Маргааш буюу ням гаригт медалийн төлөөх тоглолтууд болно

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын оюутны спортын холбоо, Монголын волейболын холбоо,Биеийн тамир спортын газар хамтран Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээнийг зохион байгуулаж байгаа. Монголын баг тамирчид 100 хувийн амжилтаар тэргүүлж байна. Дөрөвдүгээр сарын 9-нд УДБЭТ-т нээлтээ хийсэн тус тэмцээнд оролцож буй багууд одоогоор 3-4 тоглолт хийгээд байгаа юм. Дүрмийн дагуу багууд тойргоор тоглож, амжилтаараа эхний хоёр байрт бичигдсэн багууд аваргын төлөө, гурав, дөрөвдүгээр багууд хүрэл медалийн төлөө тоглоно. БНСУ-ын мэргэжилтэн Жон Юн Ха, дасгалжуулагч Р.Тамир, Б.Хэрлэн нарын удирдлага дор тоглож буй Монголын волейболын оюутны шигшээ багийн тамирчид гурван тоглолтоос гурван хожил авч, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна. Тэдний хувьд өнөөдрийн тоглолтын үр дүнгээс үл хамааран аваргын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

Монголын багийн гол өрсөлдөгч Тайландын шигшээ багийн хувьд 2009 оны оюутны анхдугаар тэмцээнд түрүүлж байсан юм. Мөн дөрвөн тоглолтоос гурав хожсон амжилтыг үзүүлээд байна.Өнөөдөр тойргийн шатны сүүлийн тоглолтууд болно. Эхний тоглолт Киргизстан ба Малайз, харин хоёр дахь тоглолт Монгол болон Хонконгийн багийн хооронд болох юм. Маргааш буюу ням гаригт медалийн төлөөх тоглолтууд болно.

Э.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих