Худлаа залдаг Монголчууд
Аяа, ичмээр гэдгийг нь ээ? Яг хажууд суугаа нөхөр минь янаг энхрий ханьдаа шал худлаа хэлж байхыг нь ээ?
Ширээ дүүрэн идээ, шил дүүрэн архи, шилбэ дүүрэн хүүхний дэргэд суугаа хэрнээ Шилийн богдын овоон дээр чулуу нэгийг нэмж явнаа хөө…гэж сийхгүй залж байгааг нь яана, аа, та минь ээ.
Тэгсэн ийм өвчнөөр манай монголчууд бүгдээрээ өвчилчихсөн явна, хөөе. “Баруун дөрвөн зам дээр бөглөрчихөөд анжгай нь арай очиж амжаагүй явна” гэж бас нэгэн нөхөр авгай руугаа залаад зүүн дөрвөн замын уулзвар дээрх “Хан палас”-ын халзтай өрөөнд халуун амраг бүсгүйтэйгээ наалинхайтан хэвтэнэ. Нэгэн бүсгүй караоке бааранд нүдээ сүүмийлгэчихсэн, насаар арай бага хархүүг хүзүүдчихсэн суухдаа “Өвгөөн, өнөөдөр би оройтож харинаа, байгаа баншаа чанаад сууж бай, байхгүй юм энээ тэрээ гэж битгий утасдаад байгаарай…пий…”гэж уймраатна. Арван хэдтэй нэг охин хичээлээ завсардуулаад “Ах аа, хэдийг өгөх юм бэ? Арай багадаж байна, наад хэлээд байгаа чинь. Онгон охины жишгээр л явна шүү…Пиздаа…”гээд утсаа тасална.
Барим тавим худлаа залахыг манайхан үзүүлж өгч байна, ёстой нэг.
Эрээнд яваа нөхөр өөрийгөө Энэтхэгт гэж, Соёлын төв өргөөнд суугаа нөхөр өөрийгөө Солонгост гэж хэлэх энүүхэнд.
Тэр бүү хэл УИХ-ын гишүүн нэг нөхөр өөрийгөө сурагласан тойргийнхоо иргэнд “Би Америкт явж байнаа” гээд залчихсан чинь зурагтаар шууд нэвтрүүлж байгаа их хурлын танхимд хэрэлдэж байгаа нь илэрчихсэн гэх онигоо ч гарчихсан явах жишээний. Манай албаны ноёдууд үүдэндээ суугаа нарийн бичиг, туслахууддаа “хуралтай” гэж хэлээрэй гэчихээд арынхаа өрөөнд “муушгидаж” суудаг гэсэн хар сэрэг ч гадуур салхилна. Арай үгүй байлгүй дээ? Гэвч худлаа залдгийн харгайгаар сүүлийн үед бие биедээ итгэх нь ч багассан гэмээр. Дэргэд нь суугаад халуун чихэнд “Үнэн” гээд байхад “Худлаа” гээд гэдийчихдэг нөхөд ч нэг бус тааралдана. Золтой л, “Танайх шатаж байна шүү дээ?” гэхэд” Үгүй ээ, манайх биш танайх шатаж байна” гээд гэрээ шатаачих нь халаг яваа хүмүүс нэлэнхүй орчлонд зөндөө.
Иймэрхүү худлаа залах явдал төрийн хэрэгт ч нэвтэрчихээд буй нь эмгэнэл. УИХ, Засгийн газраас гаргаад байгаа шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа нь үүнтэй агаар нэгэн буй. УИХ-д амлаад гараад ирчихсэн түшээдийн хийхгүй байгаа үйл нь түүнтэй үлгэр нэгэн буй. АН “1 сая буюу Эрдэнэнийн хишиг”, МАН “1,5 сая буюу Эх орны хишиг” одоо болтол ард түмнийхээ алган дээр буухгүй, Оюутолгойн авшиг, Таван толгойн хувьцаа болж төрөл арилжаад явж байна. Амьтан хүний амыг тагласан “70 мянга”, “21 мянга” алганы завсраар гоожоод дуусчихна. Шинэ жил, цагаан сар, баяр наадмаар шил архи, уут сүү, булууны яс болоод өнгөрнө. Худлаа залахын өвчнөөс болоод гай, гамшиг ч тасрах янзгүй.
Худлаа залсан зурхайнаас болоод жил жилийн шинийн нэгэн буруу болж, хүн амьтан зүгээ буруу гаргаж, мөрөө буруу засч гайтааад байгаа дуулдана. Худлаа тахисан уул овооноос болоод Лус савдаг уурсаж, зуд турхан болоод байгаа гэлцэнэ.
Газрын гаваас гарч ирсэн гахайн томуу, салхины сиймхийгээр тарсан шувуун томуу, зүгийн муу зүүн аймгуудаар шургасан боомын цар тахал, зүслээд нэрлээд ирэх болсон хар тамхины цагаан тахал, хүзүүдээд тэврээд авсан ДОХ-ын хар тахал… хэн ч үнэмшихийн аргагүй хөрш айлынхаа охидыг хил дамнуулсан хүний наймаа…Болохгүй бүхэн болдог болсон, бүтэхгүй бүхэн бүтдэг болсон, зүүдэнд үл үзэгдэх диваажин, нүдэнд үл харагдах там…?
Худлаа залдаг бүхнээс үүдсэн Үнэн бүхэн?
З.Амгалан
URL:




