“БИ АЙХГҮЙ”
ШШГЕГ-ын харьяа Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулагдаад буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр ийм нэртэй ил захидал ард иргэдэд хандан бичжээ. Түүнд бичсэнээс үзвэл өөрийг нь цагдаагийн байгууллага хүч хэрэглэн баривчилсныг өнөөгийн эрх баригчид улс төрийн зорилгоор гол өрсөлдөгчөө дарж авах гэсэн оролдлого гэж Н.Энхбаяр үзэж буй аж.
Эрх баригчид надаас яагаад айв хэмээн тэрбээр асуугаад, 2008, 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн тэд булхайг нь байн байн сануулж, амлалтаа биелүүлэхийг шаардаж буйд байж суух газраа олж ядаж байна. Хагартлаа баяжиж буй цөөн тооны олигарх Монголд ашиггүй Оюутолгойн болон Тавантолгойн гэрээг үхэн хатан хамгаалж байна. Их мөнгийг ард түмэнд аваад өгчих нь гэхээс тэдний нойр нь хүрэхгүй байна хэмээн хариулжээ.
2008 оны луйврын сонгуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн Ц.Элбэгдорж алхам тутамдаа хууль зөрчиж, хууль хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь нэгэнт ил тод боллоо. Д.Дорлигжав, Б.Хурц нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажилладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн байгууллагыг эзэндээ үйлчилдэг хэрэгсэл болгосон хуулийн “алуурчид” болжээ. Монгол Улс маань гадаадын эдийн засгийн “алуурчид”, дотоодын хуулийн “алуурчдын” гарт оржээ хэмээн ил захидалд өгүүлсэн байна.
Цааш нь монголчуудын маань амьдрал хүнд хэцү байгаа цагт “Би алдсан, бас алдсаар байна” гэж гэмших ёстой хүн гэж өөрийгөө боддог. Тийм ч учир дотроо ард түмнээсээ дандаа уучлал гуйж байдаг билээ. Харин өнөөгийн эрх баригчдын надад хүчээр тулгаад байгаа “хэргийг” би хийгээгүй юм шүү. Эрх баригчдын намайг буруутгах гэж улайран зүтгэж буй зохиомол хэргийг (үүнийг уншигчид сайн мэдэж буй) би хийгээгүй гэдгээ ард түмэндээ омог бардам хэлж байна гэжээ.
Mongolnews.mn
URL:













