Тавантолгойг таваглах эзэн хэн байх бол
Монгол Улсын Засгийн газрын төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу Тавантолгойг таваглах нөр ажил жинхэнэ утгаараа эхлэлээ. Тавантолгойн орд газар буюу албаныхны нэрлэж буйгаар Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа мөн өөрөө хариуцах эрх бүхий компани, консерциумыг шалгаруулахаар “Эрдэнэс MGL”-ээс тендер зарласан бөгөөд энэхүү тендерт гадаад дотоодын 15 компани оролцохоор материалаа ирүүлсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэдгээр 15 компанийн ирүүлсэн материалыг одоогоор Үнэлгээний хороо нарийвчлан шалгаж, нягталж буй. Шинхуа Энержи, Мицуи корпораци /БНХАУ, Япон/, “Монголын Алт” групп /Монгол Улс/, “Арсэлор Миттал лимитед” /Люксенбург/, “И-Тай” групп /Өвөрмонгол, БНХАУ/, Пибо¬ди Энержи /АНУ/, Эн Плас /ОХУ/, “Фортискю Металс” групп /Австрали/, Вале /Бразил/, “Оросын төмөр зам” нийгэмлэг /ОХУ/, “Сумитомо”, “Иточу”, “Сожитц”, “Марубени” группын хамтарсан консерциум /Япон/, “Корес” груп¬пээр ахлуулсан БНСУ-ын компаниудын нэгдэл, “ Мэско Стийл лимитед” /Энэтхэг/, Интернэшнл Коул Вентчур лимитед /Энэтхэг/, “Монголын автозамын нэгдэл” консерциум /Монгол/, “Экстрата” групп /Австрали/, “Эрдос Чэнлон” групп /БНХАУ/, Сигнум Индастриал корпораци зэрэг 15 оролцогч Цанхийг баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах сонирхлоо нэгэнтээ зарлаад буй ч энэхүү тендерт хэн гэгч этгээд ялагч болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Сар шинийн баяр тохиож монголчууд баярын настрид ид дарагдаж байх зуур гадаадынхан аль хэдийн Монгол ирээд тендерийн ялагчаар хэн тодрохыг битүүхэн ажиглаж буй аж. Үнэлгээний хорооныхон тендерт оролцогчдын материалтай танилцаж хураангүй жагсаалтыг гаргах бөгөөд үүний дараа ажлын хэсгийнхэн хураангүй жагсаалтад багтсан компаниудыг хэлэлцээрт урина. Ажлын хэсэгтэй хийх хэлэлцээрээс бүх юм шалтгаална хэмээн “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал нэгэнтээ мэдэгдсэн бөгөөд гадаадынхан хэлэлцээрт хамаг ач холбогдлоо өгч эртнээс бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий. Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг шалгаруулах тендер зарлагдсантай холбоотойгоор манай томоохон зочид буудлуудын орлого ч нэмэгдсэн бололтой.
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани /консерциум/-ийг сонгохдоо ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг оруулахгүй байх бодлогыг Монгол Улсын Засгийн газар барьж байгаа. Үүнийгээ ч Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн онд ил тод зарласан. Эрхэм Ерөнхий сайдын хэлснээр тус ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа компани /консерциум/-ийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж тооцож буй гэнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний орд газарт Тавантолгой ХК (Хувьцааны 51 хувь нь орон нутгийн өмч), Энержи ресурс ХХК, Гурвантэс сумын Нарийн сухайтын нүүрсний орд газарт “Монголын алт (MAK)”, “Чинхуа-МАК-Нарийн сухайт”, “Саусгоби сэндс” ХХК зэрэг нийт таван аж ахуйн нэгж одоогийн байдлаар нүүрс олборлож, экспортод гаргаж байгаа. Тэгэхээр дээрх компаниуд Монголын Засгийн газартай ашиг сонирхлын зөрчил үүсгэснээсээ болоод сонгон шалгаруулалтад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Дээрх компаниуд гадаадын болон дотоодынхонтой нэгдэл, консерциум болж, нэр зүсээ өөрчлөөд тендерт өрсөлдөж буй гэх хардлага ч байгаа юм. Учир нь “Монголын алт” нэгдэл Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулахаар Үнэлгээний хорооныхонд материалаа өгөөд байгаа юм. Албан хүний хэлснээр ашиг сонирхлын зөрчилтэйгээр “Энержи ресурс” тодроод байгаа ч тус компани хэн нэгэнтэй нэгдэж тендерт оролцоогүй гэх баталгаатай хариултыг өгч чадахгүй сууна. Тавантолгойг таваглах эзнийг тодруулах ихээхэн хариуцлагатай ажил ил тод, шударга явагдвал монгол компани ялна гэсэн мессеж хүчтэй тархаж буй. Учир нь гадаадын акулуудтай Монголын гурван компани өрсөлдөж байгаа. Тэгэхээр хэнийг сонгож, хэнд хөрөнгөө хариуцуулахаа Монгол Улсын Засгийн газар л мэдэж дээ.
Н.НОМИН
URL:













