“Ий цаана чинь Бат-Энх”
МАН-д “Симба” Батаагийн дүү Ц.Бат-Энх гэдэг эрх залуу байна. Ямар ч нөхцөлд дэд сайд юм уу орлогч захирлаас унадаггүй гэхээр дээрээсээ нэлээд татаатай доороосоо сүрхий түлхээстэй “өсч яваа” залуу улс төрч болох нь мэдэгддэг. Ах нь гэж нэг нөхөр Сүхбаатар дүүргийнхнийг төлөөлж дөрвөн жил Их хуралд суухдаа нэжгээд үнэг, бас нэг нисдэг тэрэг унагаснаас өөр юм хийгээгүй. Тэгвэл дүү Ц.Бат-Энх нь Дэд бүтцийн яаманд ажиллаж байхдаа нэг ажилтнаа цохиж унагасныг эс тооцвол бас л нүдэнд харагдаж гарт баригдахаар ажил хийгээгүй. Гартаа бүлтэй цочмог ууртайн “харгайгаар” албан тушаалаасаа мултарсны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал болсон . Монголын ганц саалийн үнээний том мээмний нэг хөхөнд нь эзэн сууна гэдэг нь тарчигхан аймгийн Засаг даргаас л дээр юм даа. Овоо тахих, шинэ жилийн баярын үдэшлэг зохион байгуулах энэ тэрхэн ажил хийж явсаар саяхан Боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод авав. Урьд нь хүнийг нам цохиж унагаж байсан болохоор Боксын холбооныхон “ур чадварыг нь харгалзсан” бололтой. Удахгүй бүр мэргэжлийн боксчин болно биз. Тэр цагт “Эрдэнэт” үйлдвэрийн байтугай МАН-ынхан хүртэл “Ий цаана чинь Бат-Энх” гээд бараанаар бутрах байлгүй.
С.Цог
URL:













