Баялгийн эзэд “балрах” нь шударга явдал уу

Ойрын ирээдүйд монгол улс уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан эдийн засгаас өндөр технологитой, байгалийн баялгаа зөв ашигласан экологид ээлтэй бүтээгдэхүүн болоод оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ногоон эдийн засагтай улс орон болох зорилтыг тавьж байна. Монгол орны томоохон баялаг бол байгаль орчин өөрөө юм. Нөгөө талаар манай орны хувьд хүн ам цөөнтэй болохоор хөдөлмөрийн багтаамж ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэрхшээлтэй. Иймээс цаашдаа байгаль экологид аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд төрийн болон шинжлэх ухааныбайгууллагууд бодлогоо энэ зүгт чиглүүлж байгаа билээ. Ингэхийн тулд эх орныхоо баялаг болсон хүрэн нүүрсийг шингэрсэн давхаргад шатааж цэвэршүүлэх, экологийн цэвэр технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Нөгөө талаар манай орон газрын хэвлийн баялгийг боловсруулах ажлын хүрээнд одоохондоо өндөр түвшинд хүрээгүй байгаа билээ. Төр засгийн алсын хараагүй, зөвхөн ойрын ашиг сонирхлоо бодсон төдийхөн явцгүй бодлогын уршгаар Монгол орны байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн амьтан ургамал, тэдгээрийн оршин амьдрах таатай нөхцөл, байгалийн унаган төрх өдрөөс өдөрт үгүй болж дахин сэрж сэргэхгүйгээр гай гамшиг учрахад хүрээд байна.

Уул уурхайн ашиглалт нь хаягдал тоос, тоосонцрыг ихээр бий болгож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон нь экологийн сүйрлийн харангыг дэлдэж эхэллээ. “Хүн байгаль дэлхий руу буугаар буудвал байгаль дэлхий өөдөөс чинь их буугаар буудна” хэмээх байгалийн хуулийг илэрхийлсэн үг байдагсан. Энэ үгийн илрэл болсон тод жишээ Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн уурхайд нүүрлээд байна. Тавантолгойн дараа орох хэмжээний нүүрсний нөөц бүхий уг орд газрын хувь заяа гадны компаниудын “халаасанд” хадгалагдаж явсаар сүүлийн үед эмгэнэлийн уурхай болж эхэллээ. Тус уурхайг түшин 500 орчим хүмүүс амьдрах ба тэдний эрүүл, тохьтой орчинд амьдрах Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд 8 жилийг өнгөрүүлж байна. Хөшөөтийн бяцхан тосгон нэртэй хэдэн модон байшин, хэдэн гэрт амьдрах иргэдийн идээшиж дассан газар шороо нэгэнт гадны хүний мэдэлд оржээ. Тэнд одоогоор нүүрс олборлолтын ажил ид явагдаж байна. Тосгоны иргэдийн 30 гаруй хүүхэд багачууд хүүхдийн цэцэрлэг нэртэй “тоосонцрын балгасанд” байж, иргэд нь 24 цагийн турш нүүрсний тоос, тоосонцроор амьсгалж, хоолтойгоо хамт нүүрсний тортог залгиж байна.

Бид цэцэрлэгийн багштай уулзахад : “Ядахдаа энэ хэдэн хүүхэд багачуудыг маань аварч өгөөч” гэж уйлан гуйж байлаа. Үүнийг сонсоод даанч дээ, бид чинь эх орондоо байж ингэж ч амьдрах гэж дээ гэсэн бодол төрж байснаа нуух юун.

Түүнчлэн эл уурхайд амьдарч байгаа иргэдийн хувьд амьсгалын замын өвчнөөр нялх балчраас эхлээд настайчууд өвчлөх болсон нь өдрөөс өдөрт нэмэгджээ. Гэтэл уурхайн удирдлагууд нь уурхайн тоос тоосонцроос зугтан 3-4 км газарт камп бариулан байрлаж байгаа гэнэ. Төрийн эрх баригчдад мөнгө л олж байвал эх нутгийн байгаль сүйдэх, хүн ардын эрүүл мэнд хохирох нь хамаагүй болсон “цөвүүн цаг” гэдэг энэ юм болов уу.

Элгээрээ хэвтсэн хэсэг хүмүүс аргаа барахын эрхэнд нүүрсний тоосоор “амьсгалж” өдөр хоног өнгөрөөж байгаа нь ёстой л нөгөө шүлэг зохиолд гардагчлан Монголын эмгэнэл гэлтэй. Уурхайн тосгоныг нүүлгэнэ гэж сүүлийн хэдэн жил ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэсэн зүйл алга.

Уурхайн их тоосжилттой орчинд монгол хүн, гадныхны өлмий доор бөхөлзөж өдөр хоногийг өнгөрүүлж байгааг уугуул иргэдийн хохь гээд орхих уу? Урагшгүй төр засгийн харалган бодлоготой холбож ойлгох уу.
Харин 2012 оны эхээр нутгийн иргэдийн шахалтаар уурхайн тосгонг нүүлгэн, экологийн цэвэр орчинд Цэцэг сумаас 20 орчим км газарт суурьшуулахаар Аймгийн ИТХ-ын шийдвэр гарсан боловч уурхайн удирдлагууд нүдэн балай чихэн дүлий хэвээрээ зуны эхэн сарыг угтжээ. Дам сонсвол Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаагаа явуулдаг компани тосгоны айлуудыг нүүлгэн шилжүүлж, суурьшуулах асуудлыг шийдэхэд үүсэх газар нутгийн нөхөн олговор, нүүлгэх зардлыг төлөхөөс татгалзаж байгаа сурагтай гэнэ. “Алтыг нь аваад авдрыг нь хаях” гэдэгчлэн ийм байдлаар хандаж болохгүй гэдгийг хүйтэн цэвдэг сэтгэлтэй, дотор газрын хүмүүст хандаж хэлэх нь зүйтэй байх.

“Ядаж байхад яр” гэгчээр бас болоогүй нүүх суухаа болохоор эндээсээ холдохгүй гэж тас гүрийгээд байгаа харалган бодолтой ганц хоёр хүмүүс энд байгааг нутгийнхан хэлж байна билээ.

Ямартай ч Хөшөөт тосгоны иргэд амьжиргаандаа нэмэр болох хэдэн төгрөгөө бодон уурхайн тоосоор амьсгалан ганьхарч сууцгаана. Уурхайд Монгол төрийн шийдвэр гаргах түвшний олон хүмүүс очдог ч , иргэдийн эрх ашгийг илэрхийлсэн ямар нэгэн дорвитой шийдвэр гаргалгүй буцдагийг хүмүүс гомдлон ярьж байна лээ. Хэдэн жилийн өмнө, өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж гэгч, Хөшөөтийг стратегийн ордод оруулахаар хөөцөлдөж, тэмцэж байсан Н.Хүрэлсүхэд хандан “хүү минь битгий цодгоноод байгаарай ах чинь наад уурхайг чинь 7 хоногийн дотор стратегийн ордонд оруулаад өгье” гэж амлаж байсан ч харамсалтай нь хуурсан гэнэ. Дараагаар нь Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарт хандсан ч шийднэ гэсэн үг хэлэхээс хэтрээгүй гэлцэнэ.

Арга ч үгүй юм байх даа, “дээдсүүдийн” хувьд Хөшөөтийн уурхайн “халаас” нэг байдаг гэлцдэг нь үнэн юм байх даа. 2011 онд УИХ-н гишүүн Н.Ганбямба ийм уурхай байдгийг одоо л мэдэж байна гэж хээв нэг ярьж суусан гэдэг. Хөшөөтийн тухай улс орон даяар ярьж хэлцээд байхад энэ эрхэм олж мэдээгүйг бодоход нэг бол мань эр хэвлэл мэдээллээс их хол хүн байх нь, нөгөө бол эл уурхайтай “халаас” нэгтэй эрхмүүдийн нэг болж таарах гээд байгаа юм.

Хөшөөтийн уурхайн үйлдвэрлэлийн тоос, тоосонцроос тосгоны 500 орчим иргэнийг “аварч”, эрүүл орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх вэ, Мөн энд үүсэж байгаа байгаль экологийн “сүйрлийг” хэрхэн зохицуулах вэ?

Эл асуудлын хүрээнд Монгол улсын Засгийн газар, ЭБЭХЯ, БОЯ, ЭМЯ болон МХЕГ-ынхан дор бүрнээ эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэлээр хандаж, ажлаа хариуцлагатай хийх шаардлага тулгарч байна.

Эх орныхоо баялгийн эзэд нь эрүүл биш орчинд амьдрах нь “ариун явдал уу” эрхэм төрийн түшээдээ.

Ж.Баттулга
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих