр, төрийн аппаратаар авч байгаа байдлаар үргэлжилж байна.
Эцсийн дүндээ МАН-ын даргын асуудал дагасан үйл явдал процессууд, хууль тогтоох байгууллагын үнэн төрх зэрэг нь улс орны эрх ашгийн өмнө тавигдаж, эрх мэдэл албан тушаалын төлөө нам ч биш, төр ч биш болгож байгаа үйл явдал маш гутамшигтай, жигшим байгаа нь аюултай юм.
Ялангуяа өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсөв, нэн чухал хуулийн төслүүд, өвлийн бэлтгэл, шатахуун бензиний хомсдол, агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийгэм, ард түмний хоолойнд тулсан, амь настай яригддаг олон асуудал зэрэгцэж байгаа энэ цаг үед улстөрчид нэгэнтэйгээ хэрхэн өсөрхөж, хуулийг, хууль хяналтнхныг ашигладаг, нэгнийгээ ялахын төлөө бүтэн салбарыг золионд гаргаж, томилгоо хийж буй үйлдэл Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардын нийгэм эдийн засгийн сайн сайхан байдлыг ойрын хэдэн жил ярилтгүй болгож байгаа үйл явдал болж байна.
Найдах нэг зүйл нь, Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдож буй Б.Энхбаярын дохио зангаагаар хууль хяналтынхан явах уу, эсвэл хуулиа сахиулах уу гэдгийг харах үлдлээ. Эрх баригч МАН тун саяхан АТГ-ыг хэрхэн “амны алчуур” болгосноо зарласан билээ…
https://tsahiur.mn/n/s/25184
URL:




