ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТЫГ ЦЭГЛЭЕ
Төмрийн хүдрээр дэлхий цангах цаг айсуй. Учир нь, 14 жилийн өмнө дэлхийн хэмжээнд 213 мянган тонн төмрийн хүдрийн нөөц бий хэмээн металлургичид тооцож байв. Харин өнөөдөр 143 мянга болсон байна. Тэгэхээр өнгөрсөн 14 жилд хүн төрлөхтөн 70 гаруй мянган тонн төмрийн хүдэр хэрэглэж. Ойрын арван жилд гангийн хэрэглээ жилд дунджаар 8-10 хувиар өсч ирлээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар жилд хоёр тэрбум төмрийн хүдэр дэлхийд олборлож буй аж. Иймд дэлхийн зах зээлд ган, төмрийн хүдрийн эрэлт дандаа өсч ирэв. Цаашдаа ч улам нэмэгдэх болно гэж металлын шинжээчид мэдэгдэж буй. Яагаад гэвэл, Энэтхэг, Хятадын гангийн хэрэглээ өсчээ. Мөн дэлхийн хүн ам үржих, зарим улс орон хөгжихийн хэрээр барилга, дэд бүтэц, техник технологи шинэ шатанд гарах болгонд ган, төмрийн хэрэглээ эрэлт хүрээгээ тэлсээр байна. Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай Хятад, АНУ, Япон, ОХУ, БНСУ гээд 20 гаруй улс орон бий. Тэд бүгдээрээ дэлхийд төмрийн хүдрийн нөөц, олборлолт, гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг юм. Түүх сөхвөл хүн төрлөхтөн төмрийн хүдэр боловсруулж чаддаг болсон цаг үеэс хойш хөгжлийн шинэ шатанд гарсан байдаг. Хүннү гүрний үед төмрөөр хийсэн эдлэлд хамгийн өндөр татвар ногдуулж байсан баримт бий хэмээн түүхчид нотолдог. Үүнээс хойш монголчууд 12 дугаар зуунд дэлхийн талыг эзэлж хүчирхэгжихэд төмрийн хүдэр боловсруулах чадвар нь чухал үүрэг гүйцэтгэсэн түүх бий. Хархорины хөндийд Орхон голын хөвөөн дээр тухайн үед усны хүч ашигласан хөөргөөр төмрийн хүдэр боловсруулж ган хайлж байсан ул мөр олдсон. Мөн хамгийн хол тусгалтай, бэхлэлт хэрэм эвдэх гунан буу ч үйлдвэрлэж байж. Иймд монголчууд хамгийн шилдэг зэр зэвсэг, бага хүч, зөв бодлого, чадварлаг байсан тул хүчирхэг болсон аж.
Манай төмрийн хүдрийн экспорт 20.1 хувиар өсчээ
Монгол Улсын төмрийн хүдрийн баталгаат нөөц 660 сая тонн гэдэг. Таамаг нөөц нь нэг тэрбум хэмээн геологичид тооцсон. Эдүгээ төмрийн хүдрийн 17 орд 100 гаруй илрэл бүртгэгдээд байгаа. Энэ нь дэлхийн нөөцийн 0.5 хувийг эзэлдэг. Гэвч сүүлийн хоёр, гурван жилд төмрийн хүдрээ эрчимтэй экспортлох болов. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 4.8 сая тонн төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортолсон байна. Үүнээс гадна мөн л гурван сая орчим тонн төмрийн хүдэр баяжуулан экспортолсон мэдээ бий. Ер нь, манай улсын төмрийн хүдрийн экспорт 2005 оноос хойш 20.1 хувиар өссөн судалгаа гарсан байдаг. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо стратегийн гэж нэрлэсэн зэс, төмрийн хүдэр, нефть, нүүрс зэрэг ашигт малтмал боловсруулах томоохон үйлдвэр 2019 он гэхэд ашиглалтад орно хэмээн тодорхойлоод буй. Тэгэхээр өнөөгийн хурдаар төмрийн хүдрээ экспортлоод байвал металлургийн томоохон үйлдвэр барьсан ч түүхий эдийн нөөцгүй болох цаг ойрхон байна. Өнгөрсөн оны сүүлчээр болсон “Metals Mongolia-2011” чуулганд оролцогчид “Гурван жилийн дараа Монгол Улс жилд 11 сая тонн төмрийн хүдэр экспортлох нь. Тэгэхээр бид жилд 1-2 сая тонн төмрийн хүдэр боловсруулах гангийн үйлдвэр байгуулахаар нөөцгүй болж магадгүй. Ер нь төмрийн хүдрийн экспортод хязгаар тавих хэрэгтэй” хэмээн онцолж байсан билээ. Манайд жилд нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай ганц үйлдвэр одоо байгуулах, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээ өргөжүүлж технологийн шинэчлэлт хийхэд л Монгол Улс төмрийн хүдрээ бүгдийг боловсруулж бүтээгдэхүүн болгоод байх бүрэн боломж бий гэдэг.
Монгол Улс жилд гурван тэрбум ам.долларын ган импортолдог
Гаалийн статистик мэдээнээс үзэхэд Монгол Улс жилд 300 гаруй мянган тонн ган болон төмрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ. Үүнийхээ 80 гаруй хувийг урд хөршөөс авдаг. Ингэхээр бид төмрийн хүдрээ хямд өгөөд эргүүлээд үнэ хүргэж авдаг гэсэн үг. Уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэж барилга, дэд бүтцийн салбарт гангийн хэрэглээ улам өсч буй. Ирэх хоёр, гурван жилд нэг сая тонн ган, төмөр бүтээгдэхүүн хэрэглэх тооцоо бий. Ганц жишээ дурдахад барилгын арматурын хэрэглээ 70 хувиар өсөх нь. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс үзэхэд импортоор авсан нийт бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь буюу гурван тэрбум ам.доллар зөвхөн төрөл бүрийн төмөр бэлдэц, цувимал утас, өндөр чанарын ган, машин механизм, техник тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги сэлбэг хэрэгсэл авахад зарцуулжээ. Энэ бүгдээс үзэхэд монголчууд төмрийн хүдрээ гамнаж боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж төрт улсаа хөгжүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна.
ardchilal
URL:




