Д.Зоригтыг золигт гаргах дараагийн төлөвлөгөөг зохиожээ

Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар нэр бүхий гурван гишүүн УИХ-ын даргад хандсан, Харамсалтай нь тэдний гаргасан долоон үндэслэлийг МАН-ын бүлэг шалтаг хэмээн үзэж сайдаа хамгаалж авч үлдсэн билээ.

Үүнд нь АН-ын хэсэг нөхөр ч гар бие оролцсон юм. Хэрэв Д.Зоригт сайдын сэнтийгээсээ ховхорвол хамтарсан Засгийн газрын хувь заяа яаж ч эргэж мэдэхээр байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт гээд асуудал хөврөх байв. Иймээс хоёр нам эвслийн Засгийн газраа авч үлдэх гэсэндээ Д.Зоригтыг бүхий л байдлаар хамгаалсан юм.

Ямартаа л УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хууль зүйн байнгын хорооны хуралдаан зохион байгуулалттай болсон талаар мэдэгдэж байсан. Эцэст нь чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахад есөн гишүүн л огцруулах шаардлагатай гэж үзэв. Ийнхүү дээрх дуулиан намжсан билээ. Тэгвэл дээрх асуудлаар 14 гишүүн нэгджээ.

Гэхдээ тэд одоогоор ил гарахыг хүссэнгүй. Учир нь тэднийг намаас нь багагүй дарамталж байгаа сурагтай. Хэрэв тэд УИХ-ын даргад хандвал улс төрийн карьер нь хаашаа ч эргэж мэдэх талаар хатуухан сануулга өгөх болсон гэнэ. Уг нь Д.Зоригт сайдыг огцруулахад хангалттай үндэслэл бий аж. Гэвч үндэслэлээ УИХ-д өргөн мэдүүллээ гэхэд намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэхгүй хойш татсаар сонгуулийн сүүдэрт дайруулчих магадлалтай.

Хэрэв асуудал ингэж эргэвэл дээрх нөхдүүд сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болно. Хуулиас дээгүүр жаалах сайд нарыг матахад хангалттай баримт гишүүдийн гарт бий боловч иймэрхүү шалтаг, шалтгаанаар сейфэндээ хадгалсаар байгаа аж.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих