УИХ-д орох гэж банк дампууруулсан Б.Гарамгайбаатар Хэнтийнхнээр дахин тохуурхав
Монголын авто замын салбарыг эзэгнэж, замын тендерээс хэдэн тэрбумаар нь цохидог цөөхөн хэдэн баячуудын нэг бол “Монроуд”-ын захирал Б.Гарамгайбаатар. Авто замчдын холбоо гэх төрийн бус байгууллага байгуулж, түүгээрээ мөнгө угааж суудаг хэсэг хүмүүсийг толгойлдог нөхөр нь “Монроуд”-ын захирал Б.Гарамгайбаатар.
Гэтэл ашигтай гэсэн бүхнийг хувьдаа шингээхийн төлөө төрсөн нөхөд энэ жилийн нэр дэшигчдийн дийлэнхийг эзэлж байгаа нь харамсалтай. “Нэр дэвших боловсролтой, мэдлэгтэй, эх орноо гэх сэтгэлтэй боловсон хүчин дутагдсан биш очиж очиж Б.Гарамгайбаатар байхдаа яадаг юм бэ” хэмээн хэнтийчүүд гоморхож байна лээ.
Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд мөн л Хэнтий аймагт үзээд хүчрээгүй. Хэнтийчүүд энэ хүнд итгэл үзүүлээгүй. Итгэл үзүүлэхийг хүсээгүй гэсэн үг л дээ. Хэрэв Б.Гарамгайбаатарыг нутаг орныг нь хөгжүүлж чадна гэж итгэсэн бол дөрвөн жилийн өмнө парламентад сонгочих байлаа.
“Анод” банкнаас олон тэрбум төгрөг авч, 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан гэдэг ч энэ нь амжилт олоогүй. Товхондоо Б.Гарамгайбаатар “Анод”-ыг дампууруулж, олон зуун хадгаламж эзэмшигчийг хохирооход гол нөлөө үзүүлсэн арчаагүй бизнесмэнүүдийн нэг. Авсан зээлээ төлж чадалгүй луу унжиж явсаар “Анод” банкийг сөхрүүлсэн гэдгийг хэнтийчүүд байтугай монголчууд андахгүй.
Тодруулбал, Б.Гарамгайбаатар “Анод” банкнаас “Монроуд”, “Ар Пи Эм”, “Дээд цэг”, “Улбаа” гэх дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан байдаг. Харин “Ар Пи Эм” ХХК нь хоёр ч удаа зээл авсан байдаг аж. Тухайлбал, 2007 оны есдүгээр сарын 13-нд нэг тэрбум 349 саяын зээл, мөн ондоо 400 сая төгрөгийн зээл авсан байдаг аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн зээлтэй байв.
Гэвч тэрбээр энэхүү зээлээ төлж барагдуулалгүй байсаар “Анод” банкийг сөхрүүлсэн. Улмаар банк дампуурсны дараа хяналт шалгалтын комиссынхон Б.Гарамгайбаатарын зээлийг эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулж байв. Түүний “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургаадугаар сард гарсан байсан нь Б.Гарамгайбаатарыг “Анод”-ын мөнгөөр сонгуульд өрсөлдсөн гэх хардлагыг улам гүнзгийрүүлсэн юм. Харин төмөр, бетон гүүрний ажил гүйцэтгэдэг “Улбаа” компанийг “Монроуд” буюу Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, охин компаниа болгож байжээ.
Ийнхүү “Анод”-ын дампууралд “үнэтэй хувь нэмэр” оруулсан АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар дахин сонгуульд хүч үзэж байна. Энэ удаа хэний мөнгөөр, ямар хөрөнгөөр сонгуулийнхаа сурталчилгааг хийж байгаа бол.
17 тэрбум төгрөг сэмхэн зохицуулчихаад шоронд оролгүй үлдсэн түүнийг нам нь аварсан гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ. Ямартай ч “Монроуд” гэх компаниа аврахын тулд бүхэл бүтэн банк дампууруулчихсан Б.Гарамгайбаатар мэтийн нөхөд улстөрд орвол Монголын эдийн засгийг яаж самрах нь ойлгомжтой биз ээ.
Бид дараагийн удаа Б.Гарамгайбаатар “Анод”-оос ямар аргаар зээл авсан болон холбогдож байсан хууль бус үйлдлүүдийнх нь талаар мэдээлэх болно.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL:













