СҮЛЖЭЭНИЙ ОРОН

Миний монгол сүлжээний орон билээ. Аль хар багаасаа л сонсож дассан яриа бол сүлжээний тухай яриа байсан даа. Нөгөө хэн гуайтай уулзах сан. Ахын хүүхдийг жолооны курсэд оруулах гэсэн юм. Эсвэл, чи нөгөө хэн гуайг танина шүү дээ. Манай эгчид нэг аятайхан ажил олоод өгөөч гэх мэт. Энэ нь аль нэг танидаг хүнээр,эс бөгөөс танидагийн танидаг хүнээр ямар нэг ажил төрөл бүтээлгэх гэсэн оролдлого юм. Арав хорин сая хүнтэй хотуудад бол, за англи хэлний курсэд ороё, хаана, манай гэрт юмуу ажлын газартай минь ойрхон тийм курс байна уу гээд хаягийн дэвтэр шүүрч авна. Манай цөөхөн монголчууд бол албан газар, шүүх, тамгын газар хайхын оронд заавал эхлээд нэг нэгнээсээ асууна. Чамд тийм газар танил байна уу? Хамаатан садан чинь байна уу? гэх мэт.

Тэгээд заавал нэг танил олддог нь сонирхолтой. Тэр хүн нь тэгээд тусалдаг нь ч бүүр сонирхолтой. Ямар сайн даа л,за олон юм яриад байвал хамаатан садан болчихно больё гэдэг яриа байсан шүү дээ.Уг нь дэм дэмэндээ гэсэн ард түмний амьдрал дундаас гарч ирсэн байдал байх л даа. Гэтэл манайхан өөрсдийнхөө амин хувийн ажилдаа энэ сүлжээг ашигладаг. Тийм ажлыг тэгж хийцгээе,ийм байдлаа ингэж засацгаая гэхийн оронд амар хялбар аргаар амин хувийнхаа ажлыг л бүтээгээд авъя гэсэн үүднээс хандаад сурчихсан байдаг.

Юмыг буруу сурахдаа гарамгай монголчууд бид бүүр заримдаа,монгол хүн буруу ярьж зөв ойлгодог юмаа гэж өөрсдийгөө өөгшүүлнэ. Одоо цагийн энэ эмийн,гоо сайхны сүлжээнүүд гадаадад бол нэг их явцгүйгээрээ эл доль болчихсон байхад манайд ямар ашигтай байна гээч. Залуухан охидууд ийм ч тос,тийм ч үнэртэн, залуу болгодог тийм ч эм тан гээд хаанаас ч юм олоод мэдчихсэн хамаг мөнгөө тийш нь үрээд л байна.Хөөрхий ээж нь өчнөөн жил гоёсон ногоон торгон дээлтэйгээ алхаагий нь гүйцэж ядан дэлгүүр орж сүү авахаар яарч явахад суналзсан охин нь зөв хоолноосоо хоцорчих нь гээд гүйгээд алга болно.

Хорин санжийн өндөр өсгий гишгэсэн ээж гуай гадаадын дээд зэргийн фирмийн цүнхээ уудлангаа ,дэлгүүр онгойх болоогүй байхад хүнийг эрт дуудаж ирүүллээ гэж хэдэн ном авахуулах гэсэн арван хоёр, гуравтай хүүгээ хяргах шахан загнана. Хүн болгон,хүүхэн бүр ийм биш ч гэсэн туйлшрахын дээдээр туйлширдаг миний монголчуудын дотор сүлжээ гэгч “өвчин” газар авсаар байна.Одооны ямар ч албан газар орсон сүлжээний үнэртэй ус үзэж болно.Тэгэхдээ тэр үнэртэй усны үнэр нь мэдэгдэхгүй.Яагаад гэвэл тэр газрын цонхон дээрх цэцгийн навч төө хирийн тоосонд дарагдан,шалныхаа шороотой цуг ханх тавина. Удахгүй “ногоон хурганы арьс нохойн битүү туурайг” үзэх байлгүй дээ.

Тэгээд л “Илбэ жилбэ далайн захад гэлэг ёндон уулын энгэрт” амар сайхандаа жаргацгааж,алив таньдаг хүн байна уу,би энэ жил,энэ сард үхмээргүй байна гээд л сураглах байх даа.Манайхны “арын хаалга” гэж нэрэлдэг энэ сүлжээ үхэх төрөх хоёрт даанч нэг туслахгүй л болов уу даа!!!

Жамсрандоржийн Оюунцэцэг.


URL:

Сэтгэгдэл бичих