Сонгууль угтсан улс төр: УВС

Увсынхан Төрийн тэргүүнээр 10 жил, Ерөнхий сайдаар 22 жил ажилласан Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалаар одоо ч бахархдаг гэдэгтэй маргаад нэмэргүй. Дөрвөд хүн төрийн толгойг тасралтгүй 44 жил удирдсан эгэл бус түүх чухамхүү Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошууны (өнөөгийн Увс аймгийн Давст сум) уугуул Ю.Цэдэнбалынх билээ. Олон намын өрсөлдөөнт ардчилсан сонгуулийн түүхэнд Увс аймагт зөвхөн МАХН-ын нэр дэвшигчдийг зүслээд оноочихсон аятай УИХ-ын таван удаагийн сонгуульд нэг намын төлөөлөл дараалан ялсан байх юм. УИХын сонгуулийн зураг дээр Увсын тойрог час улаанаар тэмдэглэгдэх болсны шалтгаан нь Увсын бахархалт хөвгүүн Ю.Цэдэнбал агсны 44 он улиран удирдсан МАХН-тай холбоотой байж болох юм. Харин энэ удаа Увсын сонгогчдын хувьд өөр сонгууль болох эсэхийг тус тойрогт улс төрийн намуудын явуулж буй үйл ажиллагаа, дэвшихээр горилогсдын жагсаалтаас тандаж үзье.

Ц.НЯМДОРЖ 16 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА ТОЙРГОО СОЛИХ БОЛОЛТОЙ

2008 онд Увсын тойрогт ялалт байгуулан Парламентад сонгогдсон УИХ-ын гурван гишүүн бол Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн. Ирэх сонгуульд хоёр мандаттай болсон энэ тойрогтоо дахин нэр дэвших эрх эдний хоёрт л ногдох юм. Эхний хоёр нэр Б.Чойжилсүрэнгийнхийг бодвол хамаагүй “идэвхтэй” уншигдаж байгаа биз. Ц.Нямдоржийн тухай ярих ч илүүц биз, уугуул нутагтаа дөрвөн сонгуульд дараалан ялсан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр дахь удаагаа ажиллаж буй данагар улстөрч, дархан түшээ.

Ч.Хүрэлбаатарын хувьд УИХ-д анх удаа сонгогдсоноороо Чойжоотойгоо адилхан боловч ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, эдийн засгийн томоохон төслүүдэд оройлон оролцдог гээд хийсэн ажлаараа жин дарах эрхэм. Тэгээд ч өнгөрсөн дөрвөн жилд төсвийн хөрөнгөөр Увс аймагт хийж буй бүхий л ажлын автор нь мань Ч.Хүрэлбаатар өөрөө мэт харагдах “шаанс” ЗГХЭГ-ын даргад элбэг тохиож таарна. Гэвч сайн нэртэй даргаасаа Бөхмөрөн сумын сонгогчид нь сая ам.доллар нэхэх гээд хөдөлгөөн хүртэл байгуулах сураг гарах болжээ. Хотгор шанага хэмээх нүүрсний орд бүхий газрын лицензийг солонгосчуудад худалдаж 10 сая доллар олсон гэж Ч.Хүрэлбаатарыг хардагсад олзноосоо ганц саяыг нь нутгийн иргэддээ өг гэж шаардах гэнэ лээ.

Харин энэ Чойжоо… УИХ-ын танхимд юу ч ярьдаггүйгээрээ Монгол даяараа гайхагдсан гишүүн бол Б.Чойжилсүрэн. Увсынхан л “Манай хэлгүй Канделериа” хэмээн танимхайрах боловч энэ нутгийнхан угаасаа л Нямка шигээ хатуу үгтэй, хэлэмгий улстөрчдөд талтай ханддаг уламжлал бас бий. МАН сонгуульд дэвшигчдийн жагсаалтаа үйлдэхдээ Увсад Ц.Нямдоржийн нэрийг зоохгүй бололтой. Сүүлийн үед түүнийг нийслэлийн тойрогт өрсөлдөнө гэсэн сураг ажиг “явах” болсон. Хэрэв энэ үнэн бол Ц.Нямдорж 16 жилийн турш түшиглэсэн улс төрийн талбараасаа нүүж, өөрийнхөө намтарт цочир мөр үлдээх нь. УИХ-ын өмнөх сонгуулиудад 62- 69 хувиар ялалт байгуулж байсан Ц.Нямдорж 2008 онд 55 хувийн санал авч, МАХНаас хамт дэвшсэн хоёрынхоо шилийг харж жагссан аж. Түүний рейтинг Увсад сүүлийн жилүүдэд уруудаж байгаа учраас хашир улстөрч тойрог солих бодол өвөртөлсөн байх магадлалтай л юм.

АН ХАМГИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАЙ ДӨРВӨДӨӨ ИЛГЭЭНЭ

Увс аймгийн Ардчилсан намын хорооны дарга Д.Цэндсүрэн өнгөрсөн хоёр жилд цагдаагаас дутахааргүй соргог ажиллажээ. Тэрбээр өрсөлдөгч МАН-ын рейтингийг Увс аймагт анх удаа уруудахад хүргэж чадсан байна. Аймгийн Засаг дарга, МАН-ын гишүүн Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар төсвийн мөнгийг зуу зуун саяар нь хувьдаа завшсан тухай ноцтой мэдээллийг Д.Цэндсүрэн анх дэлгэснээр зөвхөн Увсын ч бус, МАНын хэд хэдэн Засаг даргын холбогдсон байж болох авлигын хэргүүд ар араасаа хөвөрсөн билээ. АТГ-т шалгуулж байгаа аймгийн удирдлагуудын ал даа нь МАН-д оногдон, эрх баригч хүчинд үл итгэх хандлага Увсад газар авсан энэ цаг үед олигтойхон сонгууль хийх урмаар АН дүүрэн байгаа аж. Гэвч МАХН-ыг сонгож дадсан нутгийнхны сонголт яаж эргэхийг таашгүй. Н.Энхбаярын МАХН руу ч “үерлэж” мэдэх л юм.

АН-аас хэн нь ч нэр дэвшсэн бай, аймгийн хороон дахь олон фракц энэ сонгуульд эв нэгдлийг эрхэмлэн оролцвол нөхцөл байдал урьдынхаас хавьгүй дээрдсэн тул “ханцуй шамлах” л үлдлээ. АН-аас Увсын хоёр мандат дээр горилогчдын цуваа энэ удаа нэлээд урт байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү, үндэсний бөхийн гарьд Б.Гантогтох, хуульч Т.Мэндсайхан, “Цэдэнбал” сангийн тэргүүн М.БатАмгалан, Улсын бага хурлын гишүүн асан П.Улаанхүү нар нэр дэвших бодолтой байгаа. Өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн АН-ын хороо хуралдах үеэр Д.Нямхүү сонгуульд өрсөлдөнө гэдгээ орон нутгийн телевизийн сэтгүүлчдэд хэлсэн байна. Хамтарсан Засгийн газарт дэд сайдын албыг сайн гүйцэтгэсэн, мөн АН-д хамгийн өндөр алба хашсан цорын ганц дөрвөд учраас нам нь Д.Нямхүүг төрөлх аймагт нь илгээвэл нүдээ олсон хэрэг ч байж магадгүй. Б.Гантогтохын хувьд Увсад төдийгүй Монголдоо нэртэй хүний зүстэй хүү. Түүнийг сонгуульд хэрхэн “барилдахыг” зүгээр л сонжих хүсэлтэй бөх сонирхогчид Увсын тойргоос гадна ч бишгүй л болов уу. Харин Б.Гантогтох намынхаа аймгийн хорооны хуралд ирээгүйгээс болж “Гарьд нэр дэвшихгүй бололтой” гэсэн таамаг тараад байгаа аж.

САНГИЙН САЙД АСАН Н.БАЯРТСАЙХАНЫ СУРАГ ГАРАВ

Увсын тойрогт МАХН-ын рейтинг 10 хувьтай байгааг МАН, АН-ын аль алинаас нь тус бүр дотоод хэрэгцээндээ зориулан явуулсан судалгааны дүнгүүд нотолжээ. Энэ нь Монголын хамгийн том хоёр намыг болгоомжлуулах хэмжээний үзүүлэлт аж. Ийнхүү рейтинг сайтай байгаа гэх МАХН-ын хороо, үүрүүдэд хэн байдаг юм гэхээр тун цөөн гишүүнчлэлтэй байх агаад тэд нь ч төвөөс Н.Энхбаяр дарга нь л ирдэггүй юм бол олны өмнө ил гараад байдаггүй гэнэ. Энэ сарын эхээр МАХНын баруун бүсийн цугларалт Ховд аймагт болжээ. Тэр үеэр Сангийн сайд асан Н.Баяртсайхан энэ намаас Увсын тойрогт дэвшиж магадгүй талаар ярилцсан байна.

Н.Баяртсайхан 1992- 2000 онд болсон гурван удаагийн сонгуульд МАХНаас дэвшихдээ дараалан ялсан, энэ нутгийн уугуул. Харин 2004, 2008 онд нийслэлийн тойрогт өрсөлд өж, удаахид нь буюу Баянгол дүүрэгт “өвдөг шороодон” их улс төрөөс сураг алдраад байсан билээ. Н.Энхбаяр Н.Баяртсайханыг ятгаж чадсан эсэх удахгүй тодорхой болох биз ээ. МАХН-ыг тойрсон сонгуулийн эвслээс Увсад дэвшихээр яригдаж буй олон горилогчийн дотор эгч, дүүс ч байна. Гавьяат жүжигчин С.Жавхлан бие даан өрсөлдөх болбол түүний төрсөн эгч С.Амар энэ эвслээс нэр дэвших аж. С.Амар Увс аймгийн “САМА” телевизийн захирлаар ажилладаг учраас МАХН-ынханд түүнтэй хамтран ажиллахад таатай байдаг бололтой. С.Жавхлангийн хувьд рейтинг нь МАХН-ынхаас ч өндөр байгаа гэдэгт эргэлзэхгүй, амбийц нь асар тэнгэрт яваа биз ээ.

Б.ЭНХЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих