“Korean Air” монополь эрх эдэлж, нислэгийн тарифыг хөөрөгдөж байна

БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос Улаанбаатар-Инчон-Улаан­баатар чиглэлд нислэг үйлддэг “Korean Air” компанийн үйл ажиллагаанд хориг тавих гэж байгаа талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд шуугих болжээ. Учир нь сүүлийн 10 гаруй жилийн турш энэхүү чиглэлд Солонгосын талаас “Korean Air”, Монголоос “МИАТ” компани нислэг үйлдэж байгаа бөгөөд тариф өндөр, суудлын хүртээмж бага, үйлчилгээ тааруу зэрэг гомдол үйлчлүүлэгчдээс гарах нь олон болсон. Гэхдээ үүнийг шийдвэрлэх арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн юм.

БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооны мэдэгдлээс үзэхэд “Korean Air” компанийн үйл ажиллагаанд хориг тавьж, торгуул ногдуулах ёстой. Үүнийг нэн даруй шийдвэрлэнэ гэсэн байв. Ингэж үзэх нь үндэстэй аж. Тодруулбал, тус хорооноос өнгөрсөн оны нэгдүгээр сараас “Korean Air”-ийн Улаанбаатар-Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгт нарийн судалгаа хийсний үндсэнд ийм шийдвэр гаргасан байна.

Шударга өрсөлдөөний хорооны мэдэгдэлд “Хорооны бүх гишүүний хурлаар өндөр торгуул ногдуулах нь гарцаагүй гэж үзэж байна. Тиймээс энэ хурлаар торгуул ногдуулна гэхээс илүү торгуулын хэмжээг ярилцах байх” гэжээ.

Монгол, БНСУ-ын агаарын харилцааны өнөөгийн байдлыг тодрууллаа. Одоогоор Инчон-Улаанбаатарын чиглэлд хоёр улсаас тус бүр нэг компани нислэг үйлдэж байгаа. Өөрөөр хэлбэл “Монголын Засгийн газраас өөрийн талын эрх ашгийг хамгаалах үүднээс хоёр улсаас тус бүр нэг компанид нислэг үйлдэхийг зөвшөөрнө гэсэн нь сүүлийн 13 жилийн турш агаарын тээвэрт монополь үүсэх нөхцөлийг бий болголоо” гэж Шударга өрсөлдөөний хороо үзжээ.

Тиймээс “БНСУ-ын Шударга өрсөл­дөөний хорооноос торгуул ногдуул­сан ч өнөөгийн тогтолцоог солих боломжгүй байх магадлалтай. Монголын Засгийн газар манай шийдвэрийг хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаална. Хамгийн гол нь Монголын талаас байр сууриа өөрчлөх талаар ямар нэг зүйл яриагүй байна. Ирэх сарын сүүлээр албан ёсны зөвшилцөл явуулах тойм гарах болов уу” гэсэн аж.

Инчон-Улаанбаатарын чиглэлд 1990 оноос хойш нислэг үйлдэж байгаа бөгөөд зөвхөн 2011 онд 280 мянган хүн зорчжээ. Нислэгийн замын нийт урт 2030 км. Гэтэл энэ нь ойролцоо зайтай Инчон-Хонгконг, Инчон-Гуанжу чиглэлийн нислэгийн тарифаас 25 хувиар өндөр үнэтэй байдаг аж.

Өөрөөр хэлбэл “Korean Air” ком­пани монополь эрх тогтоосон тул зорчигчид бусдаас өндөр үнэ төлөхөөс өөр аргагүй байдаг юм байна. Хамгийн гол нь энэ чиглэлд нисэхээр тасалбар авах гэсэн хүн бүр суудлын олдоц муу гэх хариулттай тулгардаг. Гэтэл “Korean Air” компани жил бүр нислэгийн улиралд 10 удаа хуваарьт нислэг үйлддэг аж. Харин “МИАТ” компани зургаагаас наймдугаар сард 50 гаруй хуваарьт болон нэмэлт нислэг үйлддэг. Үүнээс харахад “Korean Air” харилцаагаа хадгалахын тулд зориуд ийм арга хэрэглэдэг байх талтай гэж Шударга өрсөлдөөний хороо үзжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих