Д.Загджав: Ц.Нямдорж бол манай намын сонгуулийн ялалтаас байнга хүртэж ирсэн хүн

УИХ-ын гишүүн Д.Загджавтай ярилцлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах бичгийг УИХын даргад өргөн барилаа. Өнгөрсөн үйл явдлаас үүдэн ийм бичиг өгч байгаа юм уу?

Энэ сарын 1213нд шилжих шөнө нийтийг хамарсан түгшүүрт байдал бий боллоо. Үүний үр дүнд энгийн номхон иргэний эрх чөлөө зөрчигдөж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл үгүй болсон. Энэ байдлыг харж байхад манай улсын хүмүүнлэг, ардчилсан төрт ёс гэдэг зүйл алга болсон мэт ойлголт төрлөө.

Тухайн ажиллагаанд өртсөн объект нь УИХаас 1995 онд батлагдсан Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд хамаарах этгээд байгаа. Тухайн объектод хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дөрвөн жил. УИХаас баталсан хууль, тогтоолыг УИХ өөрөө л өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. Өөр ямар ч субъектэд тийм эрх байхгүй.

Тэгэхээр дээрх тохиолдол нь улсын хэмжээнд мөрдөгдөх хуулийг хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагууд зөрчсөн үйлдэл боллоо.

Түүнчлэн дээрх халдлагад өртсөн зарим хүмүүс нь УИХын гишүүд байсан. УИХын гишүүний халдашгүй байдлыг Үндсэн хуулиар тусгайлан хамгаалдаг.

Цагдаагийн хэдэн зуун албан хаагчийг уг үйл ажиллагаанд татан оруулсан нь хэр зүйд нийцэх асуудал вэ?

Онц аюултай гэмт хэрэгтэн буюу алан хядах террорист байгууллагын гишүүд нэг газар үгсэж, бүлэглэн нийгэмд аюултай гэмт үйлдэл үйлдэхээр санаархаж, завдаж байгаа бол, эсвэл олон дахин давтан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд зэвсэглэж, нийгэмд аюултай байдал бий болгосон бол тийм   хэмжээний хүч хэрэгслээр дайрч болно. Үүнийг бол нийгмийн хэв журмыг хамгаалах, иргэдийн амьдрах нөхцөлийг хангалаа гэж үзэж болно.

Гэтэл дээрх байдлын хувьд туйлын хариуцлагагүй хандсан. Төрийн тусгай хамгаалалтад байгаа, Монгол орноос хаашаа ч явахгүй объектдоо тийм арга хэрэгсэл хэрэглэх нь тохиромжгүй байсан. Тухайн хүн нь Монгол Улсын тэргүүн асан, Монголын ард түмний өмнө хийсэн ажил хэлэх үгтэй хүн. Тухайлбал, тэрээр 10 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн. Өнөөдрийг хүртэл ийм ажил хийсэн хүн, тийм улс төрийн нам гарсан уу, бод доо. Тэр хүний ачаар бид өнөөдөр эдийн засгийн макро түвшний хувьд эрүүлжиж, цаашдын зорилтуудаа ханган хэрэгжүүлэх боломжтой болсон юм шүү.

Энэ бүх алдааг хариуцах эзэн нь Хууль зүй, дотоод хэргийн салбарыг хариуцах сайд нь. Сайд энэ удаа өөрийнхөө үндсэн үүргийг хариуцлагагүй биелүүлж, хангалтгүй ажиллалаа гэж үзэж хуулийн дагуу Цэндийн Нямдоржийг огцруулах саналыг тавьж байгаа юм.

Огцруулах бичиг өргөн барьсан гишүүд нь МАХНын үйл ажиллагааг сэргээнэ гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр та мэн тэдний эгнээнд нэгдэж байна гэж ойлгож болох уу?

Миний хувьд МАХНд 1990 онд элссэн. Анх Ховд аймгийн Засаг даргаар сонгогдож, улс төрийн амьдралд орсон. Тухайн үед МАХНын гишүүн гэдгээрээ буруутгагдаж, Ерөнхий сайд баталж байгаагүй тохиолцол ч бий. Түүнээс хойш би намын дэргэдэх байгууллага болох Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхийлөгчөөр найман жил ажилласан. Энэ бол намыг дэмждэг байгууллага.

Энэ хугацаанд тухайн үеийн МАХН, одоогийн МАН шат шатны улс төрийн сонгуулиудад ялалт байгуулсан. Энэ нь тухайн үед манай холбооны гишүүд дэмжигчид олон мянган оюутнуудын эв нэгдэл, сэтгэл санааны дэмжлэг байсан гэж хэлж болно.

Нөгөөтэйгүүр орон нутгийн МАХНын хорооны даргаар мөн найман жил ажилласан. Орон нутгийн намын байгууллагууд намаа сонгуульд ялалт байгуулахын ,төлөө махийтлаа ажилладаг. Намын боловсон хүчин, гишүүд, орон нутгийн намын байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, материаллаг баазыг бэхжүүлэх гэх мэтчилэн олон ажлыг хийж байлаа.

Тиймээс итгэл үнэмшил маань зүүнийх. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн МАХН, одоогийн МАН. Бидний зүгээс өнөөдөр тавьж байгаа асуудал нь намын гишүүнчлэлтэй ямар ч холбоогүй гэдгийг хэлэх байна.

Түүнээс бус фракц бүлэг гэсэн асуудал байхгүй. Миний хувьд ойлгохдоо, МАН МАХН аль аль нь зүүний чиглэлийн намууд. Тийм болохоор эдгээр зүүний чиглэлийн намууд хоорондоо шөргөөцөлдөх биш, үзэл бодол, байр суурь, үзэл баримтлалаа уялдуулах, харилцан ойлголцох асуудал л байдаг болов уу.

Үйл явдал болох үед зарим гишүүд МАХНын даргатай хамт байсан нь УИХд бүлэг үүснэ гэсэн яриаг батлах шиг болсон. Тэдгээр гишүүдтэй хамтарч байгаа болохоор л ингэж асуугаад байгаа юм л даа?

Хүний л жудгийн асуудал байгаа юм. Тухайн үед би тэр газарт байгаагүй. Хэрэв байсан бол холбогдох хууль, түүнийг хэрэгжүүлэх байгууллагуудын нөхдүүдтэй ярилцаж, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа нэг даруй зогсоо гэж ярих байсан. Хамгийн эхлээд Ц.Нямдорж руу хэлэх байсан, “наадах чинь тусгай хамгаалалтын тухай хууль зөрчсөн байна. Үүнээс бид эргээд гарч чадахгүй. Та хэриуцлага алдсан асуудалд унана шүү” гэж хэлэх байсан.

Сүүлийн үед МАНын гишүүд удирдлагууддаа нэлээд хатуу хандах болсон. Ц.Нямдорж сайд бол танай намын лидерүүдийн нэг. Ийм хүнийг огцруулах бичгийг өргөн барьсан нь дээрхийн илрэл үү?

би Ц.Нямдорж гишүүнийг манай намын лидер гэж хэзээ ч хэлэхгүй. Харин энэ хүн бол манай намын сонгуулийн ялалтаас байнга хүртэж ирсэн хүн гэж хэлнэ.

Тэгвэл нөгөө талаас ийн улс төр идэвхжсэн нь сонгууль дөхөж байгаатай холбоотой болов уу. Энэ удаагийн бичиг ч гэсэн?

Энэ бол сонгуультай холбоотой зүйл биш. Бид ямар үндэслэлээр уг асуудлыг тавьснаа дээр хэлсэн.

Сонгууль гэснээс та хуучин тойрогтоо нэр дэвших үү?

Хаашаа явахав дээ, Хуучин тойрогтоо л нэр дэвшинэ биз.

Таныг сонгогчид  их дуугүй гэж ярих юм билээ. Үнэхээр та яагаад чуулганы хуралдаанд үг хэлээд байдаггүй юм бэ?

Өнөөдөр УИХ дээр дуугараад байх шаардлага алга байна ш дээ. Асуудлууд тэртэй тэргүй хайрцаглагдаад явчихаж байгаа учраас. Тэгээд ч зарим нь бусдынхаа дуугарах эрхийг хааж, боомилдог учраас.

1990 оноос өмнө Монгол оронд 50иадхан хууль үйлчилж байсан. Гэтэл одоо 900 гаруй, бараг 1000 хүрч байгаа байх аа. Түүнээс үйлчилж байгаа нь хэд бол. Тухайлбал, хууль хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага нь ингээд зогсож байна шүү дээ.

Тэгэхээр чанартай чанаргүй ийм олон хууль хийгээд түүнийг нь бид батлаад засварлаад л яваад байгаа л даа. Энэ бүхэнд дуугараад байх онцын шаардлага байхгүй. Харин зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийе гэвэл ярина шүү. Тухайлбал, Монгол орны хөгжлийн макро түвшний асуудал, засаг захиргааны өөрчлөлтийн асуудал, Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх асуудлыг хөндсөн тохиолдолд ярина.

Таны үг хэлэх эрхийг хэн боомилоод байдаг юм бэ?

Боомилоод ч байх юу байхав дээ. Зүгээр л хэлэх ач холбогдол байхгүй л гэсэн үг л дээ. Мэдэж байгаа зүйлийг дахин дахин яриад байх нь утгагүй. Тэртэй тэргүй бүлгийн хурал дээр яриад шийдчихсэн зүйлийг ороод кноп дарахаас өөр яах юм бэ.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих