Ц .Цэрэнням: Би боксын төлөө төрсөн

Монголын олимпийн боксын холбооныхон ойрын өдрүүдэд амрах завгүй, амжилт ч арвинтай байна. Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал, ОУХМ Цэен-Ойдовын Цэрэнням бүр ч их ажилтай явна. Түүнтэй ярилцсанаа толилуулъя.

-Та бол Монголын боксын шилдэг дасгалжуулагчидтай ажиллах хувь тохиосон азтануудын нэг. Тэр үеэ дурсвал сонин байх болов уу?

- Мэдээж өөр өөрийн онцлогтой дасгалжуулагчид байлаа. Гурвуулаа хөдөлмөрч, хүнлэг сайхан улс. Б.Мишигдорж багш шавь нараа төрсөн хүү шигээ хайрлаж, сэтгэлээсээ ажиллах чадварыг, жинэхэн боксчин болох суурийг тавьж өгсөн. Суурийг нь зөв тавьчихсан байшин сайхан баригддаг шиг багш нь зөв эхлүүчихвэл тамирчин бусдыг нь бараг өөрөө хийгээд явчихдаг юм шүү дээ. Буруу цохилт хийгээд сурчихсан хүүхдийг засах нь шинэ тамирчин бэлтгэхээс ч хэцүү юм билээ. Х.Алтанхуяг багшийн лаапанд оруулдаг техник, хувилбар зохион байгуулах чадварыг биширмээр. В.Батбаяр багш бол агуу хүн байсан. Тэрбээр зохион байгуулахдаа гаргууд, тамирчдын сэтгэл зүйг ойлгож харьцдаг, ачааллыг ямар үед хэр зэрэг өгөх, хэдийд нь амраах вэ гэдгийг сайн зохицуулдаг. Тэр чанар нь тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлдэг байсан юм. Боксчид В.Батбаяр багшаас бүгд айна. Хэн ч түүний өөдөөс эгцлэн хараад өмнөөс нь үг хэлж чаддаггүй. Энэ бүхнийг эргэн дурсахад сайхан санагдаж байна.

-Тэгэхээр таны үеийн боксчид их хүмүүжилтэй байж дээ?

- Зарим нэг нь “Боксчдыг хаана ч, хэн ч анхаарлынхаа гадна орхиж болохгүй, осолтой хүмүүс” гэж хэлэх нь бий. Үнэндээ хүнээсээ л болно. Боксчид ринг дээр ширүүн тулалддаг ч их уян зөөлөн, сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Нэгнийгээ хайрлаж өрөвдөнө, их эрэмбэтэй улс.

-Таныг шунаж довтолдоггүй, их бодлоготой, угсруулсан олон оновтой цохилт хийдэг боксчин байсан гэлцдэг юм билээ?

- Би чинь Үйлдвэр комбинатын хүүхэд шүү дээ. Манай үеийнхэн зундаа хөлбөмбөг, өвөлдөө цана, тэшүүрээр гулгаж, хоккей тоглодог байлаа. “Комбинатынхан” ер нь спортлог, авьяаслаг хүмүүс байдаг. Спорт намайг хөлийн ажиллагаа, мэдрэмж, хөдөлгөөний ур дүй, эвсэлтэй болгосон. Автобус тоормослоход эвсэлтэй хүн бол тэнцвэрээ хадгалж, эвсэлгүй нь унах жишээтэй. Би хэзээ ч, ямар ч үед тэнцвэрээ алдаж үзээгүй. Миний спортын анхны багш гэвэл хамгийн том ах Ц.Цэрэндорж манаь байлаа. Хөдөө аж ауйн мэргэжилтэй сайхан ах маань ид залуудаа бурхан болсон нь дэндүү харамсмаар.

-Бокстой хэрхэн холбогдсон бэ?

- Байрны маань Батсайхан гэдэг хүү нэг өдөр “Энд хоол өгдөг спортын дугуйлан байна. Хоёулаа орох уу” гээд дагуулж авчирсан юм. Ингэж л 1982 онд Спорт сургалтын төвийн боксын дугуйланд Б.Мишигдорж багшийн удирдлагаар анх хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Та эх орондоо Сайн санааны тоглолтын анхны хүрэл медалийг авчирч байсан…

- Социалист, капиталист системийн улс орнууд нийлж 1986 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон Сайн санааны тоглолтод Н.Нарантуяа, Ц.Амаржаргал, Н.Энхбат нарын хамт оролцож, эх орондоо анхны хүрэл медалийг авчирснаараа бахархдаг. Манай 48 кг-д 12 боксчин өрсөлдөнөөс эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Ясиас Жамудиог 4:1-ээр ялсан. Медалийн өнгөө хувиргах тулаанд ЗХУ-ын Кармижан Абдрухмановт 1:4-өөр дийлдэн хүрэл медальтай хаьсан даа.

-Сөүлийн олимпод оролцсоноо яриач?

- Тэр жил Алжирт болсон олон улсын тэмцээнээс медаль авсан, бэлтгэл ч овоо байсан юм даг. Олимпийн наадамд оролцон өрсөлдөх аз тохиосон ч эхний тойрогт аварга болох ерөөлтэй БНСУ-ын Ким Хван Сунд оноогоор ялагдаж, тэмцээн өндөрлөсөн. Тэр агуу боксчин олимпийн аварга болоод зогсохгүй Дэлхийн цомд түрүүлж, хожим мэргэжлийн боксоор аваргын алдрыг хүртсэн л дээ. Миний жинд М.Мөнхжаргал, Н.Нарантуяа нарын шилдгүүд байсан ч дасгалжуулагчид надад итгэл хүлээлгэн олимпод авч явсан юм. Тэднийхээ итгэлийг хөсөрдүүлсэндээ нэг хэсэгтээ л гонсгордуу явсан. “Сөүл 1988” олимпийн наадмын боксын тэмцээний үеэр цөөнгүй тамирчин хүнд цохилт авч, нэг бус хүний хөмсөг задарч байснаас болж эрүүл мэнддэд хортой, олимпизмийн үзэл санаанд нийцэхгүй хэмээн наадмын хөтөлбөрөөс хасах асуудлыг хүртэл хөндөж байсныг санах юм.

Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч “Миний бие ерөнхийлөгч байх он жилүүдэд бокс олимпийн хөтөлбөрөөс хасагдахгүй. Тамирчны эрүүл мэндийг хамгаалах, боксыг олимпизмийн үзэл санаанд нийцүүлэх арга хэмжээ авна” гэсний үндсэн дээр AIBA-тай тохиролцон боксчид хамгаалалттай болж, бээлий нь зөөлөрсөн юм.

-Бас таныг Кубын боксчинг дутуу гарган ялж байсан гэлцдэг…

- Кубын залуучуудын шигшээ баг 1990 онд манай эх оронд болсон “Интернациональ” тэмцээнд оролцсон юм. Тэд Барселоны олимпод бэлтгэж байсан залуусаа илгээсэн хэрэг. Кубын Ж.Касамайор эхний даваанд манай шилдгүүдийн нэг М.Мөнхжаргалыг нэгдүгээр үедээ хүнд цохилтоор ялчихдаг юм байна. Би ч эмээж л байлаа. М.Мөнхжаргал ах надад “Намайг цохиж унагасан нөхрөөс ахынхаа хариуг заавал авна шүү” гэж захилаа. Хоёрдугаар тойрогт нөгөө кубатай чинь үзлээ дээ. Хойд гарын цохилтыг анзаарсан тул түүнд нь өртөхгүйг хичээж тоглосон. Эхэндээ жаахан эмээж байсан ч ялах л зорилготой рингэнд гарсан болохоор угсруулсан цохилтоо хийсээр тоглолтын төгсгөлийн үед Касамаойрыг хүнд цохилтооор цэвэр ялсан түүхтэй.

Тэр тэмцээнд Н.Нарантуяа ахыг ялж түрүүлсэн юм. Тухайн үед би чинь Н.Энхбат, С.Алтансүх, Ц.Амаржаргал, Х.Гантулга, О.Дэмбэрэл нарын шилдгүүдээ хүндэлж биширдэг байлаа. Ж.Касамайорын хувьд тухайн үед супер од болоогүй, улсынхаа залуучуудын аваргад түрүүлсэн ирээдүйтэй боксчин гэгдэж байсан үе. Дараа нь тэр тамирчин Барселоны олимпод аваргалж, мэргэжлийн боксоор дэлхийн аваргын бүсийн эзэн болж байсан. Хожим “Oлимпийн аваргыг ялж байсан хүн зогсож байна. Ялах ялахдаа хүнд цохилтоор шүү” гэж ярихад бүх хүн гайхаж, алмайрдаг байлаа.

-Гаргасан амжилтуудаа дурдахгүй юу?

- УАШТ-ий дөрвөн алт, нэг хүрэл медальтай. Олон улсын тэмцээний 20-иод медальтай хүн дээ.

-Хэзээ зодог тайлсан юм бэ?

- 1989 онд Бээжинд Азийн АШТ-д оролцсон ч гавиагүй. Ид амжилт үзүүлэх үедээ буюу 1991 оны Сиднейн ДАШТ-ий өмнөхөн хүнд гэмтлийн улмаас яалт ч үгүй зодог тайлсан. Азийн аваргад БНСУ-ын боксчинтой тоглосон. Би түүнийг бүр нам цохисон ч оноогоор намайг ялагдуулсан. Намайг ялсан солонгос аваргын төлөө Филиппиний Роберто Ялмайзад юу ч болоогүй юм даг. Тэгээд ер нь залуучууддаа зайгаа тавьж өгөх нь зүйтэй гэж бодсон. Би чинь өрсөлдөгчдөө ялагдаж зодог тайлаагүй боксчин шүү дээ. Өдгөөгийн мэргэжлийн боксын дэлхийн аварга, гавъяат тамирчин Д.Лхагва миний оронд Сиднейн ДАШТ-д шагналт VIII байр эзэлж биднийг баярлуулж байсан цаг үе саяхан мэт. Ер нь хэмжээндээ хүрээд спортыг орхих хэрэгтэй гэдгийг ойлгосон доо. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол.

-Төрсөн дүү тань нэгэн үе муугүй зодолдож байсан байх аа?

- Зайсанд оюутны байранд өсөж дэвжсэн биднийг шилдэг боксчид болно гэж бодох вэ дээ. Манай аав Цэен-Ойдов гэж номын хүн бий. Хаа очиж бидний сонирхлыг дэмждэг байлаа. Би дүү Даваацэрэнгээ бокст хөтөлж оруулсан юм. Дүү маань 1993 оны Тамперагийн ДАШТ, 1996 оны Атлантын олимпийн наадамд оролцож байсан. Ялангуяа Атлантын олимпод медалийн төлөө дэлхийн аварга Р.Малахбековтой өрсөлдөж ялагдсан. Хэчнээн харамсалтай байсан гээч. Дэлхий, олимпийн наадамд шагналт байр эзэлсэн амжилтыг нь хэн ч үнэлдэггүй юм билээ. 1999 оны Хьюстоны ДАШТ-д оролцсоноос хойш дүү маань гэр бүлтэйгээ өдгөө хүртэл АНУ-д амьдарч байна. Удахгүй эх орондоо бүрмөсөн ирэх байх аа.

-Хятадад ажиллаж, Дундад улсын боксын хөгжилд багагүй хувь нэмрээ оруулсан хүнийн нэг бол та. Тэр тухай яривал манай уншигчдад сонин байх болов уу?

- 1999-2006 онд урд хөршид, тухайлбал Фужоуд зургаа, Хөх хотод гурван жил мэргэжилтэн дасгалжуулагчаар ажилласан. Энэ хугацаанд жилд 1-2 удаа Монголынхоо боксчдын бүх зардыг нь дааж, хамтарсан бэлтгэлд авчирдаг байлаа. Ер нь урд хөршид ажилласан Х.Алтанхуяг,В.Батбаярын дараа орох гурав дахь дасгалжуулагч нь би шүү дээ. Монголынхоо боксын хөгжилд жил бүр л дэмжлэг үзүүлж, тусалж ирлээ.

Хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байсныг Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Д.Ганзориг нараас эхлээд боксынхон сайнаар ярьж дурсах байх аа. Цаашдаа боксынхоо төлөө сэтгэл оюунаа дайчлан зүтгэх болно. Ширэн бээлийтнүүд маань өмнөх олимпийн амжилтаа Лондонд бататгахын билэгтэй ерөөлийг “Таван цагариг” сониноороо дамжуулан өргөн дэвшүүлье.

Д.Гэнээ /mongolnews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих