Б.Хурцыг эрх ямба эдлэх хүн биш гэж үзжээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Эх оронд нь буцаан ирүүлэх үү,Германы талд шилжүүлэхүү гэсэн асуудлыг өнгөрсөн 18-нд Их Британийн шүүх шийдвэрлэсэн. Гэвч хурлын шийдвэр Б.Хурцыг Германы талд шилжүүлэх нь зүйтэй гэж гарсан юм. Уг шүүх хуралд манай талаас ажлын хэсгийнхэн болон түүний эхнэр хүү оролцсон.Анхан шатны шүүхийн шийдвэрийгМонголын тал зөвшөөрөхгүй байна гэдгээ мэдэгдэж, давж заалдах хүсэлтээ тавьжээ.Анхан шатны шүүх хурлын шийдвэрийн талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодруулсан юм.
-Б.ХурцыгГерманы талд шилжүүлэхээр болсон. Харин шүүгч манай улсаас гаргасан үндэслэлд яг ямар тайлбар өгсөн бэ?
- Монголын тал гурван үндэслэлээр Европын баривчлах үндэслэлийг зөвшөөрөөгүй. Эхнийх нь Б.Хурцыг хууран мэхлэж ирүүлээд баривчилсан. Хоёр дахь нь тодорхой эрх ямбатай байсан. Мөн Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтан учраас халдашгүй дархан эрхтэй байх ёстой гэсэн үндэслэлүүдийг тавьсан. Иргэний эрх ашиг хөндөгдсөн нь үнэн. Тийм ч учраас бид бүхэл бүтэн ажлын хэсэг гаргаад, өмгөөлөгч аваад хамгаалж өмгөөлөх ажлуудыг хийж байгаа. Үүнийгээ ч нотлосон. Гэтэл шүүгч Европын тал баривчлах үндэслэлтэй байна гэж үзсэн нь тэр баримтыг хангалттай биш гэж үзсэнийх . Манай үндэслэлд шүүгч Б.Хурцыг хууран мэхлээд баривчилсан зүйл алга. Мөн Б.Хурцыг эрх ямба эдлэх хүн биш гэж үзсэн гэж хэлж болно.
-Бизнесийн визээр гарсан нь түүнийг буруутгах гол шалтгаан нь болоод байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
- Дипломат болон бизнес ангиллын виз гэж байдаг. Тухайн үед Б.Хурц бизнес ангиллын визээр Англи улсад зорчсон нь үнэн. Тэр хүнд ямар төрлийн виз олгохоо тухайн орны Элчин сайдын яам мэдэх асуудал. Манай зүгээс тийм төрлийн виз олгох ёстой гэсэн зүйл хэлэх боломжгүй юм. Дипломат паспорттой зорчино гэдэг нь тухайн хүнд автоматаар дархан эрх ямба үүсэхгүй гэдэг нь тогтоогдсон. Би ч дипломат паспорттой зорчиж болно.
-Өмгөөлөгчийг ямар шалгуураар авдаг юм бэ. Манай талын өмгөөлөгч хангалттай өмгөөлөл үзүүлж чадсан гэж та үзэж байна уу?
- Өмгөөлөгчийг тухайн асуудлаар өмгөөлөл үзүүлж мэргэшсэн гэж үзсэн болохоор сонгож авсан. Өмгөөлөгч Б.Хурцыг Германы талд шилжүүлэхгүй байх үндэслэлээ тавьсан, нөгөө тал ч бас үндэслэлээ тавьж, харилцан мэтгэлцсэний дараа эцсийн шийдвэрийг шүүгч гаргана. Харин анхан шатны шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан нь өмгөөлөгч муугаас шилжүүлсэн гэж үзэх үндэслэл биш. Тийм зүйл байж болохгүй.
-Шүүх хурал дээр ямар нэгэн мэтгэлцээн гарсан уу?
- Ямар ч мэтгэлцээн явагдаагүй. Учир нь, өмнөх шүүх хурлууд дээр мэтгээлцээн болсон. Энэ шүүх хуралдаан дээр шүүгч шийдвэрээ л танилцуулах байсан. Шүүгчийн шийдвэр нь Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр гарсан. Харин манай талаас давж заалдахаар болсон.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хэд хоногийн дотор давж заалдах эрхтэй вэ?
-Долоо хоногийн дотор. Энэ хоногуудад амралтын өдрүүд ч багтана. Дараа долоо хоногт багтаан манай тал давж заалдах үндэслэлээ гаргаж, холбогдох материалаа бүрдүүлж өгөөд гомдлоо гаргана.
-Давж заалдах шатны шүүх хурал хэдий хэр хугацаанд үргэлжлэх бол?
-Бидний гомдлыг авч хэлэлцсэний дараа тэд шийдвэрээ гаргана. Түүнээс биш хэд хоногийн дотор ч юм уу тийм хугацааны дараа шийдвэрээ гаргана гэж урьдчилан хэлэх боломжгүй.
-Манай тал давж заалдаад Б.Хурцыг эх оронд нь авчрах боломж байгаа юу?
-Бид шүүгчийн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Б.Хурцыг эх оронд нь шилжүүлж өгөх ёстой гэсэн үндэслэлээ бүрдүүлж, давж заалдах шатны шүүгчид гомдол гаргана. Шүүгчид авч хэлэлцээд хүлээж авах уу, үгүй юу гэдгээ хэлэлцэнэ. Түүнийг дараагийн шатны шүүх зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж тодорхой болох юм.
-Хэрэв Б.Хурцыг давж заалдах шатны шүүхээс дахин Германы талд шилжүүлэх шийдвэр гарчихвал манай талаас авах дараагийн арга хэмжээ нь юу вэ?
- Тэр талаар одоо надад хэлэх зүйл алга. Энэ ажлын хэсэг цааш үргэлжлүүлэн ажиллах байх.
-Английн хатан хаанаас уучлал хүсч болдоггүй юм уу?
-Үүнийг боломжгүй гэж үзэж байна. Учир нь тухайн улсад ямар нэгэн хэрэг, маргаантай холбоотой асуудал шийдээгүй. Б.Хурцыг Германы талд шилжүүлэх асуудал л яригдаж байгаа юм.
Д.Гэрэлхүү
URL:











