Н.Энхбаяр МАН-даа байсан бол баривчлагдах уу?

П. Хашчулуун (Өдрийн сонин)

Үүрээр Н.Энхбаярыг баривчил­лаа. Үнэндээ энэ үйл явдал нь МАН-МАХН-ын хоорондын хэрүүл тэм­цэл туйл руугаа явж буй хэлбэр. Үнэндээ энэ үйл явдал нь Ц.Ням­дорж-Н.Энхбаяр нар баян ядуугаа дуудалцан хэмлэлдэж эхэлсэн хэрүүлийн өрнөл хэсэг. Өөр юу ч биш. Хэнд ч хамаагүй зүйл. Н.Энх­баярыг өрөвдөж буй хүмүүс нэг зүйлийг анзаараад үз. Хэрэвзээ өнөөдөр Н.Энхбаяр МАН-даа бай­сан бол түүнийг ингэж баривчлах уу. Би хувьдаа баривчлахгүй бай­сан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Уншигч танд ч тэгж бодогдож байгаа биз.

Өнөөдөр Ерөнхийлөгч асан Төв аймгийн засвар хийсэн шоронгийн тусгай өрөөнд, телевиз, интернэт, сонин хэвлэл… гээд бүх хангамж дунд амьдарч байгаа. Зарим хэв­лэл мэдээллийн хэрэгслээр гутлыг нь оруулахгүй байна, шоронгийн­хон тус болж байна гэсэн нь бүгд худлаа гэнэ. Үүнийг ШШГЕГ-ынхан албан ёсоор мэдэгдэв. Н.Энхбая­рын хувьд хөл нүцгэн тэврүүлээд, хүмүүсийн уухайн дунд шорон руу ачигдаж чадсан нь түүний хүсч байсан зүйл. Тэр өөрийгөө бариг­дахыг мэдэж байсан. Ц.Нямдорж, иргэн намайг шоронд хийж чада­х юм байна гэж тэр эртнээс ойлго­сон. Хоёр өдрийн өмнө “Таныг дайчлан баривчлахаас өөр арга­гүйд хүрлээ” гэсэн мэдээлэгчдийн­хээ мэдээллийг хүлээж авсан. Ингээд үхтлээ үхэр буугаа гэгчээр баригдах өдөр хүртлээ ордноос салаагүй. Уулзах ёстой бүх хүмүүс­тэйгээ уулзаж чадсан. Яг үнэндээ “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр Ц.Нямдоржоос бусад нь түүний улаан нүүрийг хараад дагжин чичирч, чичрээгүй нь хачин царайлцгааж байсныг ордныхон тэр аяараа харж байсан шүү дээ. Н.Энхбаяр өөдөөс нь ирж яваа баривчилгааг баатарлаг үйл явдал болгох сценариа зохион боловс­руулсан. Танилцуулах, ойлгуулах ёстой хүмүүстээ ойлгуулсан. Тэдгээр нь бэлэн байдалд орсон. Миний баривчлагдах агшин бол Монголын нийгмийг тэр аяар нь цочроосон үйл явдал байж, надад эерэгээр тусах ёстой гэж. Үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөртөө Монголын нийгмийн хамгийн өрөвдөм нэгэн болж орхилоо. Нийгмийн сэтгэл зүй дэх гол дүр, үйл явдлын гол баатар болж байна. Өнөөдөр түүний баривчлагдаж буй, тэгээд бүр хөл нүцгэн “тусгай”-гийн залуусын мөрөн дээр олим­пийн аваргархуу “юм” явчихаж буй агшныг Монголд наян настай буур­лаас найман настай жаал хүртэл харан агшиж, мэгшиж байна. Тэр чадлаа. Тэр одоо Төв аймгийн мөрдөнд дараагийн алхмаа төлөвлөж суугаа. Бас л түүнийхээр болох биз.

Бодит байдал ийм атал монгол­чууд бид түүний баривчлагдсаны бурууг хэн нэгнээс хайгаад байх шиг. Уг нь хайх хэрэггүй үйл явдал. Эхэнд хэлсэн нэг нам дотроо эвдрэлцсэн тухай үзүүлбэр, нэгэн үе хүзүү сээрээрээ холбогдож явсан хоёр улстөрч нэгнийхээ булхайг дуудалцсанаас болж буй үйл явдал. Тодорхой хэлбэл тээр тэнд ажлаа хийж яваа АН-д ямар ч падлийгүй байх аа. Ерөнхийлөгчид бүр ч хамаагүй байх. Тэд хэрэвзээ мэдээлэл хийе гэвэл ингэж л хэлэх байх даа, нөгөө “Ардын элч” кино­ны ноён шиг “Ийм явдал болсон нь харамсалтай” гэж. Өөрөөр айлын асуудалд юу гэж хэлэх юм бэ. Хөршийнх нь хос хоёр хоорондоо яаж байх нь хотын сууцны айлуу­дад хамаагүй байдаг биз дээ. Яг үүн шиг л үйл явдал.

Харин Монголын ард түмний хувьд өөр хэрэг ээ, үеийн үед, бүр язгуураараа ядарсан зовсон нэгний талд байж ирсэн. Байсаар ч байх биз. Тэр нь ямар амьтан, ямар үйл хийчихээд, үйлийнхээ үрийг үзэж байгаа нь манай ард түмэнд эхэндээ огт хамаагүй бай­даг. Тэр хүний өрөвдөлтэй хараг­даж байгаа явдал өрийг нь өвтгө­дөг. Гэхдээ үнэн худлын ялгаа аль талд гарахыг  айхавтар анзаарч байдаг. Н.Энхбаяр хууль бус үйл­дэл хийгээгүй нь тогтоогдоод шоронгоосоо гараад ирвэл ард түмний хайрлах хайр байж л байна. Үйлдэл нь тогтоогдоод цааш явбал үйл үйлээ дагадгийн жамыг ярицгаана.

Хэт олны танил нэгний асуудал болохоор зарим нэг хүн улс төржүүлж, улс төрийнхөө да­раагийн алхам болгох гэж ард түмэн рүү янз бүрийн мессеж хаяж байна. Яда­хад хаврын улирал ч юм даа, Монго­лын шизопринтэй бүхэн ил гарч ирж зурагтаар ярьж байх шив дээ.

Харин ийм үйл явдлын үед улс төрийн зуд турхан, зуншлага ногоо хангалттай үзсэн том улс төрчид, томоохон улстөрийн намууд дүн нурууг нь харан нийгмээ ажиглаж, мэдэрч суудаг. Үнэндээ өнөөдрийн энэхүү МАН-МАХН хоёрын дотоод тэмцэл, Ц.Нямдорж-Н.Энхбаярын хэрүүлийн туйл, баривчилгаа энэ тэр нь том улстөрчдийн, том улс төрийн хүчнүүдийн хувьд дэндүү жижигхэн үйл явдал юм. Өдөр бүр хүмүүс тэр газар руу ачигддаг. Буруугүй нь тогтоогдоод гардаг хэсэг бий. Буруутай нь тогтоогдоод үлддэг хэсэг бий. Аль ч нийгмийн амьдралын нэг хэсэг.  Яриулахыг хүсээд байгаа намын­хан нь тэр газраар нь хангалттай орж шалгаг­даад буруугүйгээ тогтоолгоод гарч байлаа. Хүмүүс айгаад байгаа тэр газрын үүдэнд очоогүй лидер тэр намд нь байхгүй биз. Улс төр дэх зуд турхан, зуншлага ногоо үзсэн улстөрч, улс төрийн нам гэж үүнийг хэлээд байгаа юм. Харин үүнийг үзээгүй хүмүүст шорон аймшиг байлгүй яахав. Үнэхээр үхэх шах­да­гийг сая Н.Энхбаярын гэртээ хаалгаа түгжчихээд бүгж байгаа­гаас, эмнэлэг рүү үхлээ гээд зугтаа­сан генерал, хурандаа нараас харлаа. Ийм нэг буруу жишиг л Монголын нийгэмд цаашид тогтчих вий дээ. Том дарга нарт болохоор хууль үйлчилдэггүй. Жирийн иргэн Доржид болохоор хууль үйлчлээд байдаг. Энэ байдал газар авбал Монгол Улсад хууль гэж байгаад яахав, прокурор байгаад яах юм, шүүх байгаад яах юм. Отог омгийн зарчмаар л амьдрах үлдэнэ дээ.

Н.Энхбаяр МАН-ынхаа гишүүн нь хэвээр байсан бол энэхүү яриг­даад буй “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийг хувьдаа завшсан үйл­дэл, “Өргөө” зочид буудлыг хувьдаа завшсан үйлдэл, Т9 телевизийг хувьдаа завшсан гэх үйлдэл, “Эр­дэнэт” үйлдвэрийнхнийг дарам­талж байгаад тус үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх эрхийг Н.Мягмаржаргал гэж нөхөрт авч өгсөн гэх үйлдэл… бүгд ил гарахгүй байсан. МАН-аас гарлаа л гэвэл энэ мэт гэмт үйлдлүүд илрээд байх юм байна. Тэгэхээр МАН гэдэг бүлэг­лэл аль болох салж сарних тусам Монгол Улс дахь төр дамжсан авлига, луйвар, ер нь бузар булхай бүхэн Н.Энхбаярынх шиг илрээд байх юм байна. Энэ хэрээр нийгэм эрүүлжих юм байна. Энэ нам энэ хэвээр байгаад байвал бугшиж идээлсээр байх юм байна. Н.Энхбаярын эргэн тойрноос өрөв­дөл биш үнэн нь ингэж л харагдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих