Авлигач гэгдэх Засаг дарга нар УИХ-д өрсөлдөх үү
МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Тус намынхан Бага хурлаараа өнөө жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг тодруулах учиртай. Эдгээр нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн аймгийн Засаг дарга нарын нэр дуулдаж буй. Гэхдээ МАН-ын гэх тодотголтой аймгийн Засаг дарга нар 2012 он гарсаар авлигын гэх хэрэгт холбогдож намынхаа нэр хүндэд нэлээд сэв суулгасан. Тухайлбал Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан нар авлигын хэргээр “аавын хаалга” татаад байгаа. Үүний араас Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Болд нар мөн энэ зүйчлэлээр хуулийнханд шалгуулж байгаа. Шүүх хурал болох тов нь гарч бараг зүйлчлэгдэх шатандаа яваа гэж болно. Энэ мэтээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-аас тодорхойлогдож аймгуудын Засаг даргаар ажилласан хүмүүсийн авлигын хэрэг үргэлжилсээр.
Гэтэл нутаг усандаа төдийгүй олон түмэнд авлигачаараа дуудагддаг тус намын аймгийн Засаг дарга нар өнөө жил УИХ-д сонгогдохоор зэхэж байна. Тухайлбал Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа ирэх сонгуульд хүч үзэхээр нэлээд шаргуу зүтгэж байгаа юм байна. Тэрээр УИХ-д нэр дэвших эрхээ өвөртлөхөөр намынхаа Бага хурлын шийдвэрийг хүлээж байгаа гэх. Энэ хүн ч олон түмний дунд авлигач гэж хочлуулдгаараа алдартай нэгэн. Түүнийг авлигын эерэг хуулийн 152 дахь заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Учир нь тэрээр Ховд аймгийн сөрөг намынхаа эрх мэдэл бүхий нэгний компанид их хэмжээний мөнгө нийлүүлсэн гэдэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэсэн. Тэгэхээр өнөө жил МАН-аас авлигачаараа цоллуулдаг хэд хэдэн аймгийн Засаг дарга нэр дэвшиж магадгүй байна. Ийм хүмүүс УИХ-д сонгогдвол юу болох вэ. Хэрхэхийг тус намын Бага хурлын өнөөдрийн шийдвэр харуулна.
МАН-аас дэвшихийг горилсон засаг ноёд өчигдөржин ХХААХҮ-ийн яамны үүдийг сахисан сурагтай. Учир нь өчигдөр МАН-ын гэх тодотголтой аймгийн Засаг дарга нар тус яаман дээр дуудагдаж багагүй хор найруулах ажлыг зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Бодвол энэ ажлыг намынх нь удирдлагууд зохион байгуулж ажилласан биз ээ.
Л.ТӨР
URL:





