Оросууд бензинээ хямдруулна гэнэ, манайх яах бол
ОХУ газрын тосны экспортын татвараа бууруулах шийдвэр гаргаж, ирэх сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх гэнэ. Бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хөлсийг «цөм, цөм» бууруулж, ард иргэдээ нэг баярлуулаач.
Хэрвээ хойд хөршид нефтийн татвараа нэмлээ гэж.дуулдсан бол өдийд бүхий л юмны үнийг тэнгэрт тултал өсгөж, халаас нимгэн иргэдийн хамаг бухимдлыг барж байгаа нь ойлгомжтой. ОХУ-ын газрын тосны экспортын татвар энэ сарын эхээр тонн тутамдаа 12.1 ам.доллараар буурч, 448.6 ам.доллар болсон аж. Энэ тухай тус улсын Засгийн газраас албан ёсоор мэдэгджээ.
Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар тонн тутамд 9.1 ам.доллараар буурч, 232.4 ам.доллар болсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс ОХУ-ын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний «60-66-90» хэмээх татварын шинэ журам мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, газрын тосны экспортын татварыг дэлхийн зах зээл дэх «Urals» маркийн газрын тосны өнгөрсөн сарын дундаж үнээс 60 хувиар, бензины татварыг газрын тосны татварын 90 хувь, дизель түлшний татварыг 66 хувиар тооцох болсон юм.
Гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд дэлхийн зах зээлд «Urals» маркийн газрын тосны дундаж үнэ 120.76 ам.доллар байсан байна. Тэгэхээр түүхий газрын тосны экспортын татвар 448,6 ам.доллараас хэтрэхгүй байх ёстой. Энэ нь ОХУ-ын эдийн засагт сөрөг үр дагавар авч ирж байгаа учраас ийнхүү татварын бодлогоо эргэн харж байгаа аж. Ирэх сард мөн бууруулах талаар мэдээлэл бий.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар шатахууны үнэ дунджаар Аи-80 1500, А-92 1800, А-95 1950, А-98 2070, Дизель 1850, Авто Газ 950 төгрөг байна. Энэ бол хойд хөршид татварын бодлого өөрчлөгдөөгүй байхад худалдаалагдаж байсан үнэ.
Үнээ нэмэх болохоороо урагшаа гурав, дөрөв алхачихаад, бууруулах болохоор хойшоо ганц нэг алхдагаа болимоор юм. Бензин, шатахууны үнийг бага багаар нэмэх нь үнэд тэгж их нөлөөлдөггүйг эдийн засагчид хэлдэг. Үүнтэй адилхан бага, багаар бууруулах нь мөн үнэд эсрэгээр нөлөөлөхгүй байх шиг байна. Тиймээс шатахууныхаа үнийг нэмсэн шигээ л бууруулах хэрэгтэй байна. Монголчууд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг гэж нэг хэсэг нь ярьж байхад, дотооддоо үйлдвэргүй улсуудаас хамгийн хямд шатахууныг манайх л хэрэглэдэг гэж Газрын тосны газрын дарга асан Амарсайхан хэлсэн байдаг. Тэрбээр «Нефьт боловсруулах үйлдвэргүй хэрнээ манай шатахууны үнийг бусад улстай харьцуулахад харьцангуй хямд. Засгийн газраас нефть инпортлогчдыг ОХУ-ын төрийн өмчит «Роснефть» компанитай холбож өгдөг. Иймээс шатахуун импортлогч компаниуд бүгд ижил үнээр худалдаж авдаг» гэж байсан.
«Роснефьт компанийн хамгийн ойр салбар нь Анзарскад байдаг. Тэндээс манайхан бүгд шатахуунаа авдаг бололтой. Нэг доороос авдаг учраас сайхан хуйвалдаж байгаад нэмчихдэг нь нэгэнт тогтоогдоод байгаа. Түүний хар гайг жирийн иргэд л үүрдэг байдлыг өөрчилмөөр юм.
Энэ оны эхээр шатахууны үнээ 260 төгрөгөөр нэмсэн шалтгаанаа ОХУ-д татвараа нэмсэн, ам.долларын ханш өссөнтэй холбон тайлбарласан хэдий ч «Даравч далдайна, булавч бултайна» гэдгийн үлгэрээр тэдний хуйвалдаан илэрсэн. Импортлогч эздийн будлиан шуугианы талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон талаас нь их ч бичсэн. Гэхдээ сүүлийн үеийн жишээн дээрээс нэгэн тайлбар хүргэх нь зүйтэй байх.
ОХУ-д нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко «Танай улс шатахууны импортын хэмжээг огцом хоёр дахин нэмж захиалсан учир хилийн үнэд бага зэрэг өөрчлөлт орсон» гэж товчхон дүгнэлт хэлсэн.
Монголчууд шатахууны хомсдолд орлоо гэхэд уул уурхайн томоохон компаниуд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг шатахуун импортлогчид, томоохон уул уурхайн эзэд аль хэдийнэ бүрдүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдол ямар нэгэн байдлаар үүслээ гэхэд энгийн хэрэглээ, бусад салбарт дөрөв хоногийн нөөц байхад, уул уурхайн компаниуд 40 хоног ажрихааргүй нөөцтэй болсон гэдгийг учир мэдэх хүмүүс шивэр авир хийдэг.
Д.Баяржаргал
URL:




