Золгүй байдлаар үхэгсдийн дийлэнх нь эрчүүд бөгөөд Монголд баялаг бүтээх хүн үгүй болжээ
1990-ээд оноос эхэлсэн зах зээлийн их давалгаанд хамгийн их хохирч хэлмэгдсэн нь жирийн ажилчин анги. Олон арван үйлдвэр хаалгаа барьж, үе үеийн их бүтээн байгуулалт өмч хувьчлал нэрийн дор хэдхэн хүний гарт орсноор эгэл иргэд, ажилчин ангийн хоолыг булаан гудамжинд амбаардан хөөн гаргасан билээ. Хамгийн том нүгэлд хүн алах бус, хүнийг хоолгүй болгох, хоолноос нь салгахыг хэлдэг юм гэсэн шүү. Алахтай ялгаагүй юм даа.
“Тунгалаг Тамир” кинонд Буян чавганцыг Эрдэнэ санаандгүй байдлаар амьдралын эх үүсвэр болох мал, хоолноос нь салгачихдаг хэсэг гардаг. Дараа нь зээл дээр Эрдэнэ гуйлгачин болчихсон Буян чавганцтай тааралдаад цаадах нь түүнийг айхтар хараадаг билээ. Тэр хараалаас болсон уу, ямар ч байсан Эрдэнэ сайхан амьдарч чадаагүй.
Пролетарийн диктатур гэдэг шиг ардчиллын диктатур хаа сайгүй өрнөж, шударга ёс гэдэг нь үлгэр домгийн зүйл болж хэн сайн идэж уусан, луйвардсан нь элит болцгоон, ядуу зүдүү хүн автоматаар хүний тооноос хасагдсанаар энэ улс орон уруудаж мөхөхийн зам руугаа шуудран орсон гэж болно.
Уг чанартаа аливаа диктатур нь дарангуйллын нэг хэлбэр. Ардчиллын диктатур нь пролетариийнхаасаа бүр дор болсон үзүүлэлт ч бий. Ядаж пролетарийнх нь үй олон хүнийг хоолноос нь салгаж, ядуу гэдгээр нь алаг үзэж, шударга бус хандаагүй юм. Бусад орны ардчиллыг харахад манайхных шиг хэдхэн хүний өмч, байгууллага объект дур мэдэн хулгайлдаг хэрэгсэл болчихоогүй юм билээ.
“Ганц хүүхдийн ч нулимсан дээр тогтсон ардчилал байх ёсгүй” хэмээн уриалсан ардчиллын хориод жилийн дотор хүүхдийн нулимс бүү хэл, Монгол тэр чигээрээ “Үхлийн хөндий” болж хувирсан. Хоолгүй, гэр оронгүй болсон хүнд ганц зам нь үхэл шүү дээ. Ид баялаг бүтээх, дандаа идэр насны эрчүүд зөвхөн ядуу гэдгийн улмаас л нохойноос дор амьдарч, тамаас дор амьдралаа мартахын тулд архи, элдэв найрка ууцгаан хорвоогоос хальцгааж байна.
Тэд “21 -ээ” ч авдаггүй. Зүгээр л хүний тооноос хасчихсан. Ганцхан шөнийн дотор арав, хориороо осгоод нас барчих бол юу ч биш, хэн ч тоохгүй үзэгдэл. Ганц ишиг нүд анихад нулимс мэлмэрүүлдэг монгол хүн яг яс юман дээрээ шударга бус, амин хувиа хичээсэн, хатуу цэвдэг сэтгэлтэй аж. Бид чинь хэдүүлээ билээ? Ядаж гурван сая ч хүрээгүй мертлөө эрдэнэт хүний амиар ёстой тоглох шиг болох юм даа.
Ажилгүй гэгдэх залуусын дотор “алтан” гартай, юуг л бол хийчихдэг хүн зөндөө бий. Даанч даржин хувцаснаасаа болоод л гологдчих юм. Ийм хандлага тэргүүлэх байх суурьтай байхад юун тэр хөгжил дэвшил, баялаг энэ тэр бүтээх билээ. Хэн хийх юм. Ухамсаргүй иргэдийн тарьсан хогийг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрддэг ТҮК-ийн цөөн хэдэн нөхдийг хүртэл элдвээр хэлээд, доромжлоод байхад хэн юу хийх юм бэ?
Хэдхэн төгрөг авахын тулд ингэж өөрийгөө тамалж байснаас ялих шалихгүй хэрэг өдүүлээд ч юм уу шоронд орчихсон нь бараг дээр ч юм шиг. Шүүх тэртэй тэргүй ядуу хүнд хатуу ханддаг юм болохоор шоронд орох ч ядаад байх зүйл биш.
Хоёрхон сая хүнд ахадсан 5000 гаруй хоригдолтой гэх Монголын шоронд дийлэнх нь мөнгө төгрөггүй, хоногийн хоолоо яая гэсэн улс байдаг нь нэгэнт нууц биш болсон. Гудамжинд үхсэнээс арай дээр юм уу даа. Дэлхийн хэмжээнд авч үзвэл манай “сайн” эрсийн үйлддэг хэргүүд үнэндээ шалихгүй. Яахав малын хулгай жаахан томд орж болох юм. Түүнээс биш зэвсгийн наймаа, мафи, контрабанд ч юм уу сүр дуулиантай хэргүүд байхгүй шүү дээ.
Монголд бол ядуурлаас үүдсэн гэмт хэрэг л зонхилдог. За тэр хүний наймаа энэ тэр бол, хэрэв үнэхээр байваас тун өчүүхэн хувийг эзлэх биз. Угаасаа монгол хүний сэтгэлгээ, зан үйлд нэг л тохирохгүй байгаа юм, энэ зүйл анги. Нэг их барууны мундаг төсөл хэрэгжүүлсэн лут амьтад болцгоох гэж зохиосон ч юм уу. Өөрийнх нь хэрэг явдал, мөнгө төгрөг бүтэхгүй болохоор өрөөлийг хөлдөө чирдэг, гөрддөг жудаггүй монгол зан ч цаана нь байж болохыг үгүйсгэхгүй.
…Өлсөж зовохын эрхэнд Сундуй түмэн сав, түлээ нүүрс гэх мэтийн жижиг сажиг зүйлс хулгайлсан болоод зориудаар аавын хаалга татжээ. Хөдөө байсан хэдэн буянаа бараад хот бараадсан гуч гаруй насны Сундуй хар бор ажилд гавшгай шалмаг нэгэн. Мужааны ажлаа ч өлхөн хийчихнэ. “Даанч энэ хотод чинь хүнийг хувцсаар нь дүгнээд л буцаачих юм. Би юу ч хамаагүй хийе л гэдэг. Зарим нэг зальтай ажил олгогч энэ байдлыг нь овжин ашиглаж, үхтэл нь зарчихаад ганц талхны мөнгө ч өгдөггүй”, ёстой арилсан дотортой улс байдаг юм билээ.
Хамт ирсэн найз минь энэ байдлыг тэвчилгүй амиа хорлочихсон. Ядаж байхад төрийн албан хаагч нарын мөнгө нэмэгдчихээр хүнс нь нэмэгдчихдэг юм. Улаан мөнгөний орлогогүй бид чинь яаж голоо зогоох билээ. Шоронд ядаж хоолтой юм. Угаас шалихгүй хэрэг болохоор тэгс ингэс гээд суллачихдаг байгаа. Ер нь ядуу хүнийг нохойноос дор үзэх юм даа.
Ингэж тарчилж явснаас бараг шулуухан буудуулчихсан нь дээр биз ээ. Ганц нэг хамаатныхаараа орсон. Хялалзаж цэхэлзээд, дуртай дургүй ганц л хонуулж билээ. Бид чинь тэгээд одоо яах болж байнаа. Давтан хэрэг хийхээр овоо олон жил өгдөг гэсэн. Угаас худал, хулгай хийж сураагүй хүн чинь тэрийг нь яаж хийхээ мэдэхгүй л явж байна” хэмээн хатуу үнэнийг ямар ч хачир, давс хужиргүй тэр чигээр нь ярихад зүрх базаад авах шиг болсон юм.
Хэнд ч гэм хийгээгүй, мөрөөрөө, зөвхөн ядуугаасаа болж адлагдсан ийм Сундуйчууд Монголоор дүүрэн байна. Тэд Монгол улсад хэрэггүй, хайртай хүү нь биш болжээ. Сонгууль дөхөхөөр л 37 оны их хэлмэгдүүлэлтийн сэдэв босч ирдэг. Сайндаа биш, бурууг нэг намд тохох гэж. Гэхдээ бодоод үзэхэд одоо ч хэлмэгдүүлэлт байсаар…
Эхний тохиолдолд бууны сумаар, хоёрт нь бол хоолгүй болгож байгаад үхүүлэх. Эдийн засгийн хэлмэгдүүлэлт гэж үзэж болно. Ялгаагүй л хүний амь, дүндээ дүн. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн өнцөг буланд тархан суурьшсан монголчуудаа Их Монголдоо нэгдэх, Улаанбаатартаа ирэхийг уриалж байсан билээ.
Хөөрхийсийг тэгж алаад яахав. Тэр улсынхаа хоолыг идээд амар тайван явж байг. Хэдхэн Монголоо тэжээж чадахгүй байгаа улс чинь тэр холоос ах дүүгээ, монгол газар шороогоо гэж ирэхэд нь хүйтэн царайлаад сэтгэлд нь сэв хийчих, ялгавартай хандаад эхэлчихвэл яах юм, эцсийн эцэст ажлын байр нь хаана ч байгаа юм. Хөлөө олохгүй мунгинаж явсаар нөгөө алдарт “танк”-д нь орчих ч юм бил үү. Тэгж нүгэл хийгээд яахав. Заяа заяандаа, үйл үйлэндээ л явж байя даа.
Ю.Энх
Эх сурвалж: “Байлдан дагуулагч” сонин
URL:








