Автобусны жолоочийн анхаарал хаана явна
Он гарсаар том оврын автобусны жолооч нар дөрвөн ч удаа томоохон хэмжээний осол гаргаж, иргэд хүнд хөнгөн гэмтэл авч, эд материалын асар их хохирол учирсан.
Ослын дийлэнх нь өглөөгүүр гарсан байдаг. Ялангуяа “Тэнүүн-Огоо” хэмээх компанийн жолооч нар ослын ихэнх хувийг гаргадаг гэж албаны хүн ярьж байхыг сонссон юм байна.
Тухайлбал, саяхан тус компанийн автобусны жолооч Сансарын тунелийн замаар явж байхдаа гэрлэн дохион дээр зогсч байсан долоон машиныг мөргөсөн. Ослыг автобусны жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж шинжээч дүгнэлтээ гаргасан байна билээ.
Үүний дараа дахиад л энэ компанийн автобусны жолооч осол гаргаж, таван машиныг мөргөсөн. Ослын талаар жолооч хэлэхдээ тоормос гэнэт ажиллагаагүй болсон хэмээсэн гэнэ. Харин албаны эх сурвалж ослын газарт үзлэг хийхэд тоормосны мөр огт гараагүйгээр үл барам гэрлэн дохион дээр зогсч байсан машинуудыг 20 орчим метр түрсэн байна гэсэн билээ. Ийм л том хэмжээний ослыг удаа дараа гаргаад байгаа компанийн эзэд жолооч нараа сонгон шалгаруулж авах цаг болсон л баймаар.
Уг нь нийтийн тээврийн жолооч хүний амь нас эрүүл мэндийг хариуцаж байх ёстой, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд жолооч ажилд авахдаа “Д” ангилалтай жолооны үнэмлэхтэй л бол хэнийг ч хамаагүй авчихдаг бололтой юм.
Өнөөдөр нийтийн тээврийн том оврын автобусыг жолоодож яваа ихэнх жолооч нар нь микроавтобус барьж байсан хүмүүс байдаг юм билээ. Тэд хотын гудамжаар сүлжилдэж, дургүйг нь хүргэсэн нэгнийг замын хашлага мөргөтөл шахаж, жолоо барьж явахдаа тамхи татаж, пиво шимж, гар утсаараа хэн нэгэнтэй ярьж эрх дураараа явдаг болохоор өнөөх автобусыг чинь микро шигээ л санадаг бололтой юм. Бүр эрх ямба нь багадаад автобусны жолоочийн бүхээгт найз хүүхнээ суулгачихсан, өнөөх нь жолоочийн хүзүүгээр тэврээд үнсч үнгээд эрхлэх юм.
Үүнээс гадна найз нөхдөө суулгачихаад, хов жив ярина. Хүний эрх гэх байх л даа. Гэхдээ л ийм байдлыг жолоо барьж яваа хүн гаргах эрх байхгүй л баймаар. Жолоо барьж яваа хүний анхаарлыг сарниулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гээд жолоочийн бүхээгний хаалган дээр биччихсэн мөртлөө ингэж л дураараа аашилж байна, тэд. Эсвэл өглөө ээлжинд гарч байгаа жолооч нараас нэвширсэн “өнжмөл” үнэртэх нь энүүхэнд.
Уг нь “Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбоо”-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж “Өндөр бүтээлийн зургаан сарын аян”-ыг эхлүүллээ л гээд байсан. Дэмжиж байгаа сэтгэл нь сайхан ч амьдрал дээр биеллээ олохгүй нь харамсалтай. Ер нь бид чинь сая хол давсан их хотын иргэд биз дээ.
Тэгвэл томоохон хотуудын нийтийн тээврийн автобус хамгийн найдвартай, дулаан, үнэ хямд, үйлчилгээ нь хэний ч сэтгэлд нийцдэг унааны нэг байдаг гэнэ билээ. Гэтэл манайд огт эсрэгээрээ, хог шороондоо дарагдсан, үйлчилгээний танхим нь хүйтэн, бохир, жолооч нар нь буудлаа зарладаггүй, маршрутаа зөрчдөг гээд тоочоод байвал нийтийн тээврийнхний асуудал дуусахгүй.
Ер нь бид чинь их хотын иргэд юм чинь сэтгэлдээ нийцсэн үйлчилгээг авах эрхтэй биз дээ. Хамгийн чухал нь жолоочийн ганц секундын анхааралгүй байдлаас үүдэн энэ хорвоод амьдрах эрхээ хасуулмааргүй л байна шүү дээ. Гэртээ амьд харимаар байна.
Э.Туул
URL:













