Монгол хүний толгойн өвчин цалингаас эхтэй
Монгол улсын иргэд өнөөдөр хаана ахиу цалингийн сураг дуулдана тэр зүг ямар ч хамаагүй үнээр очдог. Хэдэн сая төгрөгний хахууль нэхсэн ч хамаагүй ахиу цалинтай ажилд орохыг хүсдэг.
Энэ бүхэн Монголчуудыг нөгөө эзэн Чингис хааны үе болон түүнээс өмнөх үеийн нүүдэлчдийн улс орны хязгаар нутгийг түүхэнд тэмдэглэдэг шигээр ертөнц даяар тархан Солонгосын хойгоос Атлантын далай, Хойд туйлаас Энэтхэгийн далай гаталж Австралид хүргэж байгаа. Мөн мартсанаас Номхон далайг гатлаад Америкт хүртэл хэдэн арван мянгаараа суурьшихад хүргэсэн. Гэтэл хорь гаруйхан жилийн өмнө л Монгол улсад ажилгүй хүн гэж байгаагүй ба хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй, цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явлаа гэж явдаг байсан билээ. Тэгвэл манай одоогийн энэ “ардчилсан” нийгмийн үед цалин буухыг хүлээж суудаг нөхдүүд бас цөөнгүй бий болж. Зарим нь бол бүр цалин хэдийг авдагаа ч мэдэхгүй.
Хувийн компаниа томруулахаар УИХ болон засагт орж ирсэн нөхдүүд бол бүр цалингаа сонгогдсон тойргийнхоо ядуу дорой нөхдөд өгүүлчихдэг гэлцдэг. Энэ бол гэхдээ хэдхэн тооны хүмүүст л хамаарна.
“Оккупай олигархия” гэдэг бол манайд тэр хэсэгт л таарах хэллэг мөн. Танил талтай эсвэл гадаадад гарахад шаардагдах хахуулийн мөнгийг цутгаж чадсан хүмүүсээс бусад Монголын олонхи иргэдийн хувьд уул уурхай, барилгын салбарын эрчимтэй хөгжил түүнийг дагасан ажлын байр л даллана. Гэвч бүх хүнд өнөөх нь бүгдэд нээлттэй биш харин ч хаалттай талдаа. Монгол хүн мэргэжилгүй, залхуу хойрго, хулгай хийнэ, ажил тасална гээд л голж гарна.
Анх Монголын ганц сүүтэй үнээ гэгддэг байсан Эрдэнэтэд ажилд орохын тулд зуучлалын хөлс төлөх нууц журам гарч ирсэн гэдэг ба одоо тэр нь таван сая хүртэл нэмэгдсэн гэдэг. Үүнтэй ижилхэн Өмнийн говьд ашиглагдаж эхэлсэн ордуудад ажиллахыг хүсэх олон хүнд ч ийм проблем гарах болсон гэх. Хэрвээ нэхэж буй мөнгийг нь төлөөд сонирхсон ажлын байраа олоод авчихвал сайхан л байх. Гэвч түүндээ тэсэж үлдэнэ гэдэг бас л толгойны өвчин болно. Мөн Монголд ажилгүй хүн бишгүй дээ байхад гадны тэр дундаа Хятад, Хойд Солонгосын ажилчид илүү эрх дарх эдэлсээр байгаа. Түүндээ эрддэг юмуу мань нөхдүүдийн ямаан омогтой дээрэлхүү гэдгийг ярих юм биш.
Мань нөхдүүдийг ажиллуулахдаа адилхан ажил хийдэг Монгол хүнээс нэгээс гурав дахин өндөр хөлсөөр цалинжуулдаг гэж байгаа юм. Ийнхүү Монголын олонхи хүний толгойн өвчин цалин хөлс, ахуй хангамж эдийн засгийн өсөлтийг дагаад нэмэгдэхгүй хэвээр байсаар л. Тэгвэл эсрэгээр төрийн албаны ажилтан гээч нөхдүүдэд бол татвар төлөгч олны мөнгөөр байнга цалин нь нэмэгдэнэ. Дээр нь мань нөхдүүд байнга “цалингаас гадуур орлого” /авилга/ олж дөнгөнө. Ингээд аваад үзэхээр цалин хүлээсэн олонхи Монголчууд төр засагтаа итгэл алдрахаас өөр арга огт алга.
URL:













