МАХН 9.4 сая төгрөгөө 3.4 тэрбум болгож нөхжээ
Сонгогчийн боловсрол төвийн гүйцэтгэх захирал Б.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон “Улс төрийн нам: задрал ба нэгдэл” сэдэвт хэлэлцүүлэгт “Нам ба сонгуулийн луйвар” хэмээх илтгэл тавьсан юм.
-Таны илтгэлд дурьдсанаар манай улсад дэлхийд байхгүй сонгуулийн бохир технологи бий гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Сонгуулийн бохир технологи гэж таван төрлийн луйврыг дэлхийн бусад оронд бүртгэсэн байдаг. Манай улсын хувьд судлаачдын тэмдэглэснээр сонгуулийн тойрог байгуулахаас эхлээд эцсийн дүн гарч, зарлах хүртэл 100 гаруй төрлийн сонгуулийн бохир технологи хэрэглэгддэг байна. Бүр оноогоод нэршчихсэн, нутагшуулчихсан газар нутагтай тааралддаг. Гэхдээ энэхүү илтгэлээрээ сонгогчдын нэрийн жагсаалтын нөхцөл байдал ямархуу байдгийг харуулахыг илүүд чухалчилсан юм. Улмаар сонгогчийн нэрийн жагсаалт нь зөрүүтэй, хуудуутай, зохицуулалтгүй байдал нь сонгуулийн эцсийн дүнд хэрхэн нөлөөлдөг байдлаар дурьдсан.
-Сонгогчийн нэрийн жагсаалтын асуудал байнга л хэл амтай байдаг зүйл. Монголчууд шиг нүүдлийн хүмүүст энэ нь илүү хүндрэл учруулдаг юм болов уу?
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монгол Улсын таван байгууллага нийлж “Сонгох, сонгогдох эрхийн төлөв байдал ямар байна вэ” сэдвээр илтгэл бэлдэж явуулсан юм. Илтгэлийн хүрээнд сонгуулийн бүх нийтийн зарчмыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал сонгогчийн нэрийн жагсаалтын асуудлыг зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол үүнээс үүдээд сонгууль бүх нийтийн байхаа болих, иргэн саналаа өгөх, сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдэж чадаагүй тохиолдолд шүүхээр эрхээ хамгаалуулах зэрэг олон асуудал хууль эрх зүйн орчны гадна үлдэж байгааг онцолсон. Улмаар дур зоргын шинжтэй болсон. Түүнийг гаргадаг зохицуулалт нь өөрөө ойлгомжгүй, давхардал ихтэй. Гэтэл үүний эцсийн хор хохирлыг нь сонгогчид үүрч байна. Тодруулбал, сонгогчийн нэрийн жагсаалтад орж чадахгүй, саналаа өгч чадахгүй байгаа юм.
-Орон нутгийн сонгууль ирцдээ хүрэхгүй дахин явуулж байсныг санаж байна?
-Жилээс жилд бүртгэгдэх сонгогчийн нэрсийн жагсаалт цөөрч буй. Саналаа өгч байгаа сонгогчдын тоо ч мөн адил цөөрсөн. Хамгийн сүүлийн муу жишээ гэхэд, 2008 онд орон нутгийн сонгууль ирц нь хүрэхгүй дахилаа. Сонгууль дахина гэдэг их хэмжээний зардал, цаг хугацаа шаарддаг. Сөрөг үр дагавар нь ч тэр хэмжээгээр нэмж хэмжигддэг.
-Улс төрийн намууд сонгуулийн зардлаа хэрхэн тайлагнасан талаар тайлбарлаж байсан. Ингэхдээ мөн л луйвар хэрэглэж, худал мэдүүлдэг гэсэн үг үү?
-Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулахын тулд л оролцдог. Гэхдээ бүгд ижилхэн нөхцөлд, тоглоомын дүрмээр өрсөлдөх учиртай. Сонгуульд зарцуулсан зардлаа улс төрийн намууд хэрхэн тайлагнасан талаар цухас танилцуулъя. Хуучин МАХН сонгуулийн үеэр нэг ч төгрөгийн шатахуун зарцуулаагүй талаар тайландаа тэмдэглэсэн байгаа. Мөн бичиг хэрэг, холбоо харилцаандаа хөрөнгө гаргаагүй байх жишээтэй. Цаашлаад ухуулагч нартаа ч нэг ч төгрөг өгөөгүй гэсэн байна. Ийм туйлын үнэмшилгүй тайлбар байж болох уу даа. Манай улс 1.5 сая шоо км газар нутагтай. Хэд хэдэн улсыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц газар нутагтай мөртлөө нэг ч литр шатахуун зарцуулахгүйгээр Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Дорнод аймгийн Матад суманд яаж хүрсэн байх уу. Цүнхээ үүрээд алхсан юм уу, уул даваад мөлхсөн байх уу гэхчлэн сонирхолтой асуулт ургах юм.
-Уг нь сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь өгөөгүй гэж дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасдаг байх аа. Харин худал мэдүүлсэн гэж хариуцлага хүлээлгэдэг юм уу?
-Сонгуулийн ерөнхий хороо зарим жижиг улс төрийн намууд сонгуулийн зардлаа хугацаанд нь ирүүлээгүй гэдэг үндэслэлээр дараагийн сонгуульд оролцох эрхийг нь хасчихдаг. Гэсэн атлаа худлаа тайлан өгөөд байгаа намуудыг яагаад шалгадаггүй юм бэ. Нөхцөл байдал ийм ил байхад үүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа нь хачирхалтай. Цаашлаад улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ч зохицуулахгүй бол горьгүй нь. Одоогийн инфляци, төсвийн өнөөгийн бодит дүр төрх ямар байна. Энэ бүхэн дээрх байдлаас улбаатай үйл явдлууд гэсэн үг.
-Улс төрийн намууд нэг тойрогт хэчнээн төгрөг зарцуулсан талаар тодорхой хэлээд өгөөч?
-УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч нэг тойрогт дунджаар 12 сая, бие даагч 35 сая, Ардчилсан намын нэр дэвшигч 881 сая төгрөг зарцуулсан гэсэн тайлан гаргасан нь тэдний тайлан бодит байдалд хэр нийцтэйг харуулж байна гэсэн юм.
-Та улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулах гэхээсээ илүү ашиг олох гэж ордог талаар дурьдаж байсан?
-МАХН 940 сая төгрөг сонгуульд зарцуулсан байгаа юм. Сонгуулийн үр дүнгээр улсын төсвөөс авч байгаа санхүүжилтийн хэмжээ нь түүнээс 3-4 дахин их буюу 3.4 тэрбум төгрөг байх жишээтэй. Тэгэхээр магадгүй өнөөгийн төсөв ийм хүндрэлтэй үед улс төрийн намуудад төсвөөс олгож байгаа санхүүжилт хэр зохистой талаар бодолцох нь зүйтэй гэсэн санааг л гаргахыг хүссэн юм.
-2008 оны сонгуулиар улс төрийн намууд бэлэн мөнгө амласан. Хэрэв МАХН-ын 1.5 сая төгрөгийг иргэн бүрт өгнө гэвэл дөрвөн их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл улсын төсөв анх удаа л жилдээ 3.2 их наяд төгрөг баталж байсан гэж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Сонгогчдын саналыг худалдан авах замаар төр засгийнхан шийдвэр гаргаж болохгүй. Сонгуульд өрсөлдөх том зарчим бий. Хуульд зааснаар сонгогчдод эд мөнгө амлах, сонгогчдыг саналаа өгөхөд түлхсэн эд материал өгөх, амлахыг хориглосон. Гэтэл тухайн үеийн улс төрийн намууд МАХН 1.5 сая, АН “Эрдэнийн хувь” нэг сая төгрөг амласан. Ингэж УИХ-д суудал авч байх жишээтэй. Үнэхээр 1.5 сая төгрөг иргэн бүрт өгнө гэвэл дөрвөн их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл Монгол Улс анх удаа 3.2 их наяд төгрөгийг жилийнхээ төсөвт төсөвлөж байх жишээтэй. Иймдээ ч 2008 оны долдугаар сарын 1-ний бужигнаан бол 1.5 сая сонгогчийн сонгуулийн луйврыг эсэргүүцсэн тэмцэл байсан юм.
-Бэлэн мөнгө амласны гор нь өдгөө гарч байна. Одоогийн байдлаар ннфляци 14.3 хувьд хүрлээ?
-Яг үнэн. Бэлэн мөнгөний амлалтын горыг одоо л бид амсаж эхэлж байна. Улмаар төсөвт ямар их ачаалал болж байгаа билээ. Энэ оны төсөвт 800 гаруй тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг эх үүсвэргүй баталлаа. Иймэрхүү байдлаар эцсийн үр дагаврыг сонгогчид л үүрдэг. Мөн амлаж сонгуульд гарч ирэхийг хуулиар хориглочихсон байхад Сонгуулийн төв байгууллага, СЕХ дуугарахгүй, шийдвэр гаргахгүй байсны хар гай энэ.
-Сонгуульд оролцож буй улс төрийн намуудыг санал дугуйлах хуудсан дээр эрэмбэлэхдээ дэлхийн бусад улс ямар зарчим баримталдаг юм бол. Манай улс МАХН ямагт нэгд, удаад нь АН гэх байдлаар жагсаах нь хэр зохистой вэ?
-Дэлхийн бусад оронд манайтай адил зарчмаар дугаарладаггүй. Хэд хэдэн арга байдаг л даа. Жишээ нь, улс төрийн намууд шодох. Тэд хоорондоо шодож, эрэмбээ тогтоодог. Мөн санал дугуйлах хуудасны нэг хэсэгт МАХН нэгд, нөгөө хэсэгт нь АН нэгд гэх байдлаар дугаарладаг. Ингэснээр нэг намд хэт давамгай байх зарчмыг олгодоггүй юм.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:













