Сангийн яамныхан толгойн өвчинд автлаа

Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хэрэгжилт ирэх сарын 15-наас эхэлнэ.

Тиймээс үүнээс урьтаж хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах үүрэг холбогдох албаныханд ногдоод байгаа.

Нийслэлийн агаарын чанарын алба өнгөрсөн амралтын өдөр ажлын хэсэг байгуулж, хязгаарлалтын бүс тогтоох төслийг урьдчилсан байдлаар гаргажээ. Тэд хоёр хувилбар бэлтгэсэн байна. Төрийн ордонд өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан уулзалтаар дээрх хувилбарыг танилцуулсан юм.

Эхний хувилбараар Улаанбаатар хотын төвийн хэсэг буюу Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 20 мянган өрхийг түүхий нүүрс түлэхийг хориглох юм байна. Үүнд 85 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Дээрх мөнгөөр хязгаарлалтын бүсэд хамаарах өрхийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх, цахилгааны эх үүсвэрээр халдаг шалны халаагуур, газ, боловсруулсан коксон болон үртсэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, түлшний үнийн зөрүү зэрэгт зарцуулах аж.

Жишээ нь, тухай өрх жилд 150 мянган төгрөгөөр түлш худалдан авдаг гэвэл 50 мянган төгрөгийг нь улсаас татаас хэлбэрээр өгөх юм байна.

Нөгөө хувилбар нь 30 мянган өрхийн түүхий нүүрсний хэрэглээг орлуулах бүтээгдэхүүнээр хангах. Үүний тулд боловсруулсан буюу коксжсон түлш их хэмжээгээр хэрэгтэй юм. Гэхдээ коксжсон түлшний үйлдвэрүүдийн зарим нь ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна.

“MCS холдинг” компани жилд 100 мянган тонн хүрэн нүүрсийг газжуулаад хийн хэлбэрт оруулан нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ үйлдвэр ашиглалтад орвол хязгаарлалтын бүсийн гэр хорооллын хүрээ тэлэгдэх юм. Мөн Дархан-Уул аймгийн “Нако” болон Шарын голын хагас коксжуулах түлшний үйлдвэрийн ашиглалтад орохыг хүлээж байгаа аж. Үүнээс гадна Дорноговь аймагт “Элдэв”-ийн уурхайг түшиглэсэн жилдээ 75 мянган тонн түүхий нүүрс боловсруулах үйлдвэр баригдах юм байна.

Мянганы сорилтын сангаас дөрвөн тэрбум төгрөг зарцуулж 60 мянган ширхэг турк зуух оруулж ирэхээр төлөвлөжээ. Одоогоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчны яам, хотын удирдлагуудын хүрээнд яригдаж байгаа аж.

Зуух бүрэн шаталттай тул түүхий нүүрс түлсэн ч хортой бодис ялгаруулахгүй юм байна. Зуухыг иргэдийн амьжиргааны түвшнийг харгалзан хөнгөлөлттэй үнээр өгөх талаар хэлэлцэж байгаа ч тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Зуухыг эхний удаад 100 хувь үнэгүй өгөх болон үнийн гуравны нэгийг өөрсдөөр нь төлүүлэх зэрэг олон хувилбарыг судалж байгаа аж. Аль болох хямд үнээр иргэдэд өгөхийг бодно гэж Агаарын чанарын албаны дарга Д.Мөнхцог танилцуулгын үеэр хэлсэн юм.

Улаанбаатар хотыг барилгажуулахад энэ онд нийслэлийн төсөвт 20 тэрбум төгрөг баталсан байна. Дээрх хөрөнгө VII хорооллын барилгын инженерийн шугам сүлжээ тавих, газар чөлөөлөхөд зарцуулагдах гэнэ. Барилгажих хэсэгт 300 өрх байгаа аж. Тэдгээр өрхийг түр байрлуулах байрыг энэ ондоо багтаан хоёр дүүрэгт барихаар болсон байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлагатай болно. Одоогоор төсөвт тодотгол хийх тухай яригдаагүй тухай энэ үеэр талууд хэлсэн.

Энэ оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.9 хувьд хүрснийг талууд хэлж, төсвийн зохицуулалтыг сайн хийхийг чухалчилсан. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга И.Алтангэрэл шаардагдах 85 тэрбум төгрөгийн эх үүсвэр бодитой эсэхийг шалгах үүргийг Сангийн яамныханд өглөө.

Мөн хөрөнгийг асуудлыг шийдэх ёстой тул Сангийн яамыг мөнгө олох ёстойг хэлж байв. Хэрэв мөнгө олохгүй бол цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж, бодлого боловсруулаад хэрэгжүүлэх болоход хөрөнгөгүй гацдаг жишгийг дагах эрсдэл бийг онцолсон. Үүнээс харахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотгол хийх гаргах “хориотой” тул өөр эх үүсвэр олох нь Сангийн яамны толгойны өвчин боллоо.

Б.Мягмансанж

“Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих