“Хамтран ажиллах гэрээ”
Өнгөрсөн сарын 20-нд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” шууд ярилцлагад оролцохдоо Таван толгой, Ухаа худаг, MCS-ийн талаар хийсэн мэдэгдлийг телевиз, сонинууд, Засгийн газар, Нямдорж бүгдээрээ үг үсэггүй мөлжсөн хэрнээ нэгхэн хэсгийг анзаараагүй мэт арваад хоногийг өнгөрүүллээ.
Яг тэр хэсэгт Х.Баттулга гартаа хэдэн хуудас эргүүлж байгаад:
- Өнөөдөр нөгөө дөрөвдэх засаглал, хэвлэл мэдээлэл гээд бүгд баригдсан даа, хөөрхий минь… Одоо дахиад MCS-ээ ярих гээд байна. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг хамтран ажиллах гэрээн дотроо, би та нарт мөнгө өглөө шүү, MCS группийн дуудсан газарт, тохирсон цагт ирж мэдээ, сурвалжлага авна… MCS группийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарыг болон шинээр үүсэх бизнесийн салбар, бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээлэл нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ… хэрвээ нэвтрүүлбэл, муугаар ярих юм бол торгууль төлнө, мөнгөө авна гээд ингээд барьчихдаг байхгүй юу... гэхчлэн уншиж өгсөн юм. Тэрбээр гартаа барьсан цааснаасаа зөвхөн ганц хоёр өгүүлбэрийг ишлэсэн. Хэрвээ арай дэлгэрүүлсэн бол рекламанд гардагчлан “бүр янзтай” байхсан. Бичлэгийн ганц хоёр кадрыг томруулж хэдэн өгүүлбэр гаргаж авлаа.
4.6. М-Си-Эс группийн өгсөн мэдээ болон рекламын эх файлд ямар нэгэн засвар хийхийг хориглоно.
4.7. М-Си-Эс группийн дуудсан газарт, тохиролцсон цагт ирж мэдээ сурвалжлага авна.
4.8. М-Си-Эс холдинг ХХК, Спирт бал бурам ХХК, М-Си-Эс-Кока Кола ХХК, М-Си-Эс Электроникс, М-Си-Эс Азиа пасифик бьюри ХХК, М-Си-Эс Интернэшнл, М-Си-Эс проперти ХХК, Энержи ресурс ХХК, Скайресорт ХК, Орчлон ХХК, Юнител, мөн М-Си-Эс группын ерөнхий удирдлага У.Оджаргал, Ж.Од нарыг болон шинээр үүсэх М-Си-Эс группийн бизнесийн салбар хийгээд бүтээгдэхүүний талаар аливаа сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
4.9. Дээрхи 4.8-д заасан заалт биелэгдээгүй тохиолдолд дараахи нөхцөлийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй.
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 1-3 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 20% хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 4-5 удаа гаргавал Сонин тухайн сарын гүйцэтгэлийн нийт дүнгээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
– М-Си-Эс группийн талаар, М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг сөрөг мэдээллийг 6-аас дээш удаа гаргавал сонин тухайн сарыг гүйцэтгэлээс 30 % хасаж төлбөрийг нэхэмжлэх
-М-Си-Эс группийн захиалгат бус алив сөрөг мэдээллийг хаасан тухай товч тайланг (тайланд агуулга ……… багтааж) сар бүрийн эцэст бичгээр хүлээлгэн өгч байна. [Цааш гаргагдсангүй]
Хачин сонин юм үзлээ. Аливаа компаниас ирүүлсэн хэвлэлийн мэдээг тэр чигээр нийтэлбэл ичгэвтэр, харин тэнд орсон баримт мэдээллийг ашиглаж (илүү дутуу, нуршилт, өөрийн магтаалыг хасаад) шинээр мэдээ бэлтгэхийг сэтгүүл зүй илүүд үздэг. Гэтэл энд хоригложээ. Тэгээд дуудсан газарт гозойж байх үүрэг хүлээжээ. Гэрээт телевиз, сонинууд MCS-ийг сарын турш хүссэнээр нь сурталчлаад, тэгэхдээ хэдэн сөрөг мэдээллийг хааснаа тайлагнаж, хааж чадаагүй бол тэр тоогоор суутгуулж байж “цалингаа” авдаг, нэг ёсондоо MCS-д ажилд орсон мэт гайхалтай гэрээ байна. Бас “М-Си-Эс группийн захиалгат бус сөрөг мэдээлэл” гэж бичсэнийг харахад “М-Си-Эс группийн захиалгат сөрөг мэдээлэл” гэж байх нь ээ? Гэрээг бүтнээр үзэхсэн.
MCS групп ба Нямдорж сайдтай хоёр фронтод зэрэг дайтаж эхэлсэн Х.Баттулга гишүүн өөрийн хөрөнгө оруулсан C1 телевизээрээ ярих гээд очтол “эзэнтээн, бид MCS-тэй ийм гэрээ байгуулсан, яахав” гээд үзүүлсэн нь MCS-ийн эсрэг баримтуудын тоог нэгээр нэмчихэж. Үүний ачаар орчин цагийн цензурын боловсронгуй хэлбэр болсон “Хамтран ажиллах гэрээ”-ний зөвхөн хэдэн өгүүлбэр дэлгэгдэхэд ийм байлаа. Өнөөдөр монголын томоохон телевиз, өдөр тутмын сонинууд дундаас MCS-тэй гэрээ байгуулаагүй үлдсэн бол би лав гайхна.
Эрхэм гишүүн Х.Баттулга хэд хоногийн дараа хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа энэ сэдвийг дахин задлав.
… Хэвлэлийг ойлгож байгаа. 80 хувь нь баригдчихсан байгаа. Юунд вэ? Мөнгөнд. Би та нарт нэг гэрээ үзүүлсэн, та нарын эзэд бүгдээрээ тэр гэрээг хийсэн байгаа. C1 хүртэл хийсэн явж байна гэж би хэлсэн дээ. Зурагтаараа гарах гэсэн чинь гаргадаггүй байна шд ээ. Яасан? MCS-ийг муулж болохгүй гэсэн гээд. Тэгээд тэр Монголын үндэсний радио, телевизээр гарах гэсэн чинь бас гаргахгүй гэхээр нь орон сууц ярих гэсэн юм аа гэж худлаа хэлээд орж ярилаа ш дээ. Би Их хурлын гишүүн хүн шүү дээ. Жирийн иргэд тэгэхлээр тэр телевизээр юугаа ярихав? Өчигдөр орой телевизээр Нямдорж, хувьсгалт намынхныг 20 минут ярьж байна. Намайг хоёр минут л гаргаж байна. За, TV5 бол зүгээр хавтгай. Нам мамаа хамгаалалгүй яахав, гэхдээ намаас өөр эх орон гэж нэг юм байна ш дээ… Хэвлэл мэдээлэл өнөөдөр цензуртай болсон. Та нар заль мэх гаргаад яаж ийгээд гаргаад байхыг бодоорой... гэжээ.
“Хамтран ажиллах гэрээ”-г манай томоохон хэвлэл мэдээлэл, компаниуд өөр хоорондоо байгуулж сүлжилдсэн нь нууц биш хэдий ч тэр гэрээнүүдэд “нууцыг чандлан хадгална” гэсэн утгатай заалт зүүгээстэй. Хэдэн жилийн өмнө “Мобиком” корпораци хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснийг “Нийгмийн толь” сонин илчлэхэд тус корпораци нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаад бараагүй бөгөөд харин “стратегийн түншлэлийн гэрээ” байгуулснаар амархан учраа ололцсон гэдэг.
Хувийн компаниас гадна УИХ, Засгийн газраас эхлээд төрийн байгууллагууд яг ийм гэрээг байгуулсан нь ноцтой сэдэв юм. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр. Хэдэн жилийн өмнө Засгийн газрын тогтоолд “төр, засгийн бодлого шийдвэрийг мэдээлж сурталчлах ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай” заалт оруулж шаардагдах хөрөнгө мөнгийг хүссэн хэмжээгээр гаргахыг Сангийн сайдад үүрэгдэг байсан бол одоо нэлээд далдалдаг болсон. Төр ч багтаж ядсан их мөнгөтэй болжээ. Иймээс Х.Баттулга дээрх ярилцлагадаа “Монгол Улсын Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнтэй гэрээ хийчихсэн. Засгийн газрыг муулахгүй гээд” хэмээн битүү юм хэлээд, MCS шиг задлахгүй зогссон. Тэр бээр өөрөө саяхан болтол Засгийн газарт багтаж тэр шийдвэрийг батлалцсаных болов уу.
Гэхдээ хувийн компани, Засгийн газар алин ч бай үүнийг хүлээн зөвшөөрч хүртдэг нь хэвлэл мэдээлэл. Иймээс өнөөдрийн хамгийн чөлөөт телевиз, хамгийн шударга өдөр тутмын сонинууд ч энэ сэдвээр дуугараагүй.
ajiglagch.wordpress.com
URL:













