Дэлхийд гайхагдах ордны дэргэдэх монголчууд хөлдөж үхэхдээ тулаад байна
Өмнөговьчууд бухимдуу байна. Дэлхийд алдартай Оюутолгой, Тавантолгойн том ордтой, хамгийн баян энэ аймгийн иргэд хөхөө өвлийн хүйтнээр цахилгаангүй суухад хүрлээ. Станцын энэ өвлийн ээлжит зогсолтоор аймгийн төвийн албан газруудын халаалтын систем хагарч, сургууль, цэцэрлэгүүд хаалгаа барив. Төрөх эмэгтэйчүүд эмнэлэгт жижиг халаагуурын дэргэд амаржиж байна. Уг нь 1996-2000 онд Өмнөговь аймгаас УИХ-д суусан Ц.Баярсайхан анх хөөцөлдөж, энэхүү цахилгаан станцыг бариулсан. Харамсалтай нь өндөр өртөгтэй энэ станцыг барихдаа нэлээд мөнгө хувьдаа завшсан, хамгийн муу, хамгийн хоцрогдсон тоног төхөөрөмжийг энэ цахилгаан станцад суурилуулсан хэмээн өмнөговьчууд гомдож сууна. Үнэндээ гомдохоос ч өөр аргагүй. Учир нь хэл ам таталж байгаа цахилгаан станц нь байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь доголдсоор өнөөдрийг хүрэв. Хөгжлийн холын гараанд тулж ирээд газрын доорх баялгаа ашиглаж эхэлсэн баян аймаг иймхэн юманд хөл алдаад, хөрч хөлдөөд байх ёсгүй л юмсан. Өмнөговьчууд говийн хүний уужуу тайван зангаараа хэдий болтол энэ байдлыг тэвчиж тэсэх вэ. Хөхөө өвлийн хүйтэнд аймгаараа гал алдан сууж байхад морилж очсон Д.Зоригт сайд Хятадаас эрчим хүч авч аймгийн баруун бүсийн сумдыг хангаад санаа нь амарч байх шиг. Гэтэл Өмнөговьд цахилгаан станц барих, шинэчлэх боломж байж л байгаа шүү дээ. Хятадад нүүрс зэрэг баялгаа хамгийн хямд үнээр гаргаж цахилгаан эрчим хүч хэдий болтол авч сэтгэл зогоож суухав. Бид уг нь цахилгаанаа гадаадаас авах биш, харин ч наад зах нь Хятадын хойд талын хэрэглэгчдэд худалдаж, мөнгөө хуримтлуулаад дараагийн үр ашгаа тооцоод явж байх ёстой юм. Оюутолгой, Тавантолгойг ашиглахын ач тус адаглаад иймэрхүү ажлаас өмнөговьчуудад мэдрэгдэх учиртай. Харамсалтай нь тэгж чадахгүй байна.
Монголчуудынхаа том эрх ашгийн төлөө дуугүй суух эрхгүй шүү
Оюутолгойн гэрээ ч монголчуудад ашиггүй болсон. Үүнээс ашиг олсон цөөн монгол хүн бий, харин тэр ард түмнийх биш нь харамсалтай .
Уг нь уул уурхайн салбарт олон жил ажилласан Х.Бадамсүрэн Оюутолгойн гэрээг ашигтай болгох боломжтой байсан. Яг энэ чиглэлээр ажиллах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байлаа шүү дээ. Эцэст нь юу болов. Ёстой холион бантан болчихоод байна. Фрийдланд гэдэг канад эр УИХ, Засгийн газрын гишүүдэд овоо их авлига өгсөн бололтой. Энэ нь зах зухаасаа илэрч байгаа тухай яригдаад эхэллээ. Үүнээс нь Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар ч чамгүй хүртээ биз. Х.Бадамсүрэн УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан болохоор хүртэхээс яахав. Ер нь мань эр “Монголросцветмет” нэгдлийн захирал байхаасаа л авлигад амташсан гэдэг. Ямартаа л “аав”-ынд морилох шахаж байхав. “Монголросцветмет” нэгдлийнхээ дэргэд хууль бусаар охин компани байгуулж түүгээрээ дамжуулан тэрбум гаруй төгрөг угаасан гэх хэрэгт холбогдоод байхад нь тухайн үеийн МАХН-ын удирдлага нь түүнийг уснаас хуурай гаргасан, түүх хуучраагүй байна. Өөрөөр хэлбэл тэр, өнөөдөр хөрөнгө мөнгөний асуудалтай байгаа хүмүүс авлигачдад барьцаалагдсан гэсэн үг. Тиймээс ч Оюутолгойн гэрээний талаар Х.Бадамсүрэн олигтой ганц ч үг дуугарсангүй. Монгол даяар бөөн дуулиан болоод байгаа Оюутолгойн талаар УИХ-ын нэр бүхий цөөн хэдэн гишүүн юм яриад байдаг, гэтэл Ц.Баярсайхан, X.Бадамсүрэн нар хүний урманд ам нээхгүй байна. Амаа ингэж үдүүлснийг бодоход нэлээд авлига авсан болж таарч байгаа юм. Зүй нь монголчуудынхаа, тэр дундаа говийнхны том эрх ашгийн төлөө тэд дуугүй суух эрхгүй хүмүүс шүү дээ.
Энэ хоёр өнөөдөр Өмнөговь аймгийнхаа хөгжилд ямар ахиц гаргав, —томоохон ямар ажил хийв гээд бодоод үзтэл өөдтэй юм харагдахгүй байна. УИХ-аас батлаад өгсөн өнөөх нэг тэрбум төгрөгөөр тэд юу хийв. Энэ мөнгөнөөс хэдийг нь эрчим хүчээ сайжруулахад зориулав. Эрхэм хоёр гишүүнээс өмнөговьчууд бид ийнхүү асуух цаг нь болжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог толгойлж байсны хувьд Ц.Баярсайхан их ажил амжуулах боломжтой байсан. Даанч гавьтай юм огт хийсэнгүй. Мөрийтэй тоглоомоор л цагийг өнгөрөөж, бүр байтлаа Төрийн ордон дахь албан өрөөндөө компьютер дээр покер тоглоод сууж байдаг гэсэн. Томоохон авлига авч түүнийгээ покер тоглоомын газарт цацдаг юм биш байгаа гэж хүртэл хардахад хүрч байна. Өмнөговьчууд тэднийг сайн хууль боловсруулж батлалцаарай, улс орныхоо хөгжлийг зөв тодорхойлж даацтайхан ажил санаачлан өрнүүлээрэй гэж л УИХ-д сонгосон шүү дээ. Тиймээс ч өмнөговьчууд маань энэ хоёр түшээг л харж байгаа. Ялангуяа Хүрмэнчүүд бүр илүү харж байна. Яагаад гэвэл тэд хоёул тус сумын уугуул. Нарийн яривал мах цусны ах дүүс юм гэнэ лээ. 2008 оны сонгуулиар ах дүүс ялалт байгууллаа гээд нижгэр найр хийж тэмдэглэж байсныг өмнөговьчууд ярьдаг л юм. За, тэр нь ч яая гэхэв. Хүрмэнчүүдээс ийм хоёр хүн төрийн жолоо атгалцаа л биз. Хамгийн гол нь Өмнөговь аймагтаа тэд бодитой ажил хийж, хөгжлийг урагшлуулах хэрэгтэй байна.
Өмнөговь аймагт бүтээн байгуулахаас илүү сүйтгэж байна
Аймгийн маань ихэнх газар нутаг ашигт малтмалын лиценз болоод дууслаа. Байгаль орчин сүйдэж эхэллээ. Өдөр шөнөгүй 100 тоннын даацтай ачааны машинаар нүүрс тээвэрлэсээр газрыг орвонгоор нь эргүүлж байна. Тавантолгой, Оюутолгой аль нь ч ялгаа алга. Бүтээхийн хажуугаар асар их дээр сүйтгэж байна. Ан амьтан ч нэн ховорджээ. Үнэндээ төр, засгийн бодлого энд маш ихээр дутагдахын хажуугаар нутгаа гэх түшээдийн сэтгэл бүр их дутаж байна. Ийм төрийн түшээд манай их говиос төрж гарсан нь бас тун харамсалтай байна.
Аймгийн хөгжилд газрын доорх баялгаас гадна газрын дээрх баялаг, ялангуяа хүний хөгжил үгүйлэгдсэн хэвээр байгаа нь хэн ч маргахгүй бодит үнэн. Баялгаа харамгүй хайрласан өмнийн их говь минь эцсийн дүндээ хүн ардынхаа хөгжилд ач тусаа хүртээнэ гэж найдаад суух нь учир дутагдалтай. Хүний хөгжилд зөв онолоор хандах, сүйтгэл, бүтээл хоёрын ялгааг ончтой тогтоож ажиллах нь хамгаас чухал болж байна. Сүйтгэлд хүмүүс бид өөрсдөө буруутай. Суудлаа олохгүй дарга нар үүний дотор УИХ-ын эрхэм гишүүн X.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар бүр ч их буруутай. Иймээс УИХ-д өмнөговьчуудыг төлөөлөн суугаа сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй эрхэм хоёроос төрөлх нутгаа өмөөрмөөр байгаа юм. Сонгогч олон тэднээс юу хийв гэдгийг нь асуух эрхтэй, мөн хийгээгүй ажлынх нь төлөөсөнд хариуцлага тооцох ч учиртай тул ийнхүү бичиж байна. Өмнөговийн газар нутгаас хэдэн хувь нь лиценз нэрээр харийнханд худалдагдав. Мазаалай, бөхөн, аргал угалз, янгирын сүрэг урьдынхаараа байж чадахгүй болсныг хэн хариуцах вэ, Өмнийн сайхан говь минь ухагдан сэглэгдэж, байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учирч байхад эрхэм гишүүд та нар юу бодож байна. Энд төрийн бодлого, хяналт байна уу. Бодлого тодорхойлох, түүнийгээ хуульчлах, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй УИХ-ын гишүүдээс их зүйл шалтгаалах ёстой. Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан хоёр үнэхээр энэ нутгаас сонгогдсон л юм бол энэ бүхний талаар арай өөр дуу хоолойтой байх байлаа. Гэтэл энэ хоёроос даанч олигтой авиа гарахгүй байна. Намчирхаж, улстөржихөөс цаашгүй тэд нутгийнхаа төлөө гаргасан иргэдийн санаачилгыг огт дэмжихгүй байгаа нь ч бас хачирхалтай.
Х.Бадамсүрэн нутгийнхаа урлаг, спортын сайчуудад автомашин, морь, мөнгө гээд их л юм амладаг. Угийн амлаж сурсан зангаараа сум бүхэнд амласан юмтай. Гэвч тэр бүгдийгээ огт өгдөггүй болохоор нь нутгийнхан түүнийг “Хулхи Бадмаа” хэмээн өргөмжлөөд байгааг мэддэг болов уу.
Тиймээс “Говийн ургах нар” ТББ-аас Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нарын сонгуулийн амлалт, тэдгээрийн биелэлт ямархуу байгаа болон төсвөөс олгосон тэрбум төгрөгийн зарцуулалтын тайлан зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг бүрчлэн дэлгэрэнгүй нийтлэх шаардлагатай гэж үзэж байна. Ашигт малтмалын төлөө хэт улайрч, цианит натриар хордсон зэрэмдэг хүүхэд дахиад бүү төрөөсэй. Бас нинжа нарын асуудал, тэдний алтны төлөө хэрхэн амь амьдралаа золиослож байгааг та бүхэн очиж харсан уу” хэмээн захиж, асууж буйг энэ ялдамд дамжуулж байна.
Цаашдаа “Говийн ургах нар” ТББ нь өмнөговьчуудын үзэл санааны чөлөөт индэр байх болно. Тус байгууллагаас өмнөговьчуудынхаа хөгжлийн тулгамдсан олон асуудлыг дэс дараалан хөндөж, төр засгийнхан болон жинхэнэ ажил үүргийг нь хариуцсан хүмүүсийн амлалт, ажил хоёр хэрхэн биелж, нутгийн маань хөгжилд ямархуу хувь нэмэр оруулж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллана.
“Говийн ургах нар” ТББ
URL:




